Б.Уранчимэг: Орчин цагт хүмүүс генийн шинжилгээнд суурилж, өөрийн хувь тавиланг бүтээдэг болсон


Н.ТҮВШИНБАТ

Уншигч та хувь тавилангаа хэрхэн бүтээхээ хэн нэгнээр заалгана гэвэл итгэх үү. 700 жилийн тэртээ аж төрж байсан өвөг дээдсээ хаагуур нутаглаж явсныг мэдэхсэн гэж боддог уу. Тэгвэл хэтийн болоод өнгөрсөн үеийг тодорхойлох таны генийг тайлж унших шинжлэх ухаан 1991 оноос хөгжсөн байдаг. Эрдэмтэд хүний генийн бүх мэдээллийг тайлж унших зорилготой эхлүүлсэн аж. Тэд ген нь эс доторх 23 төрлийн хромсом дотор агуулагддагийг мэджээ. 23 төрлийн хромсомыг маш нарийн тайлж уншсаны дотор генийн бүх хэлхээс илт тодорхой болж, тэдгээрийн тоо нь гурван тэрбум гэдгийг мэдсэн байдаг. 

Тэртээ 30 жилийн өмнө хүний генийн гурван тэрбум хэлхээг тайлж уншихад 12 жил шаардагдаж байв. Харин одоо ганцхан өдөр л хангалттай. Ингэж хурдтай хөгжиж байгаа нь АНУ, Англи, Герман, Франц, Япон, Хятад улсын 3000 орчим эрдэмтнээс бүрдсэн “Хүний геном төсөл”-ийн үр дүн юм. Тэдний ачаар генийн шинжилгээнд хувьсгал авчирсан төхөөрөмж бүтээгджээ. Тиймээс өнөө үед генийн шинжилгээ хийлгэх нь жирийн хүмүүсийн дунд ч энгийн үзэгдэл болсон. Генийг тайлж уншсанаар чихрийн шижин, зүрхний шигдээс, харшил гээд ирээдүйд өвчлөх магадлалтай 37 төрлийн эрсдэл шинж чанарыг нь мэдэх боломжтой болоод байна. Түүнчлэн ой санамжийн чадвар, үс халцрах, таргалалтын эрсдэл гээд таны төсөөлж ч байгаагүй зүйлсийг ч шинжлэх ухаан тооцоолоод өгдөг болжээ.

Холливудын од Анжелина Жоли хөхний хорт хавдрын эрсдэлтэй гентэй гэдгээ мэдэн зориудаар эрүүл хөхөө тайруулсан нь дуулиан болж байсан нь саяхан. Тэрээр өвчний эрсдлийг эрт оношлох генийн шинжилгээ хийлгэж, хөхний хорт хавдрын эрсдэл нь 87 хувьтай гарсан байдаг. Харин хагалгааны дараах шинжилгээгээр хавдрын эрсдэл нь таван хувь болтол буурчээ. 
Японы Хёого мужийн Мүкогава их сургууль жил бүр оюутнуудаасаа генийн шинжилгээ авдаг. Оюутан жижигхэн саванд шүлсээ хийгээд өгөхөд л болно. Генийн шинжилгээ хамгийн өндөр хөгжсөн АНУ-д нэг удаад 120 төрлийн өвчний эрсдлийг мэдэх боломжтой шинжилгээний хэрэгсэл худалдаалагдах болжээ. Үнэ нь, 99 ам.доллар. Европ, АНУ, Хятад, Японд эрчимтэй хөгжиж байгаа генийн шинжилгээг Монголдоо авч, Европын лабораторид шинжлүүлдэг “Генетик тест Монгол” компанийн эмч, Анагаах ухааны магистр, генетикч Батбуяны Уранчимэгтэй шинэ тутам хөгжиж байгаа энэ шинжлэх ухааны талаар ярилцлаа.

-Монголчуудын хувьд шинэ гэж болох генийн шинжилгээг танайх авдаг юм байна. Энэ талаар яриагаа эхэлье?
-Бид өнгөрсөн жилээс дэлхийд генийн шинжилгээгээр тэргүүлдэг “24Genetics” байгууллагын төлөөлөг­чөөр сонгогдон ажиллаж байна. Энэ байгууллагатай хамтарснаар Монголдоо ДНХ шинжилгээний үр дүнг хүмүүст хүргэж өгдөг боллоо.Хүний шүлснээс шинжилгээ авч, долоон төрлийн генетикийн тайлан гаргаж өгдөг. Түүнчлэн энэ оны дөрөвдүгээр сараас “SO-CHECK” байгууллагын европын хам­гийн сүүлийн үеийн дэвшилтэт техноло­гиор хүний захын судсанд гэрлээр шинжилдэг үйлчилгээг нэвтрүүлсэн. Цаашид монголчууддаа эрүүл зөв амьдрах мэдээ, мэдээлэл, арга замыг нээж, дэлхийн дэвшилтэт аргуудыг ашиглах бололцоог нэмэг­дүүлэхийн төлөө бид ажиллаж байна.

-Танайх шүлснээс дээж авч, эндээ шинжилдэг лабораторитой болсон гэсэн үг үү?
-Үгүй ээ. Шүлсний дээжээ энд аваад Испани руу явуулдаг. Тэнд “24Genetics”-ийн тусгай лабораторид шинжлүүлж, генетикийн тайланг гаргадаг. “24Genetics” нь хүний генийг /DNA/ шинжлэн тогтоох Европын анхны компани. Одоогоор дэлхийн 90 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Бидний хувьд дэлхийн дэвшилтэт шинжлэх ухааны олол­тыг Монголдоо хямдаар авах болол­цоог нээж өгсөн. “24Genetics” байгууллагын DNA-ийн шинжилгээ нь хүний өөрийн өгөгдөлийн тухай мэдээллийг хамгийн өндөр магад­лалаар харуулдаг ба Биотехнологийн Мэдээллийн Үндэсний төв /NCBI/-д хүлээн зөвшөөрөгдсөн.

-Хүний шүлснээс яг ямар мэдээллүүд тодорхой болдог юм бэ?
-Шүлснээс маш олон мэдээлэл гаргадаг. Орчин цагт хүмүүс генийн шинжилгээ өгч, өөрийн хувь тавилангаа бүтээдэг болж байна. Хүн амжилтанд тойруу замаар бус дөт замаар хүрэх нь амар биз дээ. Хэрэггүй зүйлд цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулахгүй, би юу хийвэл илүү амжилттай байх вэ гэдгээ мэдэх нь чухал. Аливаа хүн ажилдаа дур сонирхолтой, түүндээ түүртэхгүй хийж чадаж байж л амжилт гаргана. Тийм болохоор өөрийн нуугдмал төрөлхийн авьяас чадвараа юу болохыг мэдэх гэж л генийн шинжилгээ өгдөг. Өөрийгөө илүү таньж гэмээ нь бусадтай харилцах арга барилаа амархан олно. Тэр хэрээр амжилттай ажиллаж бас суралцаж чадна. 

-Танайхаас өвөг дээдсийнхээ тухай мэдээлэл авна гэдэг бас их сонирхолтой санагдлаа?
-Өвөг дээдсийн мэдээлэл гэхэд л тухайн хүнээс өмнөх 700 жилийн мэдээллийг багтаасан гарал үүслийг нь тодорхойлдог. Жишээлбэл, таны уг гарвалын төчнөөн хувь нь Африк, Ази, Европ гээд. Тэр дотроо бүр нарийвчлаад аль улсаас өвөг дээдэс нь гаралтайг мэдчихдэг. Улс дотроо ч мөн задардаг. Жишээ нь, Монгол хүний хувьд “танай өвөг дээдэс Баян-Өлгий хавьд нутагшиж байсан хүмүүс байна” гэх мэтээр. Манай улсын хувьд МУИС-ийн генийн судлаачидтай Германы баг хамтарч ажиллаад цуглуулсан дата байдаг юм билээ. Ер нь энэ талаар тэргүүлэгч зургаан орны эрдэмтэн улс улсын их сургуулийн судалгааны багтай хамтарч маш их дата цуглуулсан. Гэхдээ дийлэнх нь “За ер нь хаана ч амьдарч байсан яахав, маргааш юу хэрэгтэйгээ л хармаар байна” гэдэг дээ. 

-Шинжилгээгээр эмийн нөлөө­ний талаар бас гардаг байх нь?
-Эмнээс гадна хүнд тохиолдож болох 200 гаруй өвчлөлөөс аль талын өвчнөөр өвчлөх эрсдэл нь өндөр байгааг гаргаад ирдэг. Жишээ нь, миний тайланд үе мөчний өвчнөөр өвчлөх магадлал маш өндөр гарсан. Бүр улаан өнгөтэй. Манай ээж, нагац эгч хоёрын хөл нь их өвддөг. Гэтэл би “миний хөл өвдөнө” гэж ерөөсөө бодож байгаагүй. Хөгшрөхөөр л өвддөг юм байна гэж бодож байсан чинь миний тайлан дээр улаан гарч ирээд ийм ийм бүтээгдэхүүн эртнээс хэрэглэж байхгүй бол чинийх өвчлөх эрсдэл өндөр байна гээд. Болдсайхан эмч нэгэн ярилцлагадаа “Ер нь хавдар бол генийнх байдаг юм байна аа. Бид тэрийг тэтгэсэн хоол унд идээд байх юм бол идэвхждэг. Харин тэрийгээ урьдчилаад мэдэх юм бол хамгаалж болдог” гэсэн байсан. Тэгэхээр эрсдлээ эртнээс мэдсэнээр сэргийлэх боломжтой. 
Шүлсний ДНХ шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн хариун дээр сахарын өвчин тусах эрсдэл өндөр гэж гарч ирсэн. Тухайн хүнд хэлээд одоо зөв хооллож, дасгал хөдөлгөөнтэй байхыг зөвлөхөд үйлчлүүлэгч маань аль хэдийн эхний шинж тэмдэг илрээд оношлогдсон байгаа. Энэ шинжилгээг эртхэн өгөх хэрэгтэй байж гээд харамсаж байсан. 

-Долоон төрлийн генетикийн тайлан гаргадаг юм байна. Нэг удаагийн шижилгээгээр энэ бүх тайлан ирэх үү?
-Зарим хүн зөвхөн хоол хүнс, спортын талаар, зарим нь өвөг дээдсийнхээ мэдээллийг авах сонирхолтой байж болно шүү дээ. Тухайн хүн ямар чиглэлийн тайланг авахаа захиалж болно. Бүх тайлангаа авсан ч болдог.

-Спортын чадамжаа мэдэж болдог гэж байсан?
-ДНХ шинжилгээгэр спортын хувьд үе холбоосны гэмтэл авах эрсдэл өндөр үү, бага уу, булчингийн амраад сэргэх чадамж нь хэр байна, хурд хүч гээд их мэдээлэл гарч ирдэг. Тамирчдад бол маш хэрэгтэй шинжилгээ. Зарим хүн адилхан юм идээд, адилхан спортоор хичээллээд байхад үр дүн нь өөр өөр гараад байгааг гайхдаг. Төрөлхийн өгөгдөл нь өөр байгаатай холбоотой. Хүн бүрийн булчингийнх нь амрах, сэргэх чадамж нь өөр. Гадаадад энэ мэдээлэл дээр тулгуурлаад тамирчдынхаа өдөр тутмын дасгал хөдөлгөөнийг зохицуулдаг юм билээ. Манай жүдогийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од Азийн аварга шалга­руулах тэмцээнд явахаасаа өмнө тамирчидтайгаа хурууны хээний шинжилгээ өгсөн. Тэдний шинжилгээ­гээр хурд хүч суурьтай хүн жүдо бөхөд сайн юм байна гэдэг тайлан гарч ирж байсан. Тэнцвэр өндөртэй тамирчид ч бас гарч ирсэн. Тэгээд тэнцвэр өндөртэй тамирчид дээрээ энэ мэхийг хамгийн сүүлд хийх юм бол зүгээр юм гээд төлөвлөгөө гаргаснаа бидэнтэй дараа нь хуваалцсан. 

-Үнийн хувьд ямар байдаг юм бол, бас ковидын үед хариу тайлан ирэх хугацаа, үнэ нэмэгдэж байгаа болов уу?
-Үнийн хувьд Европынхтой адил­хан. Хугацааны хувьд 45 хоногт ирчих­дэг байсан сүүлийн үед нислэгээс болоод хоёр сар орчим болдог болоод байгаа. 

-Шүлсээр гардаг генийн шин­жил­гээнээс гадна хурууны хээгээр оношилдог гэж сонсон. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Бид 2018 оны хавраас Болгар Улс дахь “Genetic test” төвийн албан ёсны төлөөлөгчийн газар болж, монголчууддаа тухайн хүний төрөлхийн ур чадвар нь юу болохыг тодорхойлж өгөхөөс гадна хичээл, дугуйлан, мэргэжил сонголтод нь шинжлэх ухаанчаар тусалж байна. Өөрөөр хэлбэл, хувь хүний суралцах чиг хандлага болон оюуны чадамжийг тодорхойлж тэр дагуу мэргэжлийн сэтгэл зүйч зөвлөгөө өгч ажилладаг гэсэн үг. Ялангуяа амьдралд хөл тавьж, ирээдүйн мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд туслахыг хичээж байна. Анагаах ухааны их сургууль, “Монгол Билэг Оюу”, 1 дүгээр сургуулийн төгсөх ангийнхан, “Оюунлаг” болон “Оюуны Ундраа” сургуулийн нийт сурагч, “Их Монголын үрс” цэцэрлэгийн хүүхдүүдийн генетик тестийн шинжилгээг сэтгэл зүйн асуулгын аргатай хослуулан гаргаж, зөвлөгөө мэдээллийг өгсөн. 

-Мэргэжлээ сонгох гэж бай­­гаа хүүхдэд, эцэг, эхэд нь тухайн хүүхдийн амжилт гаргах магадлал­тай салбарыг тодорхойлж өгөх боломжтой юу?
-Дунд сургуулиа төгсөөд би ямар мэргэжилтэй болох вэ гэх сонголт хүн бүрт тулгардаг. Эцэг эх нь ч үр хүүхдээ ямар мэргэжил сонговол амжилт гаргах талаар мэддэггүй. Мэдэх ч боломжгүй. Цаг нь тулахаар аль нэг сургуульд, ямар ч хамаагүй ангид орж суралцаад төгсдөг. Хүүхдүүд үнэхээр сонирхолгүй, эсвэл хичээлээ дийлэхгүйгээс сургуулиа дундаас нь хаях нь олон. Тиймээс юунд амжилт гаргах вэ, аль чиглэлд үр дүнтэй суралцаж болох талаар шинжлэх ухааны тусламжтайгаа мэдээд авчихвал хэрэгтэй. Жишээ нь, авьяас чадамжийн тест хийлгэх. Юм уншаад ойлгох чадамж нь хэр өндөр вэ гэдэг ч юм уу. Уншсан ч ойлгодоггүй хүн байдаг. Тэр нь төрөлхийн байна уу, үгүй юу гэдэг нь тодорхой гардаг. Хүн өөрөө олон сонирхолтой мэдээлэл агуулдаг. Өдрийн хүн үү, шөнийн хүн үү гээд. Ихэнх хүн өдөр үр бүтээлтэй байдаг ч зарим тохиолдолд шөнийн цагаар илүү үр бүтээлтэй ажилладаг нь ч бий. Оюуны чадамжийн тайлан 40 хуудас гардаг. Хүмүүс хүүхдүүдээ л их үзүүлдэг. Суралцах арга барил нь гарч ирнэ. Мэргэжил сонгоход аль нь давуу байх нь вэ гэдэг нь гарна. Түүнээс гадна 4Q буюу IO, EQ, CQ, AQ нь ямар байгааг тодорхойлдог. Аль чадвар дээр нь суурилж дугуйлан секцэд явуулах вэ гэсэн үг. Мэргэжил сонгож байгаа хүүхдүүдэд их зүгээр. Тэрнээс гадна цэцэрлэгээс сургуульд орж байгаа хүүхдийн эцэг эхийн “Хүүхдээ хэлний сургуульд оруулдаг юм билүү эсвэл тооны чиглэлээр явуулах уу” гэсэн эргэлзээг тайлж, суурь чадварыг гаргаж өгдөг. Тухайн хүүхэд харааны ойгоор сурч чадах уу, сонсголоор сурах чадвартай юу, ямар мэргэжил зохимжтой байх вэ гэх зэрэг мэдээллийг тодруулдаг. 

-Жишээ байна уу?
-Статистикч мэргэжилтэй ээж “би хүүхдээ математикийн чиглэлээр суралцуулах гэж байгаа” гээд хүүхдээ дагуулаад ирсэн. Хүүхдийнхээ талаар юу ч яриагүй. Хүүхдийнх нь урлагийн чадамж маш өндөр гарсан. Тэгээд “танай хүүхэд урлагийн ямар нэг төрөл сонирхдоггүй юу, бүх хүнд урлагийн чадамж ийм өндөр гардаггүй юм” гэхэд ээж нь “Манай хүүхэд уртын дуу маш сайн дуулдаг, олон уралдаан тэмцээнд орж шагнал авсан. Гэхдээ би урлагаар явуулмааргүй байна. Би өөрөө тооны хүн учир хүүхдээ ч бас тийм байх гээд батлах гэж ирсэн” гэдэг байгаа. Гэвч хүүхдэд нь математик талын үзүүлэлт бага гарч ирсэн. Тэгээд тэр ээж хүүхдээ урлагийн сургуульд явуулж байсан. 
Хэдэн жилийн өмнө 4-5 орчим насны хүүхэдтэй нэг ээж манайд хандсан юм. Хүүхдийн гимнастикийн чадамж маш өндөр гарсан. Ээж нь “За тэгвэл охиноо уран гимнастикаар явуулъя, юугаар хичээллүүлэхээ мэдэхгүй байсан юм” гээд явсан. Дараа нь, олон тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчин болсон тухай хамаатных нь хүн манайд үзүүлэхдээ ярьсан. Тэр хүүхдийн талаар дуулс­наас хойш бид үйлчлүүлсэн хүмүүстэйгээ эргэх холбоо тогтоохын тулд бүртгэлжүүлж, тэмдэглэл хөтлөөд эхэлсэн. “Хоёр жилийн дараа тантай холбогдоход зөвшөөрөх үү” гээд нөгөө хүнийхээ утсыг аваад үлдэж байна. Жилийн өмнөөс л ингэж дата бүрдүүлж байна. 

-Насанд хүрэгчид ч шинжлүүлнэ биз. Тэд ямар мэдээллээ илүү сайн мэдэх гэж ирж байна?
-Хувь хүнд биеэ авч явдаг есөн шинж байдаг. Тэндээс нь ямар хүн бэ гэдгийг тодорхойлдог. Их боддог хүн үү, ярихдаа сайн хүн үү, эсвэл практик ажиллагаа сайтай юу гээд л. Гадагшаа юм уу, дотогшоо юу гээд темпераментыг нь тодорхойлдог. Түүнчлэн тухайн хүн шийдвэр гаргахдаа баримтанд үндэслэдэг үү, мэдээ мэдээллийг сонгодог уу эсвэл өөрийнхөө консерватив үзэл дээр үү гэдгийг гаргадаг. Тэгэхээр энэ бүхэн мэргэжил сонголтод их чухал нөлөөтэй. Аливааг сонсоод л шийдвэр гаргадаг хүн бий. Ийм төрлийн хүмүүс ихэвчлэн бизнес чиглэлд амжилттай ажилладаг. Эрсдэл гаргахаас айдаггүй. Баримт түшиглэж шийдвэр гаргадаг хүмүүс статистик судалгаа, нягтлан бодох ажилд амжилттай. Консерватив хүмүүс тодорхой хэв журам хэрэгжүүлдэг ажилд сайн. Мөн тухайн хүний стресс даах чадварыг гаргаад ирдэг. Төрөлхийн зөөлөн зан чанартай хүн шүүх, цагдаа, мэс заслын эмч болвол их стресстэж хямардаг. Нэг мөрдөн байцаагч залуу ирж зөвлөгөө авч байсан юм. “Чиний стресс даах чадвар муу юм байна” гэхэд “Наадахыг чинь л мэдэх гэж ирсэн юм. Би ажил дээрээ очихоос халшраад байдаг болчихлоо” гэж байсан. Харин тэр залуугийн ярих чадамж нь маш өндөр гарсан. 
Өөрийгөө нотолж сорихоос гадна манайхыг тандаж сонирхсон хүмүүс ч байна. Нэг залуугийн шинийг санаачлах чадвар нь 100 хувь, математик тал нь маш өндөр гарсан. Тэгээд “Чиний математик тал маш өндөр байна, энэ чиглэлээрээ ажиллаж байсан уу” гэсэн чинь “ажиллалгүй яахав дээ, Монголд байгаа программуудыг бичээд л явж байна” гэж билээ. Мэдээлэл технологийн мэргэжилтэн байсан. 

-Хурууны хээгээр бас төрөлхийг өгөгдөлийн шинжилгээ авч байгаа гэсэн. Хурууны хээний хариу хэр хугацаанд гардаг юм бэ?
-Хурууны хээг сканнерт уншуулаад тусгай программаар шинжилгээний үр дүн гарна. Хурууны хээ судалдаг өөр шинжлэх ухаан бий. Түүн дээр үндэслэж гарсан генетик тест гэдэг программын тусламжтайгаар тайлан­гууд гарч ирдэг. Хүний тархи бүрэлдэн бий болж байхад тархинаас гарч байгаа мэдрэлийн хялгасан судас хурууны үзүүр дээр хэрхэн эргэлдэж байгаагаас хамаараад хурууны хээ нь өөр өөр хэлбэртэй болдог. Тэр нь тухайн хүний чадамжийг илэрхийлдэг. Жишээ нь, зүүн гарын эрхий хуруу ямар төрлийн хээтэй байна гэдгээс хамаараад аль салбарт илүү амжилт­тай байхыг нь тодорхойлдог. Хүмүүн­лэг, техник, байгалийн шинжлэх ухаан, нийгэм эдийн засаг, математик гэх мэтээр гараад ирдэг. Хариуны хувьд 2-3 хоногт л гарчихна.

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/07fc32c43f120cabdea540151b173e9a.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29