Б.Булган, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх О.Бархасбадийн хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

Т.АМАРТҮВШИН


Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан, хурандаа О.Бархасбадид холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Төв аймаг дахь шүүхэд боллоо. Б.Булган нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, О.Бямбажав нарт Улсын Дээд шүүх хорих ял оноосон бол Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан О.Бархасбадийн хэргийг шүүх хэрэгсэхгүй болгоод байсан юм. Хохирогчид дээрх шийдвэрийг эсэргүүцэж, прокурорын байгууллагад хандсанаар О.Бархасбадид холбогдох хэргийг  дахин шалгасан. Хэргийг Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны наймдугаар сард хэлэлцэж, цагаатгах шийдвэр гаргасныг мөн хохирогчид давж заалдсан билээ.  


Хурандаа О.Бархасбадид холбогдох давж заалдах шатны шүүх хурал өчигдөр 10:00 цагт эхэлсэн. Хэргийг шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Т.Энхмаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй шүүж, улсын яллагчаар Б.Батсайхан оролцлоо. Шүүх хуралд Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нар биечлэн оролцсон бол Б.Содномдаржаагийн өмгөөлөгч ар гэрийн шалтгаанаар Эрдэнэт хотоос ирж амжаагүй байна. Харин шүүх хуралд хохирогч Т.Чимгээгийн өмгөөлөгчөөр С.Оюунцэцэг, Б.Булганы өмгөөлөгчөөр Ц.Гүенбат нар оролцов. 

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн О.Бархасбадид холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаалаа. 

Энэ тухай шүүгчдийн бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулсан юм. Хэргийг хянан хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүн “Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бархасбадид холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны зургадугаар сарын 15-ны өдрийн МН/200 дугаар цагаатгах тогтоолтой хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн МН/82 дугаар магадлалаар хянан хэлэлцлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, О.Бархасбадид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ” гэв. 
Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор хэргийн оролцогч нарын байр суурийг сонслоо. Хохирогч Б.Содномдаржаа “Би Эрдэнэт хотоос ирж, хохирогчийн хувиар шүүх хуралд мэдүүлэг өглөө. Өмгөөлөгч ар гэрийн шалтгаанаар ирж амжаагүй учраас би өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцсон. Хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргасанд талархалтай хүлээж авч байна. Хуулийн байгууллага үнэн зөв шийдвэр гаргалаа” гэв. 
Харин хохирогч Т.Чимгээ “Хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргасанд баяртай байна. Олон жил хэлмэгдэж, эрүүдэн шүүлгэж, амьдралаараа би хохирсон. Шүүх зөв шийдвэр гаргалаа. Цаашид О.Бархасбадийн эрүүдэн шүүсэн гэм бурууг тогтоож, үнэн зөвөөр шийдэх байх гэж найдаж байна. Энэ хүн бол эрүүдэн шүүсэн хэргийн гол оролцогчийн нэг. Тиймээс хуулийн байгууллага гэм буруутай эсэхийг нь хэлэлцэж, үнэн зөв шийдвэр гаргана гэж итгэж байна” гэлээ. Хохирогч Б.Булган “Би энэ хэргийн талаар юу ч ярихгүй. Байр сууриа илэрхийлэхгүй” гэв.
О.Бархасбадид прокуророос Эрүүгийн хуулийн 133.1 буюу Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, 251.1 буюу Гэрч, хохирогч мэдүүлэг өгөхөөс, шинжээч дүгнэлт гаргахаас татгалзах, зайлсхийх заалтуудыг зөрчсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 133.1-т “Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 251.1-т “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан байна. 
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/21e1373134bcc1e09a335203b4f44334.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29