Х.Баттулгын “ариун хэрэг” хийгээд МАН-ын “албин” дарах ажиллагаа!

Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч МАН-ыг тараах захирамжаа Улсын дээд шүүхийнхэнтэй уулзаж “өөрийн биеэр” танилцуулна гэв. Атал Улсын дээд шүүх түүний “ариун хэрэг”-ийг хэлэлцсэнгүй. Ингээд Х.Баттулгын мэх ч, сум ч дуусах дөхөж байх шиг. Гэхдээ тэр М.Энхболд шиг амархан буугаад өгчих “аядуу зөөлөн” улстөрч биш. Ямархуу цочир мэдэгдэл хийж, гэнэтийн айдас төрүүлэхийг тааварлах аргагүй. Их эвгүй, барьц өгдөггүй хүн болохыг стратегич С.Баяр хүртэл “Жаран хоног “жаран”-ы бутархай”-даа бичсэн нь бий. Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч Ардын намыг тараах захирамж гаргаснаа “ариун хэрэг” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл “Энэ бол Монголын нийт ард түмнээс мандат авч сонгогдсон, тэднийг төлөөлж байгаа, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахиулан хамгаалах үүрэгтэний хувьд надад оноогдож буй түүхэн үүрэг, зайлах аргагүй хариуцлага гэж үзэж байна. Би ард түмэндээ үйлчлэх тангарагтай хүн. Монгол ардын намыг хуулийн дагуу тараах нь хуулийг дээдэлж буй үйлдэл, өргөсөн тангаргаа сахиж байгаа ариун хэрэг мөн" гэж төв талбайд ув улаан хивсэн дээр зогсож байгаад Х.Баттулга мэдэгдсэн билээ. Түүний энэ мэт үйлдэл улс төрд түйрэн тавиад зогсохгүй өөрөө тийрэн нь болчхоод байна ГАНЦААРДСАН Х.БАТТУЛГА "…Уршигт муу эмгэн хүний хаан болсон ч хүсэл жаргал дутуу гэнэ, эзэн хаан болсон ч эрх ямбаа чамлана" гэнэ. А.Пушкины “Алтан загас”-ны үлгэрийг мэдэхгүй хүн үгүй. “Орд харшийн зүйл оргүй алга болж гэнэ. Гайхаж хартал газар гэр нь харагдаж гэнэ. Эмгэн түүний дэргэд ээрүүлээ бариад сууна гэнэ. Эмгэний дэргэд эвдэрхий тэвш нь харагдана гэнэ". Үлгэр ингэж төгсдөг. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьжээ. Энэ бол түүний бүрэн эрх. Хуульд заасан эрхээ Х.Баттулга эдэлж байна. Харин улс төрийн намыг тараах захирамж гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм. Ерөнхийлөгчийн захирамжаар аль нэг намыг тараах эрх зүйн үндэслэл байхгүй. Х.Баттулгын мэдэгдэлдээ цохон тэмдэглэсэн “ариун хэрэг” нь мэдээж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд биш болох нь нэн ойлгомжтой. Үг болгоных нь ард үйлдэл, нүүдэл нь нуугдаж байдаг улстөрчийн хувьд Х.Баттулга мэдэгдлээ “Монгол төрийг нэг намын дарлалаас чөлөөлж, хамгаалахад монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болоод байна” гэх үгээр төгсгөсөн нь цаанаа бодлоготой хэлсэн үг байх. Тэр тусмаа түүний хүний эрхийн зөвлөхөөр нь ажиллаж байсан Г.Уянга сүүлийн үед нүүр номоороо иргэдийг элдвийн хувьсгалд уриалах болсон. Гэхдээ Г.Уянгын үзэл бодол Х.Баттулгын хүсэл, зорилго биш байгаасай гэж найдъя. Ердөө эрх мэдлийн төлөө “алтан загас”-ны эмгэн шиг авирлаж явсан Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрээр “эвдэрхий тэвш, ээрүүлтэйгээ үлдэх” нь тов тодорхой болов. Өдгөө Х.Баттулга өндөр оргилоос уруудаж буй улстөрчийн ганцаардмал замналыг тойрч биш туулж явна. Түүний дэргэд хэдэн хүүхнээс өөр хэн ч үлдсэнгүй. МАН-ынхан Үндсэн хуулийн Цэц дэх гар, хөлийг нь тайрч, шүүх, прокурор дахь хонгилыг нь нураачихсан. Хайртай дүү Н.Түвшинбаяр нь хүн зодож, шоронд хоригдчихсон. Аса Д.Дагвадорж аль дээр Улсын циркийг нь буцааж авах сургаар амиа бодоод Ерөнхийлөгчийн зөвлөхөө өгөөд зугтчихсан. Ганц пиарчин “Херо” нь Ардын нам дээр очоод “суучихсан”. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өөрийг нь нэр дэвших боломжгүй болгосон З.Энхболд нь өөрөө Ерөнхийлөгч болохоор горилж яваа гэх. У.Хүрэлсүх ярилцлагадаа дурдсан байна лээ. “Би урхинд орж, улс төрийн зохиолынх нь дагуу явдаг ч хүн биш” гэж. У.Хүрэлсүхийн урхинд орж, улс төрийн зохиолынх нь дагуу явсан хүн нь Х.Баттулга байжээ. Үүнийг л өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг юм. АЙДГАА АВДРАНДАА ХИЙСЭН “АРДЫН ХҮҮ” Дөнгөж төрсөн эмэгтэйг “шалдан” гүйлгэсэн хариуцлагаа хүлээж танхимаа огцруулсан У.Хүрэлсүх дөрвөн сар камерын өмнө гарч ирээгүй ч хэвлэлийн хуудаснаа эргэн залрав. Тэрбээр шударга ёсны төлөө тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийлсэн нь түүний өчигдрийн хэвлэлд хандсан гол мессэж байв. Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр гарахаас өмнө МАН-ын гол дайсан Ерөнхийлөгч Х.Баттулга байсан. Авчиг, У.Хүрэлсүхэд өдгөө улс төрийн өндөрлөгөөс уруудаж, ганцаардаж яваа Х.Баттулга сонин биш болжээ. Үндсэн хуулийн Цэц өмнөх дөрвөн Ерөнхийлөгч дээр Х.Баттулгыг нэмээд, Монгол Улсын Төрийн тэргүүнээр ажиллаж байсан таван хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй гэж шийдвэрлэснийг Г.Занданшатарын парламент хүлээж авсан. Ерөнхийлөгч Х.Баттулга уг тогтоолд хориг тавьсан хэдий ч УИХ-ын олонх хүлээж авахгүй нь тодорхой. Х.Баттулгаа “араас нь тэврэлгүй явуулсан” Ардын намынхан Н.Энхбаярын “эмгэний”-ий хүслийг биелүүлснээр улс төрийн рейтингээрээ У.Хүрэлсүхтэй зуузай холбож явсан С.Ганбаатарын “нэг л өдөр Ерөнхийлөгч болох” мөрөөдөл энэ хүрээд нурав. МАН-тай албан тушаал наймаацалгүйгээр Н.Энхбаяр улс орны эрх ашгийн төлөө хувийн намаа "тушаах" хүн биш. Эрх мэдлийн төлөө чөтгөртэй ч эвсэж чадахаараа Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр ив ижилхэн. Хүүгээ гишүүн болгож, намдаа хоёр сайдын суудал авах нь С.Ганбаатарыг Ерөнхийлөгч болгоноос илүү ашигтай наймаа. С.Ганбаатар Ерөнхийлөгч болоод Н.Энхбаярын үгээр яваа ч уу, үгүй ч үү. “Албин”-гуудаа дарж, айдгаа авдартаа хийсэн Ардын хүүгийн улс төрийн зохиолын дагуу Монголын улс төр өрнөж байна. Эндээс хамгийн гоё нь улс төрийн намууд эвсэх нь эвсэж, хагарах нь хагарч, ороо жороогоороо ялгарч байгаа нь юм. Эцэст нь, Ардын намынханд сануулахад дөрвөн жилийн өмнө М.Энхболд ингэж эрдэж яваад шалдан үлдсэн гашуун сургамж бий шүү. Эх сурвалж: Ж.Нямсүрэн (news.mn)

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/adf086dad36ba04d95b9a6505afc3753.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29