Г.ЁНДОН: ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ ОЛОН ЖИЛ ГАЦСАН ШИГ ҮЛ ОЙЛГОЛЦОЛ ЦАГААНДЭЛ УУЛ БООМТОД ДАВТАГДАХВИЙ ГЭСЭН БОЛГООМЖЛОЛ БАЙНА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Энэ жил хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй сонгон шалгаруулалтаар олгохоор журмыг шинэчлэн цахим болголоо. Гэвч Засгийн газрын тавдугаар сарын 31-ний хурлаар энэ ажлыг түр хойшлуулчихлаа. Хайгуулын 350-400 лиценз олгохоор зарлахаасаа өмнө хэр зэрэг судалсан бэ. Үнэхээр иргэдийн амьдрах орон зайд нөлөөлөх хэмжээнд байгаа хэрэг үү. Ер нь, хэчнээн компани ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүлээлттэй байгаа юм бэ?

-Уул уурхайн яамны хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгодог. 2000-аад оны эхэн үед жилд 2000 гаран хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож байсан тохиолдол бий. Үүнээс хойш энэ тоо илт буурсан. Дагаад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт ч буурсан. Уг нь, геологи хайгуулын ажил бол хөрөнгө оруулалт орж ирэх том суваг. Хайгуулын тусгай зөвшөөрлийг гурав, гурван жилээр сунгаад 12 жил хүртэл олгодог. Энэ нь 12 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг талбай тус бүр дээр нээж байна гэсэн үг юм. Хэрэв хайгуулын тусгай зөвшөөрлөөр орд болох нөөц илэрвэл цаашдаа хөрөнгө оруулалт нь үргэлжилдэг. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил сүүлийн арваад жил үндсэндээ зогссон. Аливаа улсын төрийн хар хайрцагны бодлогоор эрдэс баялгийнхаа сан хөмрөг, нөөцийг системтэйгээр, тогтмол нэмэгдүүлж, арвижуулж, урьдчилан харж явдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүнд хэцүү үед эргэлтэд оруулах, дараа дараачийн ашиглах орд, нөөц, үүцээ бэлтгэх хэрэгтэй шүү дээ. Хайгуулын ажлын үе шатнаас ашиглах боломжтой орд болтлоо 15-20 жил шаардагддаг. Зарим нь 30-40 жил болох нь ч бий. Хайгуулын ажил хийгдэхгүй, тасрах юм бол сөрөг үр дагавар нь тодорхой хугацааны дараа гарч ирдэг учраас сүүлийн арваад жил зогссон хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа. Мэдээж, өмнөх шиг жилд 2000 лиценз олгох гээгүй. Энэ жил бид 400 орчим хайгуулын лиценз олгоё гэж төлөвлөсөн. Тооцоод үзвэл, манай улсын газар нутагт маш бага хэмжээний зай эзэлнэ. Өнөөдөр Монгол Улсын нийт газар нутгийн 3.9 хувь нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд хамрагддаг. Монгол Улсын нийт газар нутгийн 76 хувьд нь ямар нэгэн байдлаар геологийн хайгуул хийх, уул уурхайн олборлолт явуулах боломжгүй байдаг юм. Нийт газар нутгийн маань 20 гаруй хувь нь улсын тусгай хамгаалалттай газар, дахиад 20 гаруй хувь нь орон нутгийн тусгай хэрэгцээний газар. Мөн Засгийн газрын нөөцөд байгаа талбай, ойн сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх гээд зөвшөөрдөггүй талбай нь нийт газар нутгийн 76 хувийг хамардаг.

-Уул уурхайн лицензтэй талбай маш их хэмжээгээр нэмэгдэж байна гэх ойлголт байгаа л даа. Та бол 3.9 хувь гэдэг тоо хэллээ?

-Геологи хайгуулын ажлыг идэвхтэй явуулж байсан үед 20 гаруй хувьд хүрсэн тал бий. Тэр үед л Оюутолгой зэрэг томоохон ордуудыг нээсэн юм шүү дээ. Өнөөдөр бол энэ талбай маш бага байгаа. Сүүлийн жилүүдэд тусгай зөвшөөрөл олголтыг нэлээн бууруулсан. Гэхдээ л бидэнд дараагийн Эрдэнэт, Оюутолгой шиг ордуудыг эрж хайж, олох хэрэгцээ шаардлага бий. Манай улсад ийм ордууд дахин олдох боломж бий. Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улс геологийн потенциалын хувьд хөрөнгө оруулах боломжтой бусад улсуудтай харьцуулахад хамгийн өндөр оноо авсан байсан. Уул уурхайн салбараас орж ирж байгаа орлого эдийн засагт хангалттай хэмжээнд хүрэлцэхгүй байгааг бүгд л ярьдаг. Цалин хүрэлцэхгүй байна, орлого муу байна гэдэг. Манай салбар 2021 онд улсын төсвийн нийт орлогын 29.6 хувийг бүрдүүлсэн. Уул уурхай өндөр хөгжсөн зарим улсад 40-50 хүртэлх хувийг бүрдүүлэх нь бий. Салбар маань бусад салбарын хөгжих үндсийг бий болгодог, чирээд явдаг, хөгжүүлдэг, эдийн засгийг солонгоруулах боломжийг олгодог шүү дээ. Тиймээс бидний  хувьд эдийн засгаа тэлэх боломж нь хайгуулын ажлыг эрчимжүүлэх, олборлох салбараа улам хөгжүүлэх, олборлож байгаа бүтээгдэхүүнээ боловсруулж, нэмүү өртөг шингээх, ажлын байрыг ихээр бий болгох, иргэдийнхээ амьжиргааг тэтгэх явдал юм.

-Хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд нээлттэй, ил тод болгоно. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөлд Засгийн газрын зүгээс хатуу шаардлага тавина гэж байсан. Хатуу шаардлага гэдгийг тодруулья?

-1000 илэрлээс нэг л гайгүй орд гардаг гэж ярьдаг. Магадгүй 100 хайгуулын тусгай зөвшөөрлөөс нэг гайгүй ашиглалтын лиценз гарч ирнэ. Хайгуул болгон уурхай болдоггүй. Геологи, уул уурхай хамгийн өндөр эрсдэлтэй бизнес шүү дээ. Хайгуулын ажлыг Монгол Улсад хувийн хөрөнгө оруулалтаар хийдэг. Тиймээс мөнгөө “халааслаад”, эрсдэлээ үүрээд ирж байгаа хөрөнгө оруулагчдыг орон нутгийн зүгээс дэмжээд, хайгуулын ажлыг нь хийлгүүлэх хэрэгтэй. Хайгуулын ажлаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл бараг байхгүй гэж болно. Тухайн орон нутагт, газрын хэвлийдээ баялагтай үгүйгээ мэдээд авах нь чухал.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд төсвийн захирагч, аймаг орон нутгийн удирдлагууд төсвийг зарцуулахаас гадна бүрдүүлэх үүрэг хүлээхээр болсон. Төсөв бүрдүүлэх хамгийн боломжтой хувилбар бол өнөөдрийн байдлаар газрын хэвлий дэх баялаг. Мэдээж орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх үүргийг Ашигт малтмалын тухай хуулийн 12.1 заалтаар маш тодорхой зааж өгсөн.  Иргэд, орон нутагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хянах бүрэн боломж нь бий.

Хайгуулын ажил амжилттай болж, боломжтой нөөц илэрвэл ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохын өмнө тухайн компанид хатуу шаардлага тавихаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж байгаа. Энэ хуулийн төсөл дээр ажлын хэсэг жил хэртэй ажилласан. Эхний төсөл гарсан. Төсөлд ашиглалтын лиценз олгохын өмнө хаалтын төлөвлөгөөг батлуулж, биелэлтийг баталгаажуулах шаардлага тавигдахаар тусгасан. Тэгэхээр нөхөн сэргээх зэрэг хаалтын бүх эрсдэлээ даах хэмжээний  нөөц л орд болно гэсэн үг. Харин нөхөн сэргээлтийн ажлаа гүйцэтгэх чадамжгүй, эрсдэл даахгүй, бага шиг нөөцтэй орд бол уурхай болох боломжгүй. Дээр нь уурхайн хаалтын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх санхүүгийн баталгаатай байх ёстой гэж тусгаж байна. Нэлээн олон лицензэд ашиглалтын лиценз болох нөхцөлийг хаах магадлалтай учраас хуулийн төсөл дээр хаа хаанаа нэлээн нухацтай ажиллана, хэлэлцэнэ, боловсруулна. Дээр нь Ашигт малтмалын тухай хуульд байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) шаардлагуудыг хуульчилж оруулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн ачаа үүргээ даах төслүүд л хэрэгждэг болно гэсэн үг.

-Өнгөрсөн долоо хоногт болсон малчдын жагсаалаас харвал хайгуулын ажлыг нэлээн эсэргүүцэж байсан. Хайгуул бол байгаль орчинд болон малчдын амьдрах орчинд сөрөг нөлөөлөл багатай гэж та хэллээ. Тэгэхээр малчдад энэ талын ойлголт муу байна уу эсвэл хайгуул нэрээр ашиглалтын ажлууд явагдаад байна уу. Нөгөө талаас нь хэн нэгний ашиг сонирхол бүхий турхиралт байна уу?

-Би ямар нэгэн таамаг хэлэхийг хүсэхгүй байна. Энэ хүмүүсийн тавьж байгаа шаардлага нэг талаасаа зайлшгүй бодож үзэх асуудал. Өмнөговь аймагт Ерөнхий сайдын хамт Засгийн газрын есөн сайд ажилласан. Энэ үеэр тус аймгийн Цагаандэл уулын боомт хүртэлх замын асуудлыг иргэд ярихдаа үүнийг дагаад олон лицензүүд амилна гэдэг асуудал тавьсан.

Уул уурхайн салбарт 1990-ээд оны “Алт хөтөлбөр”-ийн үед нөхөн сэргээлттэй холбоотой алдсан зүйл бий. Өмнө нь алдаатай зүйл энэ салбарт байсан гэдгийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ бид орон нутагтаа ээлтэй, тухайн нутгийн иргэдийн дэмжлэгийг авдаг, тэдэнд өгөөжтэй, ажлын байр олноор нь бий болгодог уул уурхайг хөгжүүлэх  шаардлагатай.

Өмнөговьд ажиллаад ирсний дараа буюу тавдугаар сарын 31-нд  хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг анх удаа ил тодоор, цахимаар зарлахаар бэлтгэлээ хангасан байсан. Энэ бол маш чухал асуудал. Манай салбарт муу нэр авч ирсэн лиценз тойрсон наймаа гэх ойлголтоос салья. Тиймээс л хайгуул хийх чадвартай хүмүүст нь лиценз олгоё, нээлттэй, ил тод явуулья гэж бид дүрэм журмаа шинэчилсэн. Цаашдаа ч энэ шинэчлэн баталсан журмаар явна гэдгийг хэлэхийг хүсч байна. Ил тод, шудрага, нээлттэй, цахимаар л явна. Өмнөговьд Засгийн газрын гишүүд ажиллах үеэр яригдсан асуудал, дээр нь иргэд хотод ирж жагсаал хийсэн зэргээс үүдэн асуудлыг илүү нухацтай авч үз гэсэн чиглэлийг өгсөн. Ерөнхий сайдын зүгээс “Хайгуулын тусгай зөвшөөрлийг хэт их олгосноор малчдын амьдрах орчин хязгаарлагдсан, бэлчээр хумигдсан асуудал байна уу, үгүй юу гэдгийг 330 сум тус бүрээр нь гаргаж ир. Ямар суманд хэчнээн лиценз байгаа, нутгийнх нь хэдэн хувийг эзэлж байна гэх зэргийг нарийвчлан гаргаж ир. Үнэхээр малчдын амьдрах орчин хязгаарлагдсан бол наад асуудлаа та бүхэн тодорхой хугацаагаар түдгэлзүүл. Тэгээд иргэдийн ярьж байгаагаар зөрчил гаргасан, үүргээ биелүүлдэггүй зөрчилтэй лицензүүдийг цуцлах асуудлыг ярих хэрэгтэй“ гэсэн үүрэг даалгавар өгсөн.

-Цагаандэл уулын боомт бол Шинэ сэргэлтийн бодлогод туссан ажил. Гэтэл өнөөдөр үр ашигтай, ашиггүй гэсэн яриа гараад ирлээ. Судалгаагүй эхэлсэн хэрэг үү. Жишээ нь, Боомт хүртэлх зам барих шийдвэр нь гараад найман жил болсон байна. Эдийн засгийн үр ашгийг нь хэрхэн харж байгаа юм бэ?

-Боомт эдийн засгийн үр ашиггүй байна гэж хэзээ ч байхгүй. Ямар нэгэн боомт байгуулах, зам тавих зэрэг нь судалгаатай хийсэн, эдийн засгийн өгөөжөө тооцсон гэж бодож байна. Харин жингийн туухай дээр зэрэгцүүлж тавих ёстой нөгөө талын асуудал нь байгаль орчин, тэнд амьдарч байгаа иргэдийн асуудал. Тийм учраас л төр засаг дахин анхаарч, дэнсэлж үзэх хэрэгтэй гэсэн болов уу. Уул уурхайн сайдын хувьд сүүлийн жилүүдэд уул уурхайн баялгийн өгөөж иргэдэд хүрч эхэлсэн гэдгийг энд хэлмээр байна. Айлын хаалга, цонхыг тогшилгүй, шууд өрх бүр, хүн бүрийн амьдралд хүрээд эхэлсэн шүү дээ. Жишээ нь: ковидын хүнд хэцүү цаг үед иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, уур, ус, хогны мөнгийг “Эрдэнэт үйлдвэр” төлсөн, “Эрдэнэс Тавантолгой” сайжруулсан түлшний үнийг 75 хувиар бууруулсан, мөн 1072 хувьцааны ногдол ашгийг анх удаа хуваарилсан, Салхитын мөнгөний ордоос тэтгэврийн зээлийг тэглэсэн, зээл аваагүй ахмадуудад сая хүртэлх төгрөг олгосон,  Оюутолгойгоос 300 мянган төгрөгийг иргэн бүрт олгосон гэх мэтээр ярих юм бол уул уурхайн өгөөж, баялаг тийм хол харагддаг, сансрын зүйл биш, хүртэж болдог зүйл гэдгийг иргэд мэдэрч эхэлсэн. Гэхдээ хүн бүрт энэ ойлголт бас хангалттай хүрч чадаагүй л байх шиг байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зарлахаасаа өмнө манай яам болон АМГТГ хамтраад бүх аймгаар явж, малчид орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Харамсалтай нь, уулзалтын тоо, давтамж бас л хангалттай биш байсан нь иргэдийн жагсаал эсэргүүцлээс харагдаж байна. Тэгэхээр иргэдэд мэдээлэл өгөх уулзалтыг цаашид ч сум, багт хүрч хийж байх хэрэгтэй нь харагдаж байна.

-Та эдийн засгийн өгөөжтэй боомт гэлээ. Өмнөговиос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоо ашиглаж чадаагүй Засгийн газар Цагаандэл уулын боомт байгуулах нь ашигтай төсөл биш гэх утга ярилцлагадаа хэлсэн байсан?

-Яаж ч бодсон зам дагаж экспорт, импортын урсгал, иргэдийн хөдөлгөөн, аялал жуулчлал нэмэгдэнэ. Өнөөдөр импортын бүхий л бүтээгдэхүүн ихэвчлэн Эрээнээр орж ирээд Монголоор тараагддаг. Дамжлага бүртээ зардал нэмэгддэг. Боомтууд нээгдвэл илүү дөт, ачаалал багатай замаар импортын бүтээгдэхүүн орж ирэх боломжтой. Наад зах нь дөт замаар шатахуун авах боломж нээгдэнэ. Жишээ нь, урдаас авдаг шатахуун Замын-Үүд, Эрээнээр л орж ирээд тээвэрлэлтийн явцад өртөг нь нэмэгдээд, тэр нь бусад бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна. Тиймээс боомт нэмэгдсэнээр экспорт, импортын нэмэлт гарц гарах, аялал жуулчлал нэмэгдэнэ гээд эдийн засгийн өгөөжийн хувьд маргах зүйл байхгүй. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтыг ашиглаж чадахгүй байж гэж хэлсэн гэлээ. Сайн ашиглаж байгаа. Монголын нүүрс экспортын 95 хувь нь энэ хоёр боомтоор гардаг. Нүүрсний 55 хувь, зэсийн баяжмалын 50 гаруй хувь нь Гашуунсухайтаар, Шивээхүрэнгийн боомтоор нүүрс экспортын 40 гаруй хувь гарч байна. Наранбаатар гишүүн аймгийн Засаг дарга байсны хувьд төмөр замаа тавьж чадаагүй байна, Цагаанхад дээр нүүрс бөөгнөрсөн, тэнд амьдарч байгаа хүмүүсийн нийгмийн асуудал шийдэгдээгүй байна, хатуу зам тавилгүй нүүрс тээвэрлэх явдал байна гэх зэрэг өнцгөөс харж энэ үгийг хэлсэн байх. Боомт байгуулахын өмнө замаа тавиад, тэнд ажиллах төрийн байгууллагын хүмүүсийн амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэргээр сөрөг үр дагавар гаргахгүй байх ёстой гэдэг талаас нь хэлсэн болов уу гэж бодож байна.

-Цагаандэл уулын боомт  бол хоёр улсын Засгийн газар хооронд 2014 онд хэлэлцээд шийдэгдсэн асуудал гэж ойлгосон. Хятадын тал аль хэдийнэ ажлаа эхэлчихсэн. Гэтэл манай тал дотооддоо учраа олохгүй ажил нь гацаад байгааг та юу гэж харж байна вэ?

-Боомтын асуудлыг сая түдгэлзүүлсэн. Өмнийн говийн хөгжлийн зөвлөл гэдгийг байгуулна. Манай яам, бүх холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд Өмнөговь аймгийн иргэд болон нутгийн захиргааны байгууллагуудаас саналыг нь цуглуулж, Засгийн газрын хуралдаанд оруулна. Хөгжлийн зөвлөл дээр боомтын асуудлыг нарийвчлан ярихаар болсон. Манай улс дотроо ойлголцохгүй асуудлаас болоод Гашуунсухайтын төмөр замын ажил олон жил гацсан. Би бас энэ боомтын асуудлыг олон жилийн маргааны сэдэв болчих вий гэж санаа зовж байгаа. Энэ асуудал дээр иргэд, орон нутаг, төр засаг хамтраад л шийдвэр гаргах ёстой. Хөгжлийн зөвлөл дээр зөв шийдвэр гарах байх. Ямар ч шийдвэр гарсан талууд харилцан ойлголцож хүлээж авах байх гэж харж байгаа.

-Дэлхий нийтээр нүүрснээс татгалзах тухай ярьж байна. Магадгүй 15 жилийн дараа гэхэд түүхий нүүрс импортоор авах орон байхгүй болохыг үгүйсгэхгүй. Энэ бүхнээс үүдэж, боомтод илүү ач холбогдол өгөөд байна уу?

-Шинэ баригдаж байгаа боомт бүхэн ганц нүүрс экспортолно гэвэл өрөөсгөл. Мэдээж импортын олон сувагтай байна гэдэг бидэнд ашигтай. Эрээнд ковид гарснаас болж хаагдахад бид ямар хүнд байдалд орсон билээ. Тиймээс олон гарц хэрэгтэй. Жишээ нь Эрээн, Гашуунсухайт, Шивээхүрэнд асуудал гарлаа гэхэд, магадгүй аль нэг боомтоо ашиглалтад оруулсан байсан бол, орж гарах бараа материалд боломж гарах байсан гэсэн үг. Тэгэхээр боомт бол хэрэгтэй гэдэгт маргаан байхгүй. Гол нь хаана байх вэ, ямар замтай байх вэ гэдэг асуудал чухал. Өмнийн говийн хөгжлийн зөвлөл дээр энэ асуудал нэлээн сайн яригдаж, шийдвэр гарах байх.

-Магадгүй дэлхийд нүүрсний хэрэглээ багасах байх. Тиймээс манай дараагийн уул уурхайн бүтээгдэхүүн юу байх бол. Тухайлбал манай улс газрын ховор элементээр баялаг?

-Дэлхийн нийт нүүрсийг хэрэглээнээс халах хүртэл багагүй хугацаа хэрэгтэй байх. Нүүрсийг хатуу ашигт малтмал хэлбэрээр нь шатаах явдал багасна. Эрчим хүчний нүүрсний хэрэглээ л үе шаттайгаар багасна гэж харж байгаа. Харин коксжих нүүрсний хэрэглээ бол тогтвортой байх болов уу. 2050 он гэхэд гангийн хэрэглээ дэлхийд 1.5 дахин өснө гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр түүнийг дагаад коксжих нүүрсний зах зээл буурахгүй гэсэн үг. Эрчим хүчний нүүрсний хувьд манайх арвин нөөцтэй. Тэгэхээр гүн боловсруулаад бензин, шингэрүүлсэн шатдаг хий, каучук, эм, гоо сайхны бүтээгдэхүүн гээд нүүрснээс 400 гаруй бүтээгдэхүүн гарган авч болдог. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд бид яагаад нүүрс баяжуулах үйлдвэр барих гээд байгаа вэ гэхээр цааш цаашдын боловсруулалтын үе шатанд дөхүүлж, илүү өртөг шинэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж руу зорьж байгаа. Түүнчлэн 2050 он гэхэд зэсийн хэрэглээ 2-3 дахин, газрын ховор элемент 6-7 дахин өсөх тухай олон улсын эдийн засагчдын судалгаа байгаа. Тэгэхээр бидний хувьд энэ чиглэлийн ашигт малтмалыг хайж олох, нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай. Манай улсад газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл дөрөв байдаг. Нөөцийн хувьд хөрөнгө оруулалт татчихаар биш. Гэхдээ ердөө л байгаа нь энэ гэсэн үг биш. Лити, кобальт, никель гээд өндөр технологид шаардлагатай, сэргээгдэх эрчим хүч, ногоон эдийн засгийн чиглэлд шаардлагатай металлуудын орд манай улсад нээгдэх бүрэн боломжтой гэж үздэг. Тэгэхээр хайгуулын ажлаа хийж байж, эдийн засгийн өгөөж өгөх дараагийн ордуудаа хайж олж, илрүүлнэ. Манайд зэсийн томоохон орд байх магадлал өндөр. Би бол дахиад хэд хэдэн Оюу толгой, Эрдэнэт шиг ордыг нээнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Уул уурхайн салбар бол манай эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь. Мэдээж нэлээн хэдэн жилдээ ийм байх нь тодорхой гэж боддог. Гэхдээ иргэд, иргэний хөдөлгөөний эсэргүүцлээс болоод ашиглалт нь эхэлсэн ордыг зогсоож байгаа тохиолдол хэр байгаа вэ?

-Ийм тохиолдол бий. Энэ бол муу жишиг. Гол нь орон нутагт уул уурхайгаас өгөх өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ашигт малтмалын тухай хуулинд АМНАТ-ын 10 хувийг сум, 20 хувийг тухайн аймагт өгнө гэсэн заалт байсан нь байхгүй болсон. Бид үүнийг Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин оруулж ирье гэж байгаа. Монгол Улсын хувьд уул уурхай нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүч мөн гэж байгаа бол иргэд, орон нутгийн дэмжлэг хэрэгтэй. Тийм болохоор орон нутаг нь уул уурхайн өгөөжийг хүртэж байгаа нь  иргэдэд мэдрэгддэг, ил тод байх ёстой. Орон нутгийн хөгжлийн санд АМНАТ-аас орсон орлогоороо тухайн орон нутгийн иргэд Иргэдийн хурлаараа дамжуулж, хэрхэн яаж захиран зарцуулахаа өөрсдөө шийддэг. Тухайн орон нутгийг хөгжүүлэх зорилготой байгуулсан орон нутгийн хөгжлийн санд уул уурхайн төсөл болгоны мөнгө маш тодорхой орж ирдэг, зарцуулалт нь иргэдийн саналд үндэслэсэн ил тод байх ёстой. Ингэж байж л орон нутгийн иргэд уул уурхайг дэмжиж эхлэнэ. Иргэд маань цаашдаа өөрсдөө байгалийн баялагаа ашиглах талаар санал тавьдаг болох байх. Уул уурхайн төсөл хөтөлбөр бүрийн улсад болон орон нутагт оруулж байгаа мөнгөн урсгал маш тодорхой байх ёстой. Ашиглалтын лиценз авахаасаа өмнө хайгуул хийсэн компани нөөцөө бодуулаад орон нутгийн хөгжлийн санд АМНАТ-аараа ийм хөрөнгө төвлөрүүлнэ, нийгэм эдийн засагт ийм ач холбогдолтой, тэдэн хүн ажлын байртай болно гээд бүх зүйл нь тодорхой байвал иргэд энэ салбарыг өөрөөр харж эхэлнэ.

-Иргэд өгөөжөө хүртээд, орон нутагт нь өөрчлөлт гараад ирвэл дэмжих л байх. Гэхдээ уул уурхайн компани гэхээр л аль ч түвшиндээ мөнгө нэхдэг үзэгдэл байгааг та үгүйсгэхгүй байх. Цаашдаа энэ асуудлыг яаж шийдэх юм бэ. Компани нь зохицуул гээд орхих уу ?

-Уул уурхайн компаниудаас мөнгө нэхдэг зүйл байдаг. Төрийн өмчийн компанид ажиллаж байсан надад бол тийм зүйл тохиолдож байгаагүй. Гэхдээ хариуцлагатай, үнэхээр байгаль орчин, ногоон хөгжлийн төлөө явж байгаа иргэний нийгмийн хөдөлгөөн бас байгаа. Таны хэлдгээр шантааж хийх асуудал бол сүүлийн үед ихсээд байх шиг байна. Ер нь орон нутгийн иргэд л тухайн орон нутагтаа байгаа уурхайгаа дэмжиж, үнэхээр хэрэгтэй, амьдралд нь тустай гэдгийг ойлгоод явах юм бол зөв хандлагатай иргэний нийгмийн хөдөлгөөний орон зай л үлдэх болно. Шантаажчингууд нь арчигдана шүү дээ. Иргэд өөрсдөө энэ төсөл бидэнд хэрэгтэй дэмжиж байгаа гэвэл иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн маань жинхэнэ байгаль орчин, ногоон хөгжил тал руугаа сонгодог утгаараа ажиллах байх. Одоо бол таагүй жишээнүүд сонсогддог.

-Уул уурхайн компаниудын технологи харьцангуй сайжирсан. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь ч нэг үеэ бодвол буурсан. Гэтэл иргэд энэ талын ямар ч ойлголт байдаггүй. Энэ талаар салбарын хувьд жаахан дутагдалтай ажиллаж байна уу гэж харагддаг.

-Таны хэлж байгаатай санал нэг байна. Лиценз эзэмшигчид маань өөрсдөө орон нутагтайгаа маш муу ажиллаж байна. Орон нутгийн зүгээс аливаа төсөл хөтөлбөр бүрийг дандаа том төсөл мэт хараад байдаг тал бий. Төслүүд том жижиг янз янз гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тухайн төслийн орон нутагт үзүүлж байгаа эерэг болон сөрөг нөлөөлөлтэйгээ уялдсан тийм л хамтын ажиллагаа байх хэрэгтэй. Тиймээс тусгай зөвшөөрлөө авчихсан юм чинь гээд орон нутгийн санал бодлыг сонсохгүй байж болохгүй. Иргэд ч хайгуулын компани болгоныг эрсдэлтэй ажил хийж байгаа, юу ч олохгүй, хамаг хөрөнгөө хайгуулд зарцуулаад гарах магадлалтайг ойлгож хандах хэрэгтэй.

-Орон нутгийн удирдлагууд Засгийн газрын бодлого үйл ажиллагааг хэр дэмжиж ажиллаж чадаж байгаа вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орон нутгийн удирдлагыг Ерөнхий сайд томилдог болсон. Нөгөө талаас орон нутгийн удирдлагуудтай яам хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Монгол Улс бол нэг удирдлага нэг засаглалтай улс шүү дээ. Холбооны улс биш. Тэгэхээр Засгийн газрын барьж  буй бодлогыг орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллах зайлшгүй шаардлагатай. Дэмжихээс гадна хэрэгжилтийг орон нутагт хангаж, зохион байгуулах ажлыг хийх үүрэгтэй.

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төлөвлөсөн танай салбарын ажил хэдэн хувьтай байна вэ?

-Эрдэнэс Тавантолгой дээр нүүрс баяжуулах үйлдвэрийн ажил эхэлчихсэн явж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-1 багцын бүтээн байгуулалтын ажил газар дээрээ маш сайн явж байна. EPC-2, 3 багцын ажил дээр ковид, хорио цээр, тээвэр ложистикийн асуудлаас болоод тендерийн хугацааг хойшлуулах хүсэлтүүд 5-7 удаа ирсэн. Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж, тендерт Энэтхэгийн компаниуд оролцож байгаа учраас хүсэлтийн дагуу хугацааг сунгасан. Дээрх хүндрэлтэй нөхцөл байдлуудаас үүдээд анхны өртөг бас нэмэгдэж байсан учраас Энэтхэг талаас хоёр удаа ажлын хэсэг ирж ажилласан. ЕРС-3 багцын тендерийг бол зарласан. Зургадугаар сарын 15-нд нээнэ. ЕРС-2 багцыг удахгүй зарлана.

Нефть дамжуулах хоолойн гэрээ байгуулсан. Зургадугаар сарын дундуур газар дээр нь ажиллах хүмүүс ирнэ.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт гангийн цогцолборын төслийн ажил амжилттай явж байна. Төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр өнгөрсөн жил ашиглалтад орсон. Мөн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байгаа. Араас нь төмрийн хүдрийн хорголжийн үйлдвэр,  ширэмний үйлдвэр гээд бүтээн байгуулалтын ажлууд хуваарийн дагуу явах болно. Зэсийн баяжмал боловсруулах Оюутолгойн төсөл дээр АНУ-ын USAID байгууллагаас төслийн тендерийн бичиг баримт боловсруулах ажил дээр хуулийн болон техникийн зөвлөх үнэгүй аваад ажиллаж байна. Энэ оны гуравдугаар улиралдаа тендерээ зарлах төлөвлөгөөтэй байгаа. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн туршилтын үйлдвэрийн ажил БНХАУ-д хийгдэж байна.

Мөн хуулийн төслүүд хуваарийн дагуу явагдаж байна.

-Газрын тосны үйлдвэрийн ажил явагдаж байгаа ч түүхий эдийн хувьд асуудал үүсэж байх шиг. Та энэ тал дээр бодит тайлбар өгөөч?

- Хятадын Петрочайна Дачин Тамсаг компанийн орд ашиглах төлөвлөгөөтэй уялдуулаад Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг тухайн үедээ 1.5 сая тонн байхаар тооцож хийсэн. Харамсалтай нь, ковидоос үүдээд сүүлийн хоёр жил газрын тосны олборлолт буурсан 2021 онд 600 мянга гаруй тонныг олборлосон. 2022 оны эхээр тус компанийн зүгээс орд ашиглах төлөвлөгөөгөө шинэчилж ирүүлсэн. 1.5 сая тонныг нэлээн бууруулсан байсан учраас манай зүгээс саналыг хүлээж аваагүй. Өмнөх орд ашиглалтын төлөвлөгөөтэй уялдуулж, төлөвлөгөөгөө шинэчилж өг гээд буцаасан.  Үүний хажуугаар шинээр нөөц тогтоох боломжтой хайгуулын үйл ажиллагаа явуулахад бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга нарт хүргүүлэхээр болсон. Шинээр газрын тосны нөөц нэмэгдэх боломжтой талбайнууд байгаа юм.


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/a062d9f52fcbc9ed6a9a0eef46138950.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29