АСЕМ-ИЙН ҮЕЭР ХЭРЭГЛЭСЭН АВТОБУСНААС ГУРАВ НЬ АЛГА БОЛЧИХЛОО

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:
-Хөгжлийн компанийн охин компани болох “Ди Би Эм” лизингээс олгосон санхүүгийн түрээс түүний үр дүн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар шинжээчдийн дүгнэлт сонсгоно. Эхний асуудал АСЕМ-ийн автобусны түрээсийг хэлэлцье.
-Гэрчээр дуудагдсан Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Сангийн яамны надад өгсөн хариуг уншиж өгье. АСЕМ бол 2016 онд болсон. Засгийн газар, Хөгжлийн банк хооронд байгуулсан 5.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдсан улс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд 43 автобус нийлүүлэгдэж 2016 онд болсон АСЕМ-ийн үйл ажиллагаанд ашиглагдсан. Дээрх автобус нь хот дотор нийтийн тээвэрт ашиглагдах боломжгүй бөгөөд хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаанд ашиглагдах боломжтой. Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 67 дугаар тушаалаар төслийн хүрээнд нийлүүлэгдсэн 43 автобусыг дамжуулан зээлдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, энэ ажлын хэсгийг ЗТЯ-ны ТНБД байгуулсан бөгөөд энэ ажлын хэсгийн зүгээс автобус авах аж ахуй нэгжид тавигдах шаардлага зээлийн нөхцөлийг боловсруулан Сангийн яаманд ирүүлсэн байдаг. Төслийг дамжуулан байгуулах гэрээг эхлээд ЗТЯ-д хүргүүлсэн боловч Солонгосын Экзим банкнаас авсан гэрээг Сангийн яам, ЗТЯ-тай гэрээ байгуулъя гэсэн боловч тус яамны зүгээс арилжааны банктай гэрээ байгуулах нь зүйтэй байна гэсэн. Дараа нь АТҮТ-тэй гэрээ байгуулах саналыг хүргүүлсэн. Ажлын хэсэг тус зээлийг арилжааны банкаар дамжуулан 12 жилийн хугацаатай жилийн 4.5 хувийн хүүтэйгээр тодорхойлон Сангийн яаманд ирүүлсэн боловч тэрхүү нөхцөл нь гадаадын хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журмын заалтуудтай нийцэхгүй байсан тул Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүсгэсэн.
-Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:
–АСЕМ-д олон автобус орж ирсэн. Энэ автобус хаана байгааг хүмүүс асуудаг. 19 автобусыг төрийн байгуулагад өгсөн бол 21-ийг нь хувийн хэвшилд лизингээр өгсөн. Одоо болтол төлбөр дуусаагүй байгаа. Гурван автобус олдохгүй байгаа. Үнэлгээ буруу тогтоосон гэдэг үндэслэлийг тавьж байна. АСЕМ-д хоёр долоо хоног ашигласан. Шинээрээ байсан автобус. 14 хоногийн элэгдэл яагаад 44 сая төгрөгөөр нэг автобусанд буурч үнэлгээ тогтоочих оо. Улсын төсөвт алдагдал болж бичигдээд байгаа.
-Гэрчээр дуудагдсан Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-2016 оны автобус гэж байгаа. Гурван автобус алга болсон гэж байна. Яаралтай эзэнжүүлэх нь зөв зүйтэй алхам. Дахиад хоёр жил гэрээ байгуулахгүй явчихаж байна.
-УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Хөгжлийн банкныхнаас асууя. “Ди Би Эм” лизинг одоо ажиллаж байгаа юу. Миний ойлгож байгаагаар гаалийн татваргүй авсан байгаа даа. Татваргүй гэдэг чинь үнийн хувьд давуу талтай. Цаашаа дамжуулахдаа үнэ хямдарсан байна гэх нь зүй ёсны асуудал. Татварын асуултад хариулт өгөөрэй.
“Ди Би Эм” лизингийн гүйцэтгэх захирал:
-Миний сонсч байснаар гурван автобусыг төрийн байгууллагуудад Засгийн газраас олгосон гэсэн тиймэрхүү мэдээлэл сонсч байлаа. Манайх 43 автобусыг Сангийн яам, ЗТЯ, Чингис хаан банктай дөрвөлсөн гэрээ байгуулсан. Ашиглагдахгүй нэлээн удсан. 40 автобусыг түрээслэгч нарт хуулийн дагуу түрээсэлсэн.