Бээжингийн Олимп ба геополитик

Б.Бадрал



Спортын тэмцээн уралдаан, тэр дундаа олимпын тоглолт аливаа нэг улс төрөөс ангид байх ёстой, дайтаж буй улсууд хүртэл олимпын тоглолтын үеэр гал зогсоож, түр найрамдах ёстой гэдэг. Гэвч бодит байдал харамсалтай нь тэс өөр, 180 хэм эсрэг аж. Олимпын тоглолт нь спортын бусад арга хэмжээтэй зүйрлэхээргүй их улстөрждөг гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй биз.

Москвагийн 1980 оны олимп, 1984 оны Лос-Анжелосын олимпыг жишээ болгон дурдаж болно. АНУ-ын санаачилгаар Өрнөдийн улс орнууд 1979 онд Зөвлөлтийг Афганистанд цэргээ орууллаа гэж 1980 оны Москвагийн олимпод бойкот зарлан тамирчдаа явуулаагүй. Хариуд нь Зөвлөлтийнхөн 1984 онд Лос-Анжелосын тоглолтын үеэр Зөвлөлт тэргүүтэй социалист лагерын тамирчдын аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэсэн шалтгаанаар тамирчдаа явуулаагүй. 

Ингэж олимпын тоглолтод бойкот зарласнаар хэн хожив? Зөвлөлт Афганистанаас цэргээ гаргасан уу? Үгүй. Хэн ч хожоогүй. Харин ч бойкот зарласан орны тамирчид дөрвөн жил хүлээсэн спортын их наадамд оролцолгүй дөрвөн жил нөр их бэлтгэл хий дэмий л хийсэн болж таарсан. Зөвлөлт Афганистанаас цэргээ гаргаагүй бөгөөд есөн жилийн дараа 1989 онд л арга буюу санхүүгийн хувьд дийлэхээ байгаад цэргээ гаргасан. 

Улстөрчид рейтингээ өсгөх, эсрэг талаа шийтгэхийн тулд олимпын тоглолтыг бойкотолж, тамирчдыг шийтгээд ямар ч үр дүнд хүрч чадаагүй хэрэг.

Үүний дараа ч олимпын тоглолтуудыг бойкотлох янз бүрийг оролдлого хийгдэж байсан. Жишээлбэл, Сочийн Өвлийн олимпыг бойкотлох уриаг хэвлэл мэдээллээр нэлээд хүчтэй цацаж, янз бүрээр оролдсон ч дэлхийн нийт дэмжээгүй учраас тоглолт хэвийн болсон. Тухайн үед Оросыг ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхсан хууль баталлаа гэж олимпыг тоглолтыг хурааж авах ёстой гэж байлаа. Бойкот хийлээ гээд оросууд хуулиа өөрчлөөд, Төрийн Думдаа ижил хүйстнээ сонирхогч оруулж ирэх байсан нь юу л бол. Энэ хууль нь одоо ч ОХУ-д үйлчилсэн хэвээр байна. Цаашдаа ч үйлчлэх байх. Тиймээс хэрэв бойкот зарлаж, олон улс орны тамирчид очоогүй бол тамирчид л хохирох байлаа.

Энэ удаад Бээжингийн өвлийн олимпын эсрэг хориг арга хэмжээ авсныг дэлхий даяар анхааралтай ажиглаж байна. Тодруулбал АНУ-ын Ерөнхийлөгч нь Бээжингийн олимпод дипломат хориг тавьж, нээлт хаалт гэх мэт арга хэмжээнд АНУ-ын төрийн албан тушаалтан очихыг хориглосон байна. АНУ нь энэ шийдвэрийг ардчилсан улсуудын чуулга уулзалтын өмнө гаргасан тул өнөө маргаашгүй эхлэх чуулга уулзалтын үеэр АНУ-ыг аялдан дагалддаг улс орнууд мөн адил шийдвэр гаргасан тухайгаа албан ёсоор зарлах нь гарцаагүй. Хамгийн сүүлд ирж байгаа мэдээгээр Австрали нь Америктай адил Бээжингийн олимпын эсрэг дипломат бойкот зарлаж байгаагаа мэдэгдлээ. Удахгүй энэ жагсаалтад Балтын тэнгис орчмын орнууд бүр Украйн хүртэл нэгдэж магадгүй тухай ярьцгааж байна.

Дипломат бойкот гэхээр олимпын тоглолт руу төрийн албаны нэг ч хүн явахгүй харин тамирчид оролцдогоороо оролцоно гэсэн үг. Тэгвэл албаны хүн явахгүй байх нь хэнд хамаатай юм бэ? гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Дээр хэлсэнчлэн олимпын тоглолт нь хамгийн их улстөржсөн арга хэмжээ байдаг учраас тоглолтын нээлт ба хаалтад оролцох гэсэн нэрийдлээр улс орны удирдагч нар айлчилж, тухайн улс оронд хүндэтгэл үзүүлэнгээ өөр хоорондоо албан бус, тайван нөхцөлд уулзаж, ярилцан янз бүрийн асуудлыг тайван шийдэх боломжтой байдаг онцлогтой юм. 

Тийм ч болохоор бойкот зарлаагүй бол Ерөнхийлөгч эсвэл Ерөнхий сайд нарын түвшинд биш юм гэхэд Гадаад хэргийн сайд нарын хэмжээнд уулзаад янз бүрийн асуудлыг нэг мөр шийддэггүй юм гэхэд шийдэх гарц боломжийг идэвхтэй эрэлхийлж, харилцан ойлголцох бодит боломж байсан. Жишээлбэл, АНУ-ын хувьд Си даргатай интернэтээр бус биечлэн уулзах таатай боломж. Австралийн хувьд “АUKUS” нэртэй шинэ эвсэл ямар учиртай, хэний эсрэг гэх мэт зүйлсээр Хятадын удирдлагатай уулзахаас гадна нүүрс болон бусад зүйлсийн нийлүүлэлтийн асуудлыг хөндөж, зогсонги байдалд орсон хоёр улсын харилцааг сэргээх оролдлого хийх боломж олгох байсан ч бойкот зарласан учраас алдагдсан. 

Гэтэл ОХУ-ын хувьд Бээжингийн тоглолт таатай боломж гаргаж өгсөн. Юуны өмнө Си Жинпин Тэргүүлэгч нь ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг олимпын тоглолтын нээлтэд оролцохыг албан ёсоор урьсан гэхээр хоёр орны итгэлцэл ямар түвшинд байгааг харуулж байгаа хэрэг. Хоёрдугаарт, Путин нь  хэдхэн хоногийн өмнө Энэтхэгт айлчилж Ерөнхий сайд Н.Модитэй уулзаад ирсэн, он гараад Си Тэргүүлэгчтэй уулзана гэдэг нь ОХУ ба Ерөнхийлөгч Путин нь АНУ ба өрнөдийн улс орнуудын хүсээд байгаа шиг хориг арга хэмжээний бүслэлтэд ороогүй, урьдын адил нэр нөлөөтэй хэвээр гэдгийг харуулсан хэрэг болох юм. XXI зуунд дэлхийд тэргүүлэх нөлөөтэй болох хамгийн олон хүн ам, арми, эдийн засаг, санхүүтэй хоёр улсын төрийн тэргүүнтэй ингэж уулзана гэдэг нэгийг харуулж байгаа нь гарцаагүй.

Түүнчлэн бойкот хийснээрээ Шинжаан дах уйгуруудын нөхцөл байдлыг түр хугацаанд ч болов зөөллөх бодит боломжийг алдаж байгаа хэрэг. Олимпын тоглолт үзэхээр ирсэн өндөр албан тушаал­тан Шинжааныг үзмээр байна, уйгур хүмүүстэй уулзмаар байна гэвэл Бээжин нэрээ бодоод учиргүй хориглож гүйгээд байхгүй нь мэдээж. Иймд тэд Шинжааныг үзүүлэхийн тулд тэнд тогтоосон гэгдэж байгаа хатуу дэглэмээ түр ч болов суллах ёстой болно. Түүнчлэн Шинжаан дах Бээжингийн бодлогыг эсэргүүцэж, нутгийн хүмүүст гадаад ертөнцтэй холбогдох бодит боломж гарах байлаа. Гэвч бойкот зарласны гайгаар энэ бүх боломж алдагдлаа. Асуудал улам ужгирч, бэтгэрэх гарцаагүй болж таарлаа.

Тиймээс АНУ тэргүүтэй улс орнуудын хэрэгжүүлж байгаа дипломат бойкот нь Шинжааны асуудлыг шийдэх, асуудалд дэлхийн нийтийн анхаарлыг татах бус харин бүр нууцлаг, бүгшсэн хэлбэрт оруулсан алхам хийлээ гэх шинжээч цөөнгүй байна.

Бээжингийн Өвлийн олимпын тоглолтоор ОХУ-ын Ерөнхийлөгч Путин айлчлах болсонтой холбоотойгоор Москвад суугаа Хятадын Элчин сайдын хэлсэн үгийг сонирхуулъя. Хятадын Элчин нь 2014 оны Сочийн олимпын нээлтийн арга хэмжээ Си Жинпинь Тэргүүлэгч оролцож байсныг юуны өмнө эргэн сануулсан байна. Цаашлаад цар тахлын эсрэг хорио цээрийн хатуу дэглэмтэй байгаа ч Оросын тамирчдыг Хятадад хүрч, тэнд ур чадвараа харуулах нь туслахын тулд Хятад боломжтой бүгдийг хийнэ гэж мэдэгдэв. Хамгийн гол нь Путины айлчлал амжилттай болж, хоёр улсын найрамдал улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна. Дараа нь Өвлийн олимпын тоглолт 2022 оны хоёрдугаар сарын 4-нд буюу Хятадын Шинэ жилийн баярын өдөр нээлтээ хийнэ гэдгийг онцлоод Бар жилийн эхний өдөр олимпын бамбарыг асаах нь тоглолт гарцаагүй амжилттай болохыг бэлгэдэж байгаа хэрэг гэжээ. 

Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сүүлийн үед яригдаж байгаа гол нэг сэдэв бол ОХУ ба БНХАУ хоорондын хамтын ажиллагаа. Олон улсын тавцанд хавчигдаж, шахагдаад ирэхээрээ энэ хоёр улс нэгнээ дэмжиж, нэгэндээ түшиг тулгуур болохоос өөр аргагүй байдалд ороод байгаа гэж болно. Гэвч анхандаа хуучны хүйтэн хөндий бүр дайсагнасан харилцаагаа халах төдий байсан хоёр улсын харилцаа нь цэрэг улс төрийн эвсэл байгуулах хэмжээнд хүртэл дотноссон нь АНУ тэргүүтэй өрнөдийн улс орнуудад маш их түгшүүр, болгоомжлол төрүүлж байгааг нуухгүй байна. 

Сайтар эргэцүүлээд үзвэл болгоомжлохоос ч өөр аргагүй юм. Нэгдүгээрт, дэлхийн №1 эдийн засаг буюу асар мөнгө санхүүгийн боломж агуулсан улс нь цөмийн дайн дэгдвэл АНУ болон түүний холбоотнуудыг баталгаатай устгаж, газрын хөрснөөс арчиж чадах цор ганц улстай найзална гэдэг аяндаа л хар төрүүлмээр.

Дараа нь газар нутгийн асуудал орж ирнэ. Их газрын Хятад нь Тайвань арлыг нэгтгэх гэж маш их хүчин чармайлт гаргаж байгаа. Гэвч Тайвань нь АНУ-аас зэвсгийн тусламж авч, цэргийн баталгаа өгч байгаа цагт тайван замаар их газрын Хятадтай нэгдэнэ гэсэн магадлал тун бага байна. Харин хүчээр нэгтгэхээр шийдвэл БНХАУ нь армидаа эрс шинэчлэл явуулах шаардлагатай. Хэсэгхэн газар АНУ-ын армитай дүйцэх хэмжээнд хүрэх шаардлагатай болох юм. Үүний тулд хамгийн сүүлийн үеийн онгоц, пуужин, нисдэг тэрэг, усан онгоц, агаараас хамгаалах систем шаардлагатай. Хятад одоо урьдын адил биш болсон тул өөрсдөө хөгжүүлж болох ч ингэвэл асар их мөнгө, хамгийн гол нь маш их хугацаа алдах юм. Мөнгө ба хугацаа хэмнэе гэвэл ОХУ-тай найзалж, тэндээс хамгийн сүүлийн зэвсэг технологийг боломжийн үнээр худалдан аваад хуулбарлах боломжтой. Нэг нь армиа бэхжүүлж, хөгжүүлнэ, янз бүрийн хориг арга хэмжээнд орсон нөгөөх нь боломжийн мөнгөтэй, орлогын эх үүсвэртэй болно. 

Хятад Орос хоёрыг дотносоход нөлөөлж байгаа дараагийн зүйл нь эрчим хүчний аюулгүй байдал ба дэлхийн дулаарал. БНХАУ нь дэлхийн дулааралтай тэмцэх ажлын хүрээнд нүүрсний хэрэглээгээ эрс багасгах үүрэг хүлээсэн төдийгүй хэрэгжүүлж эхэлсэн. Цахилгаан эрчим хүчнийхээ 70 хувийг нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас гаргадаг улсад энэ бол тун амаргүй. Хятадад нүүрсийг орлуулах хямд бөгөөд экологийн хувьд хор багатай түлш хэрэгтэй. Ингэж нийлүүлж чадах ганц улс байгаа нь ОХУ. Оросын шатдаг хий нь хямд ба найдвартай нийлүүлэх боломжтой учраас Хятадад ойрын жилүүдэд амин чухал шаардлагатай болно. Харин ОХУ-ын хувьд уламжлалт худалдан авагч Европын холбоо нь АНУ-ын шахалтаар Оросын шатдаг хийнээс бүрэн татгалзах бодлого хэрэгжүүлж байгаа учраас тэр их газрын хийг найдвартай худалдан аваад хамгийн гол нь төлбөр тооцоог баталгаатай хийх улс хэрэгтэй болсон. Тэр нь БНХАУ болж хувираад байна. Түүнчлэн Хятад нь эрчим хүчний хямрал, хомсдолд түр хугацаанд ороод байгаагаас ОХУ нь нүүрсний гол нийлүүлэгч нь болж хувирсан. 

Хятад Орос хоёрыг ойртуулж байгаа дараагийн зүйл нь логистик. Цар тахлын улмаас дэлхийн хэм­жээнд ханган нийлүүлэх гинжин цуваанд янз бүрийн доголдол үүсэж, улмаар бараа бүтээгдэхүүн байвч хугацаанд нь хүргэж амжаа­­гүйгээс үүдсэн бараа бүтээгдэхүүний хомсдол үүсээд байгаа юм. Жишээлбэл, Суэцийн сувагт контейнер тээвэрлэгч аварга онгоц гацсаны улмаас дэлхий даяар барааны хомсдолтой тулгарсан явдал байна. Үүнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний Оросын Арктикийн замаар тээвэрлэн хүргэх боломжийг онцлон анхаарах болсон. Дэлхий дулаарлын улмаас Оросын Арктикт олон жилийн мөсөн хучлага нимгэрэн хайлж, худалдааны усан онгоц чөлөөтэй зорчих илүү таатай боломж бүрдээд байгаа юм. Дэлхийн №1 ханган нийлүүлэгч улс гэгддэг Хятадын хувьд энэ бол ирээдүйд байр сууриа алдахгүй, логистикийн хувьд хавчигдаж боогдохгүй байх нэг баталгаа юм. ОХУ-ын хувьд хуурай газрын хилийнх нь ойролцоо, усан хилээр нь дэлхийг хангах далайн зам явж өнгөрнө гэдэг асар том боломж.

Энэ мэтээр АНУ нь Хятад ба ОХУ-ыг хэдий чинээ их гадуурхан, янз бүрийн хориг арга хэмжээ авна тэр хэмжээгээр Хятад Орос хоёр нь улам л дотно харилцаанд орох нь тодорхой байна. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/9d37b2782569d65bf6c318ee4543f369.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29