Иргэд блокчэйн технологи, криптовалютын талаарх ойлголт мэдлэг дутмаг ч ирээдүйд арилжааны хэрэгсэл болно гэдэгт итгэж байна

Н.БАТ Монголчууд хөрөнгө оруулалтын талаар ямар ойлголттой байдаг вэ. Чухам яагаад ингэж асуух болов гэхээр сүүлийн үед криптовалют, биткойны талаар дэлхий нийтээрээ ярьж, нэг хэсэг нь ашиг олж, нөгөө хэсэг нь хохирсон талаарх мэдээлэл олонтаа гарах боллоо. Үнэндээ цахим санхүүгийн зах зээлийн талаар бидний ойлголт нимгэн байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Төрийн зүгээс иргэдэд сэрэмжлүүлэг болгож “Та бүхэн алдвал бид хариуцахгүй шүү, өөрсдөө эрсдлээ даагаарай” гэсэн мессежийг байнга явуулах. Нөгөө талаас цахим санхүүгийн зах зээлийн тоглогчид “Энэ бол банкинд мөнгөө хадгалуулснаас илүү ашигтай” гэж иргэдийг татна. Юутай ч дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа нь сайшаалтай. Бид үргэлж ард нь явах учиргүй. Дэлхий нийтээрээ цахимд шилжиж байхад бид иргэний үнэмлэхээ хувилж, нотариатаар баталгаажуулан оршин суугаа газрынхаа лавлагааг цаасан хэлбэрээр барьж гүйсээр. Яг одоогоор хаа хаана барьц алдаж энэ зах зээлд тоглогчдоос бусад нь мэдлэг мэдээлэлгүйгээр хөл дүрж байгааг нуух юун. 23-30 насныхан хамгийн их хөрөнгө оруулалт хийжээ Судалгааны “ММСG” агентлаг криптовалют, биткойны талаарх монголчуудын ойлголт, арилжааны зах зээлд оролцогчдын хандлага, хөрөнгө оруулалтын төвшин зэргийг тодруулсан судалгаа хийжээ. Энэхүү судалгаанд оролцсон нийт хүмүүсийн 55 хувь нь хадгаламжинд хөрөнгө оруулалт хийсэн гэжээ. Мөн 19 хувь нь үл хөдлөх хөрөнгө, 17 хувь нь хувьцаа, 17 хувь нь газар, таван хувь нь үнэт цаас бонд гэж хариулсан бол дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа криптовалют, койнд хөрөнгө оруулсан хэсэг нь маш бага хувьтай гарчээ. 

Гэхдээ судалгаанд оролцсон иргэдийн 35 хувь нь энэ тухай хангалттай ойлголттой гэсэн бол 65 хувь нь хөрөнгө оруулалтын өгөөж өндөр гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, хадгаламж, хувьцаа, бонд, үнэт цаастай харьцуулахад криптовалют, койн нь өгөөжтэй гэж үзсэн учраас иргэдийн хөрөнгө оруулалт хийх нь нэмэгдэж байгааг үгүйсгэх аргагүй. “Хадгаламжийн хүү буурч, инфляцын түвшин өссөн учраас иргэд мөнгөө зөвхөн банкинд хадгалаад байлгүй, үр өгөөжтэй, эрсдэлээ даах байдлаар хэрхэн өсгөх вэ гэдэг асуулттай тулгарч байна” гэсэн утгатай хариултыг олон хүн өгчээ. Тиймээс 58 хувь нь криптовалют, койн худалдаж авах талаар сонирхож байна. Гэхдээ нөгөө талаас “Та бүхэн мөнгөө алдвал хариуцлагаа өөрсдөө үүрээрэй, төр хариуцахгүй шүү” гэх тайлбар, мэдэгдлээс болж 14 хувь нь луйвар гэдэгтэй санал нийлжээ. Харин бусад нь эргэлзээтэй байгаа хэсэг. Мэдээлэл дутуу, хууль эрхзүйн орчин яаж эргэхийг хүлээж байна гэсэн үг.  Криптовалют, койн огт худалдан авч байгаагүй хүмүүсийн зүгээс “Крипто гэхээр хий, хоосон бодит зүйл биш гэж бодож байна. Сайн ойлголт байхгүй” хэмээн татгалздаг бол эзэмшигч арилжаалагчид “Дотоодын койныг авсан тохиолдолд урт хугацаанд нь төлөвлөх ёстой байтал бусад хүмүүс хурдан хугацаанд их хэмжээний ашиг олох бодолтой байдаг. Энэ нь эргээд дахиж өсөхгүй байх үнийг нь бууруулах эрсдлийг дагуулдаг. Мөн дээрээс нь эрсдэлээ дааж, хэрэглээний бус мөнгөө хийвэл зүгээр санагдсан” гэсэн хариулт өгсөн байх юм. Судалгаагаар дотоодын зах зээлд хамгийн их танигдсан нь Ардкойн. Нийт оролцогчдын 83 хувь нь ямар нэгэн байдлаар ардкойны талаар мэдээлэл авч, 37 хувь нь худалдаж авахаар судалж үзсэн гэжээ. Криптовалют, койн эзэмшигч, арилжаалагчдын дийлэнх хувь нь 23-30 насныхан байгаа нь анхаарал татсан нэг үзүүлэлт. 40-өөс дээш насныхан энэ зах зээлд яаран ордоггүй аж.  Монголд хамгийн их эзэмшигчтэй Ард болон IHC койнд хөрөнгө оруулсан шалтгааны тухайд “төслийн багт итгэдэг” гэсэн хариултыг олонх нь өгсөн байна. Тиймээс худалдаж авахдаа юун түрүүнд гаргаж буй байгууллагын нэр хүнд, нэгжийн үнэ, ирээдүйн зорилго, санхүүгийн чадамж, арилжаалагдах биржийг чухалчилдаг байна. Гаргасан байгууллага, төлөөлж буй хүн нь криптовалют, койны үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй гэж арилжаанд оролцогчдын 68 хувь нь үзэж, 52 хувь нь худалдаж авчээ. Тэдний 42 хувь нь өөрсдийгөө анхлан суралцагч гэсэн бол 7 хувь нь мэргэжлийн түвшний мэдлэгтэй гэсэн байна. Мөн 55 хувь нь 1 саяас дээш төгрөгийн хөрөнгө оруулсан бөгөөд 23-30 насныхан хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн дүн гарчээ.


Тэд хаанаас мөнгө олж, хөрөнгө оруулдаг вэ?

Арилжаалагчдын 49 хувь нь өөрийн цалингаас бага багаар хөрөнгө оруулсан гэж хариулсан бол 41 хувь нь хадгаламжаасаа, зургаан хувь нь гэр бүл найз нөхдөөсөө зээлж, хоёр хувь нь өөрийн өмч хөрөнгөө зарж, дөрвөн хувь нь бусад байдлаар гэсэн хариулт өгсөн байна. Сонирхолтой нь 54 хувь нь ашигтай оролцсон бол таван хувь нь бага зэрэг алдагдалтай гэжээ. Харин криптовалют, койны талаарх мэдээллийг 66 хувь нь фэйсбүүкээс, 31 хувь нь найз нөхдөөс, 17 хувь нь дотоодын вэб сайтаас, 17 хувь нь инстаграммаас авсан байна. Хамгийн их мэдээлэл авдаг дагагчийн хувьд фэйсбүүкт Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг тэргүүлдэг бол инстаграмд “Их Бит” ХХК-ийн захирал О.Мөнхжин, арилжааны биржээр DAX.mn, Coinhub, Trade.mn-ийг нэрлэжээ. Арилжаанд оролцогчдын 79 хувь нь ирээдүйд криптовалют нь төлбөрийн хэрэгсэл болно гэдэгт итгэл үнэмшил өндөр байгааг судалгаа харуулж байна. Тэдний 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй. Харин 50 гаруй хувь нь сард 1.3 саяас дээш төгрөгний орлоготой гэжээ. Мөн 41 хувь нь ARDCoin хэрэглэгч гэх мэтээр хариулт өгсөн байна. Хамгийн чухал нь судалгааны дүгнэлтээс харахад криптовалют, блокчэйн технологийн суурь ойлголтууд нийт иргэдэд төдийгүй арилжаанд оролцдог бүлэгт ч сул байгаа нь аль аль талдаа эрсдэл дагуулдаг юм. 

УИХ-ын дарга Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл эцэслэн батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэл шинээр олон нийтэд койн гаргах, арилжаанд шинээр оруулахтай холбоотой үйл ажиллагаанд холбогдох байгууллагууд анхаарал хандуулахыг сануулсан. Хуулийн төсөл өргөн бариад хэлэлцэгдэж байгаа энэ үйл явцад арилжаалагчид төдийгүй арилжаанд идэвхтэй оролцогчдын байр суурь, мөн мэдлэг мэдээллээр хангах ажил нэн чухал байгаа юм. Мөн энэ зах зээлийн талаар ул суурьтай судалгаанд үндэслэн УИХ хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх эсэх нь олны анхаарлын төвд байна. Хэрэв вертуал хөрөнгийн зах зээлийг зохицуулах хууль, эрхзүйн орчинг бий болгохгүй бол эрчимтэй хөгжиж байгаа энэ зах зээл мөнгө угаах гэмт хэргийн талбар ч болж болзошгүй юм. Ямартай ч судалгаанаас ажиглахад иргэд блокчэйн технологи, криптовалютын талаарх ойлголт мэдлэг дутмаг ч ирээдүйд арилжааны хэрэгсэл болно гэдэгт итгэж хөрөнгө оруулалт хийсээр байна.


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/4b00110c6daf7c81a6c2a909171cf3a0.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29