Ч.Ганхуяг: Богд банк бидний хувьд эцсийн зорилго байгаагүй


-Харин ч хямрал болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг ил гаргаж, идээ бээрийг нь шахах боломж юм-


Б.БАЯРТОГТОХ

“Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа. 


-Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг энэ сард УИХ хэлэлцэн батлах тухай ярьж буй. Та бизнес эрхлэгчийн хувиар энэхүү хууль таны ажилд ямар нөлөө үзүүлж байсан, одоо хэлэлцэх хуулийн шинэ төсөл татвар төлөгч, ажил олгогчдод хэр ээлтэй байж чадах бол...?

-Зөвшөөрөл тэр дундаа тусгай зөвшөөрөлтэй ажилладаг компаниудын хувьд Монголд үйл ажиллагаа явуулахад улам хүнд, амаргүй болоод буй. Хассуурийн Ганхуягийн санаачилсан хуулийн төсөл юм билээ, шинэ төсөл нь. Тодорхой хугацаанд төрийн байгууллага зөвшөөрөл өгөөгүй бол түүнийг нь өгсөнд тооцно зэрэг сайн заалтуудтай, одоогийн хэрэгжиж буй эрх зүйн орчныг сайжруулсан, шат ахиулсан хуулийн төсөл хэмээн харсан. Ковидын нөхцөл байдал гээд дэлхийн эдийн засаг хүнд байхад Монгол Улс бизнесмэнүүдээ хамгаалах хэрэгтэй. Ажлын байраа хадгалах, татвар төлөгчдийн бааз суурийг хумихгүй, харин ч өргөтгөх шаардлагатай. Тиймээс хуулийг батлах нь цаг үеэ олсон шийдэл. Байгууллагуудыг чангалж боомилохоо болих хэрэгтэй. Жирийн нэг компанийн хувьцаа эзэмшигч өөр хүнд эрхээ шилжүүлэх гэхээр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл өгдөггүй. Нэг жил хүлээлгэчихээд татгалзах нь утгагүй. Ийм байж болохгүй. 

-Танай байгууллагад гарсан бодит жишээ юү?

-Тийм ээ, бидэнд тохиолдсон бодит явдал. Бид дампуураад унах гэж байсан Үнэт цаасны биржийг авч хөрөнгө оруулалт хийж, босголоо. Үйл ажиллагааг нь эхлүүлчихлээ. Өмчийн эзэн нь надад хувьцаагаа борлуулъя гэхээр төр оролцоод зөвшөөрөл өгөхгүй байгаа юм. Богд банкны 10 хувийг авах зөвшөөрөл хүсээд жил хүлээгээд больсон. Түрүү жил бид карт гаргах гээд зөвшөөрөл бас хүссэн. 

Өнөөдрийг болтол хүлээсээр л байна. Ингэхээр яаж хөгжих юм бэ. Ард Кредит дээр таван тэрбум төгрөгийн бонд гаргая гээд хөөцөлдсөн ч зөвшөөрөл өгөөгүй л байна.
-Танд эсвэл танай компанид асуудал байна уу?
-Асуудал хаана байгааг мэдэхгүй юм. Би хүнд таалагдах гэж амьдардаггүй. Гэхдээ төр юм уу, төрийг төлөөлж суугаа нэг албан тушаалтан, түшмэл надад дургүй гээд асуудлыг хойш чирч, ажил хийж байгаа хамт олон, хувьцаа эзэмшигчдийг хохироож болохгүй. Би хууль зөрчөөгүй. Татвараа цаг хугацаанд нь төлдөг. Хууль журмын дагуу ажлаа хийж, зохих баримт бичгийг нь бүрдүүлж өгсөн. Хэрэв түшмэл надаас авлига хүсэж байгаа бол өгөхгүй.

-Улаанбаатар хотын худал­дааны танхимын Ерөнхийлөгчийн ажлаа яагаад гэнэт өгөхөөр болов уу. Сонгуульт хугацаа нь дууссан уу эсвэл өөр шалтгаанаар болихоор шийдэв үү?
-Хааны алба халаатай гэдэг. Би ажил авч чаддаг, өгч чаддаг. Албан тушаал эрх мэдлийн төлөө хэзээ ч улайрч дайрч байгаагүй. Манай Танхимын даргын ажил хоёр жилийн хугацаатай байдаг. Өмнө нь Од, Оюунгэрэл захирал хийж байгаад дараагийн хүндээ өгч байсан. Гэнэтийн гэхээс илүү сонгуульт хугацаа нь болоод л дараагийн хүндээ шилжүүлсэн. Шинэ Ерөнхийлөгчтэй болсон, дөрөв дэх Ерөнхийлөгч нь бас л Ганхуяг. Саяхан IPO-гоо хийдэг CU сүлжээний гэж танигдах болсон анд маань. Залуус, шинэ үе бидний өмнө үеийн ах нарын, ялангуяа улстөрчдийн албан тушаал, эрх мэдлийн төлөө алалцдаг байдлыг биш бидний энэ энгийн жишгийг дагаасай гэж хүсч байна. Би олон ажил эхлүүлж байсан. Тэгээд дараагийн хүндээ ажлаа өгөөд, өөрөө шинэ ажлаа хийгээд л явчихдаг.

-Улаанбаатар хотын худалдааны танхим болон Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо зэрэг төрийн бус байгууллагууд нэгдээд Танхимын тухай хуулийн төслийг хэлэлцүүлж буйтай холбоотойгоор хамтарсан мэдэгдэл гаргасан байсан. Та МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан хүн. Мэдэгдэл гаргасан шалтгаан юу юм бол?
-Танхим бүх бизнес эрхлэгчдийг төлөөлж, дуу хоолойг нь төр эрх баригчдад хүргэх ёстой. Тийм том дээвэр байгууллага юм бол засаглалын хувьд эрүүл байх ёстой. Одоогийн шинээр өргөн барьсан хуулийн төсөлд засаглалыг сайжруулах биш дордуулсан заалт оруулсан байсан. Дээвэр байгуул­лагад холбоод, гишүүн танхимууд байх ёстой. Гэтэл гишүүн байгууллагаа салбар гэж үзээд дээрээс нь захирдаг байдлаар хуульчлах гээд байдаг. Уг нь, Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн гишүүн танхим, салбар үйлдвэрлэлийн танхим нэгдээд жилийн эцэст хуралддаг, тайлангаа танилцуулдаг. Тэндээсээ үндэсний танхимынхаа удирдлагыг сонгодог болчихвол илүү зөв, эрүүл болно. Улаанбаатар хотын танхимын удирдлага гишүүдээсээ сонгогддог. Яг л ийм гишүүн дээрээ тулгуурласан гишүүн төвтэй байгууллага байх учиртай. Гишүүн нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, компаниуд. Тэгэхээр компаниуд орон нутгийн танхим, салбар танхимын удирдлагаа сонгодог, тэд үндэсний танхимын удирдлагаа сонгодог байдлаар явах учиртай. 

-Виртуал хөрөнгийн тухай хуулийн төсөл олны анхаарлын төвд байна. Шил шилээ даран гарах энэ олон койн бараг хяналтаас гарчихлаа, гэхдээ биржийг нь хянаж болмоор санагдана. Хууль гаргах нь зөв үү?
-Болно, болохгүй гэхээсээ илүү зарчмын хувьд хуулиа баталж, тэрийгээ дэлхийд зарлах ёстой. Монгол Улс криптовалютын давлагаанд түрүүлж алхах ёстой. Цахим шилжилт гэдэг энэ. Айгаад зугтаад байх шаардлагагүй. Би дөрвөн жилийн өмнө Крипто Үндэстэн болох зорилго тавьж, анхны хурлаа хийж байсан. Одоо Монгол крипто үндэстэн болсон. Надад баяр хүргэж болно. Зориглож түрүүлж хөдөлсөн. Монголчууд үүний ачаар криптовалют, блокчэйны хувьсгалд дэлхийн нийтийн урд, эхний эгнээнд нь алхаж явна.  Мэдээж хэрэг хууль эрх зүйн хувьд сайн бичиг баримт гарчихаасай хэмээн бодож байна. Сайн гэдэг нь бүх зүйлийг зөвшөөрөхийн нэр биш. Болохгүйг нь хязгаарлах нь зөв. Нөгөө талаар олон нийт хууль гарлаа гээд криптовалют руу хошуурч болохгүй. Хариуцлагатай байх хэрэгтэй. Ашиг гарвал чинийх. Алдагдал бас адилхан зөвхөн чинийх шүү. Тэрнээс ашиг нь чинийх, алдагдал нь нийтийнх байж таарахгүй. Хүмүүс сүүлийн үед хоршоогоор их айлгаж байна лээ. Хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн хоршоод их шүү. Дийлэнх нь. Бүгдийг нь ингэж харлуулах нь утгагүй. Миний байгуулсан Монголдоо анхдагч хоршоо одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж л байна. Харин өндөр ашиг хөөж, шуналдаа автаж өөрөө очиж мөнгөө тушаачихаад, авдаг ашгаа авч байгаад, улмаар байдал хэцүүдэж, тэр луйврын пирамид нь нураад, алдагдал хүлээх болохоор төрийг бухаад байж болохгүй.

-Банкны реформ эхэллээ. Богд банкны IPO эхнийнх нь байлаа. Анхдагч зах зээлийн арилжаа нь амжилттай хаагдлаа. Гэхдээ л олон нийт койн, виртуал хөрөнгийн зах зээл рүү илүү хошуурч байгаа нь илт мэдэгдэж байна. Ийм үед банкны IPO гаргах нь хэр оновчтой вэ. ОУВС хэсэг хугацаанд харзнах талаар зөвлөмж хүртэл манай улсад өгсөн байсан?
-Бидэнд одоо эргэж буцаад байх зам байхгүй. Айвал бүү хий гэж хэлмээр байна. Бас ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг үг бий. Нэг жилийн өмнө холбогдох хууль нь батлагдсан. Банкуудад бэлдэх хугацаа байсан. Богд банкныхан IPO гаргалаа. Уг нь, үүнийг манлайлаад эхлүүлж байсан юм. Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн зөвшөөрлөөс болоод больсон. 

-Тодруулаач. Стратеги боловс­руулж, маш их бэлдэж байснаа замын дундаас яагаад буцах болов?
-Маш ойлгомжгүй, яагаад манайх болохгүй, бусдад нь зөвшөөрч байгаа нь. Бид мөнгө төгрөгөө бэлдэж тухайн банканд байршуулаад гэрээгээ ч хийсэн. Гэтэл төр зөвшөөрөл өгөөгүй. Замын дундаас буцаагүй л дээ. Богд бидний эцсийн зорилго байгаагүй. Илүү ирээдүйтэй том банканд тогтвортой хөрөнгө оруулахаар бэлтгэж байсан. Тэр банк руугаа зорьж ажиллана. Одоо хөрөнгийн бирж дээр хүн бүхэнд нээлттэй болж байна шүү дээ. Ер нь банкууд IPO хийх ёстой, Монголын ард түмэн банкаа мэддэг болох ёстой. Бизнес эрхлэгчид өөрсдийнхөө төлөө биш, сүүлийн 20 жил банкны төлөө ажиллалаа гэж хэлэхийг дуулсан байх. Тэгвэл одоо банк нь ард түмнийх болох цаг иржээ.

-Банк олон нийтийн засаглалтай болох, хувьцаагаа эзэмшүүлэх, нэг эзэнтэй биш нийтийнх болох нь магадгүй цаг хугацааны асуудал байсан байх л даа...Таны хувьд санал нэг байна уу?
-Өнөөдөр банк олон түмэнд үйлчлэх ёстой байгууллага юм бол иргэдэд хувьцаа эзэмших боломжийг олгох ёстой. Үүнийг хийх гэж, ийм зорилгын төлөө л мэргэжлийн амьдралаа зориулсан. Жишээ нь “Ард”-ыг иргэд мэднэ. Би хэзээ ч зорилтоосоо өөр зүйл яриагүй. Энд банк л орж ирэхгүй байсан. Азаар УИХ-аас хууль баталж, У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үед шийдвэр нь гарч, Л.Оюун-Эрдэнэ сайд хэрэгжүүлэх гээд явж байна. Энэ онд манай банкууд хоёр шатлалт системд шилжсэний 30 жилийн ой болно. Том үйл явдал. “Хас” банкны 20 жилийн ой болно. Анх Хас банкийг байгуулахдаа ийм шатлалыг л хүссэн. Тиймээс Хас задгай бүтэцтэй байгаа юм. Банк 100 хувь олон нийтийн байгууллага байх ёстой. Засгийн газар төрийн өмчийг олон нийтийнх болгох тухай асуудал яригдаж буй. Үүний сайны дохио болгож “Монгол шуудан”-г олон нийтийнх болгож ажилласандаа баяртай байна. Манай хамт олон 2005 оноос яриа хэлэлцээр хийж, 2016 онд ажил хэрэг болж, тодорхой хувийг нь авсан. Мэдээж менежмент дээр сайжруулах зүйл зөндөө. Алхам алхмаар урагшилж л байна.

-2022 оны төсвийг хэлэл­цэж байхад төрийн өмчит компаниу­дын засаглалыг сайжруулах асуудал яригдаж байсан. Жишээлбэл, задалж, хувьцаат компани болгон иргэдэд хувьцааг нь зарах асуудал ярьсан. 
-Төр муу менежер гэдэг бол төрийг төлөөлж томилогдсон хүний ашиг сонирхол нь өөр байдгийг л хэлээд байгаа юм. Төрийг төлөөлж ажилладаг хүмүүс нь муу ажилласан л байхгүй юу. Хувийн хэвшил ямар ч хямралыг даваад гарч чадаж байна. Зөвхөн түүхий эдийн үнээс хараат байж болохгүй шүү дээ. Нүүрс үнэд хүрэхээр төр сайн ажилласан гэж ярьж болохгүй. Олон нийт хараа хяналт сайн тавьдаг бол үүнээс илүү сайн ажиллах боломжтой. Дэлхий нийтээр баталсан сайн туршлага байхад бид энд дороо хий эргээд сууж болохгүй. Сая Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар маш зөв алхмуудыг хийсэн гэж харж байна. ТУЗ-д олон нийт хараа хяналт сайн тавих ёстой. Энэ замаар урагшилбал, хөрөнгө оруулагч болох зам мөр улам дардан байна. 

-Засгийн газар III тунгаа хийлгээд хэвийн амьдралдаа оръё хэмээн уриалж байна. Эдийн засгаа сэргээхээр ажиллаж байна. Эдийн засгаа сэргээхэд таны саналыг сонсъё. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралыг хэрхэн давах вэ?
-Сайн зүйл хийсэн бол урам өгөх нь зөв. Засгийн газар том төслүүдээ зоригтой урагшлуулах ёстой. Бага улс төржөөд илүү ажиллаасай. Хэцүү нөхцөлд байна хэмээн ялархах хэрэггүй юм. Өөрсдийнхөө саналаар хийж буй ажил нь. Сайн ажиллаарай л гэж хэлье. Харин ч хямрал болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг ил гаргаж, идээ бээрийг нь шахах боломж юм. Хаана юу болохгүй байгаа нь ил харагдаж байна. Санхүүгийн төв болох, нөгөө олон жил ярьсан худалдааны чөлөөт бүсээ нээх ёстой. Гэр хорооллын утааг багасгах ёстой. Дархан Эрдэнэт хотын хөгжилд анхаарах цаг. Аймаг сумын асуудлаа шийдчихвэл, Улаанбаатарын болоод улсын асуудал цэгцрээд л ирнэ. Улаанбаатараас сонгогдсон 26 гишүүн орон нутгийнхнаа тултал нь дэмжээрэй гэж уриалмаар байна.

-Улс төрийн хувьд ийм байж, эдийн засгийн хувьд яах вэ?
-Шинээр гарч байгаа давлагаанд дасан зохицох, шинэ хэм дээр очих нь зайлшгүй. Монгол Улс хил хаасан ч, хаагаагүй ч, орлогоороо өөрөө өөрийгөө тэжээгээд аваад явах ёстой. Орлогоо төрөлжүүлэх ёстой. Том төслүүдээ явуулах ёстой. Дэд бүтцүүдээ зөв тавих ёстой. Хэн нэгний шахалтаар ажиллах ёсгүй. Эгийн голын усан цахилгаан станцаа барих ёстой, төмөр замаа дуусгах ёстой. Нарийн царигаа давхар тавих ёстой. Улаанбаатар хотыг тойрсон төмөр зам барих ёстой. Тойргийн зам, нийтийн тээврийн асуудлаа хамт шийдэх ёстой. Маш олон асуудал бий. 

-Наад зах нь Нисэх, Яармагийн авто замын ачаалал. Өдөрт энэ чиглэлээс ирдэг хүмүүс өглөөд 2-3 цагийг түгжрэл дунд өнгөрүүлж байна. Түгжрэлийг яаж бууруулах вэ?
-Би өнөөдөр 22 км зайнаас 30 минутад хотын төвд ирсэн. Миний хувьд ухаалаг шийдэл гаргахыг хичээдэг. Эрт гарна, эсвэл орой гарчихна. Өмнөх жилүүдэд дандаа эрт гардаг байсан бол энэ жил жаахан орой гарч байна. Хүүхдүүдээ тусад нь явуулна. Бүр болохоо байхаар нь хүүхдүүдээ гадаадад сургасан. Одоо залуустаа Дархан, Эрдэнэт хот руу нүүгээч. Тэнд ажлын байр бий болгоод өгье гэж байгаа. 

-Бодитоор уу, тэнд ямар ажлын байр байна вэ. Та ажлын байрны зар тавьсан юм уу?
-Ажлын байрыг тэнд гаргана. Улаан­баатар хотод нэг ч аж­лын байранд авахгүй гэдгээ зар­лачихсан. Улаанбаатарт амьдраад, “Ард”-д ажиллах талаар бодож байгаа бол тэр мөрөөдлөөсөө салах хэрэгтэй. Дарханд, Эрдэнэт хотод цэвэр агаар байна, тэнд үр хүүхдээ өсгөж, ажил амьдралаа залгуул, тэндээс ажлаа хий гэж байгаа. Юм болгоныг зайнаас хийж болдог болчихсныг бид цар тахлаас үүдсэн хөл хорионоос мэдэрсэн. Хоёулаа ч гэсэн энэ яриагаа түгжрээнд тус тусдаа машинд гацаж байхдаа ZOOM-ээр хийчих боломжтой л байж. 

-“Ард” одоо яг өөрийн үндсэн бизнесээс гадна өөр ямар ямар төсөл хэрэгжүүлж байна вэ. Зургаан жилийн өмнө “Ард”-ын талаар хэчнээн хүн ярьдаг байв. Өнөөдөр бүгд мэддэг болж. Дуулгах сонин юу байна. Эсвэл энэ бизнес дээрээ ингээд тогтчих уу. Компаниуд тэлэхийн хэрээр уул уурхай, хөдөө аж ахуйд хүч сорих зэргээр салбараа тэлдэг шүү дээ. Танайх яах вэ?
-Хэвлэл мэдээллийн салбарт хамгийн том компанийг босголцож байна. ТэнГэрЛиг Медиа Нэгдэл. ТэнГэр телевиз нээлтээ хийнэ. Олон нийтийн тархи толгойнд бодитой мэдээлэл, мэдлэг хийхийн тулд, мэдээг захиалгагүй болгохын тулд энэ хөрөнгө оруулалтыг хийсэн. Зөвхөн Монголд хөрөнгө оруулалт хийдэг биш хүний толгой, сэтгэлд хөрөнгө оруулалт хийх ёстой. Тэгж байж үр дүнд хүрнэ. Чамд долоон жилийн өмнө ярилцлага өгч байхдаа Хөрөнгийн зах зээлийн оргил дээр нь тугаа хатгана гэж хэлж байсан. Оргил дээр нь тугаа хатгачихлаа. Бид хувийн үнэт цаасны биржид хөрөнгө оруулалт хийсэн, түүнийгээ хөл дээр нь босгож байна. Хөрөнгийн захыг ажилд нь оруулна. Эко системийг ажиллуулна. Үүнийгээ адилхан олон нийтийнх болгоно. Нийт хөрөнгийн зах зээлийн арилжааны дийлэнх хувь нь манайхаар явсан. Хөрөнгийн зах зээл дээр манай хувьцаа хамгийн ихээр зарагдсан. Онгирч байгаа юм биш шүү бодит байдал энэ юм. Криптог, бичил зээлийг анх эхлүүлсэн, анхны ББСБ, хоршоог байгуулсан. Бас л факт. 20 жилийн өмнө арванхоёрдугаар сарын 27-нд банк хүртэл байгуулж байсан. Би амьдрал дундуур зүгээр урсаад явж байдаг хүн биш гэж өөрийгөө хурцалдаг. Зөвхөн үхсэн загас л урсдаг. Амьд загас урсгал сөрдөг. Энд эргэлзээд хэрэггүй, чадах бүхнээ хийсээр байгаад дуусна гэж боддог. Нэг талаас тэнгэр, аз түшиж байна. Нөгөө талаас эзэн хичээж байна. Би хичээж амьдардаг. Хэн нэгэнд таалагдахын тулд биш, зөв гэж бодсоноо хийхийн тулд амьдардаг. Монгол Улсын иргэн болж төрснийх, энэ улсынхаа үнэнч хүү нь, бахархалтай түүхийнхээ эзэн болохыг хичээдэг. Энэ тугийг унагаахгүй, чирч, гулдчиж, явж байгаад оргилд гарахыг хичээж байна. 

-Маш олон хүн Ганхуяг гэдэг хүнд нь, Ард Санхүүгийн Нэгдэлд итгэж койн авсан?
-Би итгэл алдах юм юу ч хийгээгүй. Зургаан жилийн өмнөөс надад итгэж хувьцаа, койн авсан хүмүүс өнөөдөр надад ичиж нэрэлхэлгүйгээр баярлалаа гэж хэлж чадаж байна. Би бас баярладаг. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг дээ.

-Та Дархан, Эрдэнэтэд ажил­лаад ирсэн гэсэн. Орон нутгийн иргэд хэр хүлээж авч байна. Тэнд амьдрал ямар байна вэ?
-Би яв гэж хэлээд зогсохгүй, багийнхаа 30 залууг Дархан, Эрдэнэтэд ажиллуулж байна. Саш том төслүүд хэрэгжүүлж байгаа. Ард Апп бол үндэсний хамгийн том хэрэглэгчийн баазтай болсон. Бид хэрэглээг нь нэмэгдүүлнэ. Ард Апп-аа хэрэглээд АрдКойноо аваад хувьцаа хөрөнгөтэй бол, хөрөнгө оруулагч үндэстэн айсуй гэж уриалж байна. Туг хатгана гээд өмнө нь зарласан, өнөөдөр бид цөмөөрөө хөрөнгө оруулагч болж чадаж байна. Ашиг өгөөжийг нь өгч чадаж байна. Энэ сард маш олон зүйл зарлана. DAX гэдэг бирж мөнгөний уурхай юм гэдгийг би энд онцолмоор байна. DAX-н ашгийг бүх нийттэйгээ хуваалцана, хуваарилна. 

-АрдКойн эзэмшигчдэд хандаж та юу хэлэх вэ. Аваад дараад байх уу, койноо?
-DAX-н эзэд уурхайн эзэн болох боломжтой. Би хэлсэндээ хүрнэ. Байгаа бүхнээ хөрөнгө оруулагч үндэстэнд зориулна. АрдКойноо аваад надад итгээд ороод ирсэн хүмүүс үр шимийг нь хүртэнэ. Аваад дар. Битгий бага байхад нь зараад бай, замын дундаас бүр битгий хаяад бай. Тууштай байгаарай. Өнөөдөр Ард Санхүүгийн Нэгдэл надгүйгээр маш сайн ажилладаг өдрийг ойртуулахын төлөө хичээж байна. Үүний төлөө л ажиллаж байгаа. 


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/5d0d3819ad12b68021617cef40559b58.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29