Ж.БАТБААТАР: Тэд гомдох эрхгүй ...

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч, профессор Ж.Батбаатартай уулзаж өнөөдөр нийгэмд хэлэлцэгдэж байгаа хэвлэл, мэдээллийн хууль, эрх зүйн орчны болон бусад тулгамдсан асуудлын талаар тодруулж ярилцлаа. -Эрүүгийн хуулийн худал мэдээлэл тараахтай холбоотой тодорхой заалт нэлээд маргаан дагуулж хэрхэн өөрчлөх тухай яригдаж байна. Энэ талаар товчхон яривал...? -Өнгөрсөн онд өөрчлөлт оруулсан “Эрүүгийн хууль”-ийн 13.14-т “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуунд өчин цагаас долоон зуун хорин цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь сэтгүүл зүйн ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалж гардаг санаандгүй нэг алдаа ч худал мэдээлэл тараасан болж эрүүгийн хариуцлагад татагдах, зүгээр л ажлаа хийж яваад эрүүгийн хэрэгтэн болчихож мэдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ богинохон хугацаанд ийм байдлаар хэд хэдэн сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэгджээ. Сэтгүүл зүйн салбарт хуулийн энэ асуудлаар өргөн хэлэлцүүлэг явагдаж, ийм эрсдэлээс сэтгүүлчдийг хэрхэн хамгаалах арга замын тухай ярилцаж байна. Ер нь дан ганц сэтгүүлчид ч гэлтгүй, өнөө цагт мэдээллийн харилцаанд өргөн хүрээтэй оролцох болсон нийт иргэдийн эрх ашигт ч ихээхэн хамаатай асуудал юм. УИХ-ын зарим гишүүд саяхан энэ байдалд дүгнэлт хийн хуулийн уг заалтын томьёоллыг өөрчлөх хуулийн төсөл санаачлан өргөн барьсан. Одоогийн хуулинд байгаа маш өргөн хүрээнд аливаа алдаж ташаарсан мэдээлэл бүхнийг хамааруулж хуулийн хариуцлага хүлээлгэх гээд байх боломжтой ”худал мэдээлэл” гэдгийг “гүтгэлэг” болгон өөрчлөх санал оруулж байгаа нь хамрах хүрээг хумьж, нөхцөл байдлыг дээрдүүлэх харьцангуй боломжит хувилбар юм уу гэж ойлгож байгаа. Хэдийгээр зөв, буруу гэж тодорхой хэмжээнд маргаан дагуулдаг ч гэсэн сэтгүүлчдийг ажлаа хийснийх нь төлөө эрүүгийн хуулиар аль болох шийтгэдэггүй байх,хуулийн тийм орчин, үзэл баримтлал руу бид явах ёстой. Чөлөөт хэвлэл бол нийгмийн бусад салбаруудаас ихээхэн өвөрмөц үүрэгтэйг ойлгож, хүлээн зөвшөөрсөн ялангуяа төр, засаг түүний эрх мэдэлтнээс хараат бус байх нөхцөлийг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой юм. -Эндээс үүдээд асуухад улс төрд нөлөө бүхий этгээд хэвлэл, мэдээлэлд “гомдох” эрхтэй эсэх тухай яригддаг? -Энэ чинь олон улс орны эрх зүйд бараг л аксиом болчихсон зүйл шүү дээ. Ерөнхийдөө энэ тухай асуудлыг эрх зүйн болон практикийн гэх үү, хоёр талаас авч үзэх нь түгээмэл байдаг л даа. Нэг нь, анх 1960 онд “Нью-Иорк таймс” сонины мэдээллээс үүдсэн нэг хэргийг АНУ-ын дээд шүүх авч хэлэлцээд хэрвээ төрийн албан хаагч өөрийгөө хэвлэл мэдээллээр гүтгэгдсэн гэж үзэж байгаа бол тэр нь илтэд гүтгэлэг болохыг өөрөө баримтаар нотолсноос бусад тохиолдолд сэтгүүлч болон хэвлэлийг шүүхэд дуудах, хариуцагчаар татах ёсгүй гэсэн шийдвэр гаргасан нь одоог болтол олон улсад эрхзүйн хувьд дагаж баримтлах түгээмэл жишиг болж явдаг юм. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалан баталгаажуулсан шүүхийн энэ шийдвэр хэвлэл, мэдээллийг эрх мэдэл, албан тушаалын аливаа дарамт, айдсаас ангид олон нийтэд мэдээллээ чөлөөтэй хүргэн ажиллах чухал нөхцлийг бүрдүүлж өгсөн гэж үздэг. Тэгэхээр энэ нь төрийн буюу нийтийн албанд албан тушаал хашиж байгаа хэн нэгэн эрхэлж байгаа ажил, албан тушаалтай нь холбоотой хэвлэлийн аливаа шүүмжлэлд тэрчлэн буруу, ташаа гүтгэлэг гэж үзэж байлаа ч гомдол гаргах ёсгүй гэсэн үг, ардчилсан нийгэмд тийм эрх зүй үйлчилдэг. Харин хувь хүнийх нь эрх, эрх чөлөө, нэр төрд халдахтухайд бол өөр хэрэг юм. Гэтэл манай хуулинд голдуу энэ хувь хүний эрх талаас нь, энэ өнцгөөс нь хандаж адилхан л хүн учраас бусдын адил “гомдох” эрхтэй, албан тушаалтан гээд эрхээ хасуулж, ялгаварлагдах ёсгүй гэх үзэл, хандлага давамгайлж тусгалаа олсон байдаг. -Тэгвэл нөгөө “практик” талаас нь хэрхэн үздэг юм бол? -Тэр нь “бичигдээгүй хууль” гэж ярьдаг даа, нэг тиймэрхүү түвшинд байдаг тогтсон ойлголт юм. Аливаа өндөр албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд бас тэдэн дээр нэмээд одод, олны танил хүмүүс ч адилхан хүссэн, хүсээгүй нийгэм, олон нийт, хэвлэлийн хараа хяналт, байнгын шүүмжлэл дор нэг ёсондоо “нийгмийн, нийтийн хүн” болж амьдардаг. Тийм учраас тэд ийм “шүүлт”, шалгуурыг даах, давах сэтгэл зүйн бэлтгэл, “пянгаа даахаар хаттай” байх ёстой үздэг юм. Өөрөөр хэлбэл, тэд гомдох эрхгүй. Чөлөөт хэвлэл ийм л зарчим барьж ажилладаг, ингэж сургадаг. Аливаа эрх мэдэл, нэр нөлөө, тэдний хамаарлаас ангид байх шударга зарчмыг гол болгодог чөлөөт хэвлэл чухамдаа ийм байдлаар тэдэнд тавих олон нийтийн хяналтыг хэрэгжүүлдэг онцлогтой. -Бас цар тахал, онцгой нөхцөл байдлын үеийн олон нийтийн мэдээлэл, эх сурвалжийн тухай асуудал нэлээд маргаан дагуулсан уу? -Өнгөрсөн хугацаанд Цар тахлын тухай хуулийн зарим заалт болон засгаас “Эрсдэлийн мэдээлэл, харилцааны түр хороо” байгуулж бүхий л мэдээллийг нэг эх сурвалжаас хүргэж байх тухай яригдсан зэрэг нь хэвлэл, мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийг олон улсад ч ихээхэн асуудал болон яригдаж байгаа онцгой нөхцөл байдлаар далимдуулан хязгаарлагдаж болзошгүй хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, иргэдийн мэдэх эрхийг хангах асуудлаар яриа, хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэж, МСНЭ ч үүнтэй холбоотой мэдэгдэл гаргасан. Онцгой нөхцөл байдлын үед худал, хуурмаг мэдээллээс болгоомжлох, түүнийг хориглох нь зүй ёсны боловч албан хэмээх ганц эх сурвалжийг тулгах нь чөлөөт хэвлэлийн үүрэг, мөн чанарт хэрхэвч таарч, тохирох зүйл биш юм. Хэвлэл мэдээлэл цар тахал, онцгой нөхцөлд ч нэг эх сурвалж буюу албаны мэдээлэлд туйлшран дулдуйдах биш, аль болох олон түвшний эх сурвалжтай бодит мэдээлэл цуглуулах, судалж сурвалжлах, иргэдийн санаа бодол, байр суурийг чөлөөтэй хүргэхийг чухалчилдаг мэргэжлийн эрх ашгийг нь хөндөж, халдахааргүй эрх зүйн зохицуулалт, хямралын үеийн мэдээлэл харилцааны онцлог менежмэнт хэрэгтэй байна. Өнгөрсөн хугацаанд гарсан шиг сошиал сүлжээний элдэв мэдээллийг мэргэжлийн түвшний буюу сэтгүүл зүйн редакцийн мэдээлэлтэй хольж, хутган ойлгож янз бүрээр дүгнээд, бодит мэдээллийн үндэс болдог олон эх сурвалжийг хааж хориглох тухай биш, мэдээлэл үнэн бодитой, баталгаатай байх шаардлагын тухай л ярих ёстой юм. -Үүний тулд яах ёстой гэж бодож байна вэ? -Тухайлбал, сүүлийн хоёр жил шахмын энэ хямралын нөхцөл байдал бидэнд цаашид дүрэм, журам, хууль эрх зүйн зохицуулалт нь ямар байх тухайд ихээхэн сургамж, туршлага үлдээж байна. Зөвхөн хуулийн зохицуулалт ч гэлтгүй манай хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдөө онцгой цаг үед хэрхэн ажиллах мэргэжлийн үйл ажиллагааны дүрмээ ч өнөөгийн болж буй үйл явц, тохиолдсон сургамжаас санаа, сэдэл авч боловсруулах хэрэгтэй болжээ. Энэ чиглэлээр сэтгүүлчид санаа бодол, туршлагаа солилцон хэрхэх тухай ярилцаж байгаа зарим зүйл ч бий. -Өнөөгийн хэвлэл мэдээллийн салбарын дотоод дахь эн тэргүүний тулгамдсан асуудал нь юу байна вэ? -Сэтгүүл зүйг сошиал медиа буюу нийгмийн сүлжээтэй заримдаа бүр ялгахад бэрхтэй болж олон нийтэд зориулсан мэдээллийн мэргэжлийн түвшний үйлдвэрлэгчид байх ёстой сэтгүүлчид зэрэгцээд “сошиал тоглогчид” болсон нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэхэд хүргэх болсон. Гэвч энэ нь сошиал орон зайд олон нийтэд хүрдэг онцогтой мэдээллийг хэлээгүй шүү. Угтаа сошиалчдын өөрсдийнх нь “хөдөлмөр өдөр”, “хүн хүчний нөөц” нь хүрэлцээтэй, бүр багтаж ядаж байхад гэрээ мартаад, сав л хийвэл тэнд явцуу эрх ашиг, зорилгоор постчин, комментчин, сэвэгч хийж явдаг сэтгүүлчид ийм байдлыг бий болгож, нийгмийн хуваагдал, талцал, туйлшрал, хэтэрхийллийг дэвэргэлцэж тэр нь хэрэглэгчдэд эргэлзээ төрүүлж, хэвлэл, мэдээллийн нийгэм дэх зайлшгүй үүрэг, оролцоо бүдгэрч, орон зай нь хумигдахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгааг энд дахин хэлэхгүй байх аргагүй. -Бас хэвлэл мэдээллийнхэн дандаа сөрөг, хар бараан юм ярьж байна гэцгээдэг. Үүнд ямар учир шалтгаан байдаг вэ, эсвэл үнэхээр тийм юм уу? -Олон хүн сэтгүүлчид дандаа л сөрөг, муу юм ярьдаг, сөрөг хандлагатай гэж шүүмжилдэг тал бий ч, үнэн хэрэгтээ огт тийм биш, уг ажлынх нь үүрэг, мөн чанар тийм юм. Мэдээж өнөөгийн нийгэмд, бидэнд болж бүтэж байгаа, сайн сайхан зүйл, муугаасаа хавьгүй олон нь тодорхой боловч, тэднийг магтах, алдаршуулахаас илүүтэй, нийтийн эрх ашиг, тусын тулд болохгүй, бүтэхгүй юу байгааг нь олж харах, илрүүлэх, шүүмжлэх замаар засаж сайжруулах үүргийг чөлөөт хэвлэл хүлээж байдаг юм, тэр ажлаа хийж, улс орон, нийгэм, иргэдийн төлөө санаа тавьж байдагтаа л тэгж харагддаг болохыг нь хүмүүс төдийлөн ойлгодоггүйд хамаг учир нь байдаг. Түүнээс сэтгүүл зүй муу, муухайдаа эсвэл тэнд баахан сөрөг хүмүүс цуглачихсан байдагтаа биш юм. Бас нэг юм хэлэхэд,иргэд маань олны тусын тулд цаг ямагт мэргэжлийн эр зориг, ямар нэг хэмжээгээр эрсдэл, золиос шаардаж байдаг өвөрмөц ажил болох чөлөөт хэвлэл, сэтгүүлчдийг үгүйсгэж, итгэл, зоригийг нь мохоогоод байвал нийгэмд хэн аливаа шударга бусын эсрэг тэмцэж, үнэний дуу хоолой болж явах вэ гэдгийг бодож, тийм сэтгэлгээнээсээ ангижирч, салхинд туугдсан завь шиг барьцгүй “нийгмийн сүлжээ”-нээс эрхбиш ялгаж салган, дэмжиж ажилладаг байх нь улс, нийгэмд маань тустай юм. Нөгөө талд нь сэтгүүлчид ч үүргээ хичээн биелүүлэх ёстой. -Үзэгчид, уншигчид сэтгүүл зүйн ёс зүйд их шүүмжлэлтэй ханддаг. Ялангуяа тодорхой нэвтрүүлэг, эсвэл сэтгүүлчийнх зөв буруу гээд маргах нь ч бий. Та сэтгүүл зүйн онол, мэргэжлийн үүднээс үүнд тайлбар өгч болох уу? -Олон нийтийн мэдээлэл гэдэг өөрийн тогтсон дүрэм, стандарт, төрөл хэлбэрүүдтэй тэдгээрийг нь урлаг, уран сайхны бүтээл шиг дур зоргоор өөрчилж гажуудуулах, элдэв тавилт, найруулга оруулаад байх боломжгүй байдаг. Хэрвээ хэн нэгэн эсрэгээр нь ингэж болно гэж бодож байгаа, эсвэл ингэж хийж болгодог бол, мэргэжлийн бус, их л тоогүй бодол, үйлдэл юм. Зарим сэтгүүлч ярилцлага өгөхгүй гэсэн нэгнийг энд, тэндгүй хөөж элддэг нэг арга барил нэлээд дэлгэрч, сэтгүүлчид, олон түмэн ч их шүүмжилж, таагүй байгаа нь анзаарагддаг. Уг нь хэн нэгнээс ярилцлага авахдаа тосож уулзаад, хэрэг зоригоо танилцуулж, асуулт юмаа тавьж ярилцах нь сэтгүүл зүйн ч, хүний ч ёсонд нийцэх, харилцааны энгийн хэм хэмжээ юм. Ямар ч эх сурвалж ярилцлага, тайлбар өгөхгүй байх, асуултад хариулахгүй эрхтэй болохыг үл ойшоон зад загнаад заавал хариулах албатай мэт хандаад байх нь тухайн сэтгүүлчийн мэргэжлийн бэлтгэл, ур чадвар, мэдрэмж, ёс зүй зохих түвшинд хүрээгүй,асуудалтай байнаа л гэсэн үг. Тэр эх сурвалж олон нийтэд хариулт өгсөн, өгөхөөс татгалзсан аль ч тохиолдолд үзэгчид ялгаж салгаж, үнэлэлт дүгнэлтээ өгч байдаг болохоор сэтгүүлч заавал асуултынхаа хариултыг авах гэж хэт улайрч“шатаад” байх хэрэг ихэнхдээ байхгүй. Үүнээсээ болоод алдаанд хүрэх тохиолдол харагддаг. Харин хүнийг яриулдаг, тавьсан асуултынхаа хариултыг гарцаагүй авдаг мэргэжлийн нарийн арга техникүүдийг л эзэмших, тэдгээрийг ярилцлагчийнхаа сэтгэл зүй, тухайн нөхцөл байдал, бусад онцлогт тохируулан ашиглах арга ухаанд илүүтэй суралцах хэрэгтэй. -Сэтгүүлчдийн ярилцлага, харилцаа, хандлагын асуудлууд их шүүмжлэгдэж байна? -Харж байхад, манай зарим нөхөд сэтгүүл зүйн ярилцлагын талаар ихэд ташаа ойлголттой, ярилцагч эх сурвалжтайгаа бяр чадал, мэдлэг, ур ухаанаа уралдуулах маягийн юм боддог, ядаж л зад мэтгэлцэх ёстой гэж санадаг, түүндээ итгэн урьж ирүүлсэн зочноо үзэгчдийн өмнө гартаах, ялж дарах болж өгвөл бүр “нокаут”-д оруулахыг хичээдэг шиг байгаа юм. Уг нь хэвлэл мэдээллийн үүрэг, зорилго их энгийн, тухайн сэдэв, асуудлаар мэдэх, чухам хэрэгтэй хариулт өгч чадах хүнийг олж сонгон үзэгчдийн өмнөөс асуулт тавьж мэдээлэл авах, олон нийтэд хүргэх явдал л болохоос эфирийн ярилцлагын цаг чинь ямар нэг тулааны талбар биш шүү дээ. Мэдээж сэтгүүлчдэд шалгаах, “дайтах” шаардлага хааяа гардаг ч, түүндээ бүрмөсөн итгэчихээд, зориуд “дайн”-ы нөхцөл үүсгэн дайтаж, тулалдах гээд байвал бусдын дургүйцлийг төрүүлэх, ядаж л цаашид хэвлэлд эх сурвалж болох, ярилцлага өгөх хүн олдохгүйд хүргэх хор хөнөөлтэйг бодох нь зөв байх. Олон нийтийн мэдээлэл дэх иймэрхүү стандарт бус хандлага, арга барилууд нь нийгмийн ёс суртахуун, үзэл санаанд ч мөн тийм тусгалаа үлдээж байдаг. Аливаа нийтлэл, нэвтрүүлгийн төрөл, жанрууд нь тухайн тухайн агуулгыг илэрхийлэхэд зориулагдсан өөр өөрийн онцлогтой нэг ёсны хэрэглэгдэхүүн л юм, тэдгээрийг тохируулж хэрэглэх ёстой. Гэтэл хэвлэл, мэдээллийн эн тэргүүний үүрэг, гол ажил нь болох цаг үе, үйл явдалтай холбоотой мэдээллийн ярилцлага хийж байгаа хэрнээ л ярилцагчаа байцаах, тулган шаардах, зөв бурууг нь даруй шүүн тогтоохыг оролдох гэх зэрэг эсэн шидийн авир гаргаж, түүнийгээ мундаг сэтгүүл зүй хийж, “алаад” өгч байна гэж боддог, итгэдэг болсон байна. Ингэж мэдээллийн сэтгүүл зүйн энэхүү үндсэн форматыг олны анхаарлыг татах гэсэн гагц зорилгоо урьтал болгон огт өөр төрлийн шоу, тавилтат хэлбэрүүдтэй ч юм уу хольж хутган жүжиг, ший янгуу шиг юм болгох нь хэвлэл мэдээллийн тухай иргэдийн ойлголт, үнэлэмж, энэ салбарын хөгжилд төдийлөн сайн зүйл авчрахгүй. Хэвлэл мэдээлэл хэзээ массын хандлага, сэтгэл зүйд тааруулсан эсвэл мөнгө, эрх мэдэл дагасан ядмаг байдлаасаа салж ангижирч чадна, тэр нөхцөлд л чөлөөт хэвлэл жинхэнэ үүргээ биелүүлэн оршиж чадна. Эх сурвалж: Д.Оюунтуяа (Өдрийн сонин)

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/63ab7c70d9de2289bb55720df3d82b01.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29