Тамирдсан мөнгөний бодлогыг таагүй нөхцөл хүлээнэ

Төрөөс баримтлах мөнгөний бодлогын ирэх жилийн үндсэн чиглэлийг батлах үйл явц өрнөж байна. УИХ-ын намрын чуулганы гол сэдвийн нэг нь энэ. 2022 онд буюу бүтэн жилийн турш дагаж мөрдөх учиртай мөнгөний бодлого нийгэм, эдийн засгийн хямрал, хүндрэл дундуур үргэлжлэх суурь нөхцөл бүрджээ.


Тухайлбал, инфляцын дарамт, үнийн өсөлт өнгөрсөн хугацаанд талийж өгөв. Цаашдаа ч нийлүүлэлтийн гаралтай инфляц эдийн засагт томоохон шок үүсгэж болзошгүй байна. Үүн дээр нэмээд ажилгүйдэл, ядуурал, төрийн урагшгүй байдал, итгэл алдарсан олны хүлээлт, чанаргүй болсон өр зээл чухамдаа амьдралыг улам зүдэр­­гээтэй, зовлонтой болгож байна. Улс орны төсөв, мөнгөний бод­лого аль аль нь тамирдаж гүйцжээ.

Ганцхан жишээ татъя. Энэ оны төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг болж, ДНБ-ий таван хувьтай даруй тэнцжээ. Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацаанд ийм хэмжээний өр үйлдвэрлэж, Засгийн газрын дотоод өрийн хэмжээ огцом нэмэгдлээ. Мөнгөний бодлогын орон зайг төсвийн алдагдал хумьсаар. Мөнгөний бодлогын хувьд инфляцын өсөлт 10 хувь руу дөхөөд ирчихлээ. Үнийн өсөлт богино хугацаанд хэр хурдан цар хүрээгээ тэлж байгааг уг статистик маш тодорхой харуулна. Жолоогоо алджээ, бид. 

Макро эдийн засгийн статистик үзүүлэлтүүд өнгөрсөн хугацаанд бүгд л дордож, уруудсан байна. Эдийн засагт гялтайх, гялайлгах юм алга. Болохгүй, бүтэхгүй нь дийлсээр, үүндээ дийлэгдсээр. Хүмүүс өвдөж, өлсөж, өр зээлийн хүлээст автаж, хий бухимдаж, хийцгүйрч сууна. Ажилтай, орлоготой байснаа зарим нь дурсаж, үгүй бол халамж хамгаалалт засаг төрөөс горьдож, хорооны хэдээ “тойглох” нь холгүй юм болно. Ирэх жилийн мөнгөний бодлогын суурь дэвсгэр нь нэг ийм. Тамирдсан мөнгөний бодлогыг таагүй нөхцөл, тааламжгүй уур амьсгал хүлээж байна гэсэн үг. Цар тахлын дуулган дор төсвийн бодлого задгайрч, хяналтгүй мөнгө, хязгааргүй эрх мэдэлд нийгмээрээ “бярдуулсан”. Энэ үед мөнгөний бодлого, төв банк байгаа, үгүй нь мэдэгдэхгүй өнгөрсөн. Харин ирэх жил яах бол...

Мөнгөний бодлого хумигдаж, төсвийн орон зай тэлсэн энэ оны дүр зураг ирэх онд ч хэвээр өрнөх бололтой. 2022 оны төсвийн төслийн хар зураг үүнийг улам тод илтгэнэ. Төсөв, мөнгөний бодлого хорших албагүй. Үг, өгүүлбэр, таслал, цэг нь хүртэл заавал ижил байх ёсгүй. Гэвч эрх баригчид төсөв, мөнгөний бодлогыг нэг шуудайнд л хийх хүсэлтэй байгаа нь УИХ-ын даргын үг, үйлдлээс илт харагдана. Үүгээрээ дамжуулж, төв банк, мөнгөний бодлогын хараат бус, бие даасан байдалд “халдана”. Өөрсдийн баталсан хууль, эрх зүйн орчныг өөрсдөө эвдэж үзүүлнэ. 

Санхүүгийн зах зээлийн одоогийн хөгжлийг эрх оронч нэр зүүсэн түшээд ихэд зүхдэг. Гэвч төр засгийн баталсан хууль, хэрэгжүүлсэн бодлогын тусгал нь энэ юм. Зээлийн хүү өндөр, хүмүүс хүүнд дарлуулж, дарамтлуулж байгаа нь эцсийн дүндээ төр засгийн хүнд суртал, хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал, авлига, хэтийдсэн улстөржилт, увайгүй эрхмүүдийн ялзрал, доройтлоос эхтэй гэмээр. Өөрсдийнх нь “бүтээсэн” санхүүгийн тогтолцооны гажуудал өнөөдөр гэнэт бий болсон зүйл биш. 

Мөнгөний бодлого угтаа макро эдийн засгийн тэнцвэржүүлэгч нь. Гэвч энэхүү эрх мэдлээ төсөвт, төрд “булаалгажээ”. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогыг дур зоргоор “удирдах” сонирхлоо эрх баригчид барьж дийлэхгүй байна. Мөнгө хэвлээд л эдийн засгаа сэргээж, иргэдийн амьжиргааг сайжруулж, нэг өдөр бүгдээрээ баян болох юм шиг ухуулга хийж, олны тархийг “угаана”. Амар хялбар амьдрах арга заана. Гэтэл үүний цаана инфляц, үнийн өсөлт, өр гэтэж суудаг. Мөнгөний бодлогын дайсан нь инфляц. Тийм учраас жил болгоны мөнгөний бодлого инфляцыг онилдог. Нэг оронтой тоонд хүлээтэй байсан инфляц оны эцэс гэхэд хоёр оронтой тоонд хүрэхээр байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байсан. Түүний хувьд банкны салбарт ажиллаж байсан болохоор инфляц хадгаламжийн “эрлэг” гэдгийг мэдэх. Төв банк инфляцын хуучин зорилтоо ирэх онд “тодотгон” дэвшүүлсэн нь түүнийг ийнхүү хэлэхэд хүргэсэн байх. Инфляц улсын хэмжээнд 9.6 хувьтай байна. Үнийн өсөлт инфляцын таамгийг үгүйсгэхээр байгаа юм. 

Үндэсний статистикийн хороо нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг нэг сарын хоцрогдолтой танилцуулдаг. Тэгвэл ирэх сарын дундуур 10 дугаар сарын инфляцын үзүүлэлтийг танилцуулна. Үүнд Эрээн хилээ хаасан, нарийн ногоо тасарсан, үйлдвэрлэгч бус импортлогч, хэрэглэгч орны сул тал тодорхой хэмжээсээр харагдана. Хил гааль, бараа бүтээгдэхүүний саатал энэ бүхэн инфляцыг хөөрөгдөх, үнийн өсөлт өрхийн амьжиргаа өөдлөх бүх боломжийг хааж мэдэх эрсдэл юм. Төв банкны мөнгөний бодлого инфляцын дарамт, түүнээс үүдэх эрсдэлийг бодитой харж чадсан эсэх нь эргэлзээ төрүүлнэ. Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч С.Болд “Инфляц ирэх жилийн мөнгөний бодлогын хамгийн том сорилт” гэж дүгнэсэн нь анхаарал татна.

Хилээр орж ирж буй бараа, бүтээгдэхүүний үнэ жилээс жилд өсөөд байгаа гол буруутан нь ам.доллар эсвэл юань гэж бидний дийлэнх боддог. Угтаа төгрөг л үүргээ гүйцэтгэж чадахгүй, үнэгүйдэж байгаагийн илрэл нь энэ. Ам.долларын ханш тогтвортой байгаа нь ядарсан эдийн засагт дэм. Харин төгрөгтэй харьцах юанийн ханш тасралтгүй өсөж байна. Монгол төгрөгийн үнэ цэнэ Монголын төрийн нэр хүнд шиг суларч, бусад орны голлох валютын өмнө царай алдсаар. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2848 төгрөгтэй тэнцэж байна. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш тогтвортой байгаа нь алтны тушаалт нэмэгдсэн, улмаар валютын нөөц зузаарсан, гадаад өр төлбөрийн эргэн төлөлтийг хойшлуулсан, хил хаалттай байгаагаас үүдэн хүмүүсийн орох, гарах хөдөлгөөн хязгаарлагдсаны давхар нөлөөлөл аж. Тухайлбал, боловсрол, аялал жуулчлал гэх мэт салбар зогсонги байдалд орсон нь валютын гарах урсгалыг сааруулсан. Хэдий тийм боловч ирэх жилийн мөнгөний бодлогын ээлжит сорилт нь төгрөгийн үнэгүйдэл. Мөнгөний бодлогын хараат бус, дархан байдал чуулганы танхимд зөрчигдөх тусам төгрөг төлбөрийн чадвараа алдсаар ирсэн юм. 

Төв банк санхүүгийн салбарт зоримог эхлүүлсэн шинэчлэлээ ирэх онд эрчимжүүлнэ. Энэ хүрээнд арилжааны банк болгон олон нийтэд хувьцаагаа санал болгож, хөрөнгийн зах зээлд зэлээ татах юм. Үүний бэлтгэл ажил он дамнан үргэлжлэх шинжтэй. IPO хийгдсэнээр 600 орчим тэрбум төгрөг гурван их наядын үнэлгээтэй дотоодын хөрөнгийн зах зээлд орж ирэх хүлээлттэй байна. Хагас их наяд хол давсан мөнгө хувьцааны зах зээлийг сэргээх, сэрээх хөшүүрэг мөн. 

Гэхдээ хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжсэн өнгөрсөн 30 жилийн хугацаанд Анод, Зоос хувьцаат компани болоод дампуурч байсан. Энэхүү гашуун жишээг сануулахын учир нь банкны салбарыг хөрөнгийн зах зээлтэй холбох “ажиллагаа” нүд хуурсан бус энгийн иргэн банкны хувьцаа эзэмшигч болох дэд бүтцийг бүрдүүлэхэд орших юм. Ирэх жилийн мөнгөний бодлого өрхийн орлогыг тэтгэх амлалтаа биелүүлээсэй гэж хүсэх. Энэ ажил төгрөгийн үнэ цэнийг хадгалахаас эхэлж таарна. Тэгвэл төв банк үүргээ гүйцэтгэлээ гэсэн үг. 



Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/7f9afc1cfd0038eb41f384d04cec2bee.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29