Хятадын үзэсгэлэнт орчуулагч Жан Жин гэж хэн бэ?

Аляскын уулзалтаас хойш Жан Жиний нэр маш хурдан цахим хайлтын системийг тэргүүлж, олон хүний анхаарлын төвд орж эхэлсэнд ахлах сургуульд хамт сурч байсан найзууд нь, мөн багш нар нь түүний тухай дурсамжуудаа хуваалцжээ.

Аляскад өнгөрсөн долоо хоногт болсон АНУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтад орчуулагчаар ажилласан даруйдаа дэлхий дахины анхааралд орж, цахим ертөнцийг шуугиулсан Жан Жинийг энэ долоо хоногийн "Хүмүүс" буландаа онцолж байна.

Аляскын уулзалтаас хойш Жан Жиний нэр маш хурдан цахим хайлтын системийг тэргүүлж, олон хүний анхаарлын төвд орж эхэлсэнд ахлах сургуульд хамт сурч байсан найзууд нь, мөн багш нар нь түүний тухай дурсамжуудаа хуваалцжээ. Тэдний хэлж байгаагаар Жан Жин багаасаа л дипломатч болох чин хүсэл мөрөөдөлтэй нэгэн байсан аж.

Жо Байденг Ерөнхийлөгч болсноос хойш анх удаа зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын нээлтэн дээр Жан Жин Хятадын төрийн зөвлөх Ян Жиечигийн 15 минутын ярвигтай урт яриаг нэг ч алдаагүй шуурхай орчуулж бүгдийг алмайруулсан юм.

Жан Жинд хичээл зааж байсан Ханжоу гадаад хэлний ахлах сургуулийн англи хэлний багш Хү Юэбин “Тэр багийнхаа л маш хичээнгүй, хичээлд оюун ухаанаа сайн төвлөрүүлдэг, ирээдүйд хэрхэн өсөн дэвжихээ маш сайн мэддэг хүүхэд байлаа. Жан Жин ахлах ангид орохоосоо эхлээд ирээдүйн зорилгоо нарийн тодорхойлж, дипломатч болохыг зорьж байсан” хэмээн дурссан байна.

Тууштай дипломатч

Жан 30 гаруй настай. Тэрбээр Хятадын Жэжян мужийн нийслэл Ханжоу хотын уугуул бөгөөд хотынхоо гадаад хэлний сургуулийг 2003 онд төгсч, Хятадын гадаад хэргийн их сургуульд элсэн орсноор англи хэлийг бүрэн эзэмшсэн аж. Түүний дараа тэрбээр 2007 оноос эхлэн Хятадын Гадаад хэргийн яаманд ажиллаж эхэлжээ.

Багшийнх нь дурссанаар Жан Жиний дүн маш сайн байсан тул Хятадын хамгийн шилдэг болох Пекинг, Цинхуа тэргүүтэй их сургуулиудад элсэх ч боломжтой байж. Гэвч Жан Жин мөрөөдөлдөө тууштай байж, дипломатчийн карьераа эхлүүлэхийн тулд эрс шийдэмгийгээр Хяталын Гадаад хэргийн их сургуульд элсэлтийн шалгалтгүйгээр элсэн суралцжээ. Жан бүх хичээлдээ, тэр дундаа англи хэлний хичээлдээ гойд сайн байсан тул нэгэн удаа Нэгдсэн Вант улсад аялах тэтгэлэг авч, тэндэхийн оюутнуудтай дотно нөхөрлөж байсан гэнэ. Ху багшийн хэлснээр Жан ямар ч англи, америк хүнтэй дотно танилцаж, 10 өдрийн дотор амьдралынх нь бүх зүйлийг мэдчихдэг авьяастай хүүхэд байж.

Мөн Гадаад хэргийн их сургуульд амжилттай суралцдаг оюутны нэг байсан бөгөөд түүнийг төгсдөг жил Хятадын Гадаад хэргийн яам анх удаа 200 гаруй орчуулагч ажилд авсны нэг нь Жан Жин байжээ.

Чадварлаг орчуулагч

Аляскад болсон дээд хэмжээний уулзалтын эхэнд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадын баримталж буй бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэхэд Хятадын төрийн зөвлөх Ян Жиечи 15 минутын турш байр сууриа илэрхийлсэн билээ. Тэгэхэд хуралд оролцож байсан хүмүүс төдийгүй үзэж байсан хүмүүс Жан орчуулагчийн хэрхэн орчуулахыг догдлон хүлээж байв. Байр сууриа илэрхийлсний дараа Ян Жиечин орчуулагчдаа хандан “Энэ бол сорилт шүү” хэмээн хошигноход Энтони Блинкен “Орчуулагчийнхаа цалинг нэмэх хэрэгтэй юм байна” хэмээн үг нэмж, хүйтэн хөндий нөхцөл байдал үүсээд байсан хурлын танхимын уур амьсгалыг инээдээр зөөллөсөн юм.

Харин Жан Жин хүмүүсийн итгэлийг үл алдан маш тайван бөгөөд маш цэвэр дуудлагаар 2000 гаруй англи үг ашиглан Ян Жиечиний хэлсэн бүгдийг алдаагүйгээр орчуулж, бүх санааг нь бүрэн ойлгуулж чадсан юм.

Уулзалтын бичлэгийг үзсэн нэгэн “Авьяаслаг орчуулагч Жан Жин хүнд сорилтыг маш тайван, алдаагүй, бүрэн гүйцэт даван гарч шинэ залуу үеийнхний болон дипломат хүний хүч чадлыг гайхуулж чадлаа. Тэр авьяас чадвар, гоо үзэсгэлэн нь төгс бүрдсэн хүн юм” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Мөн өөр нэг хүн “Энэ бол энгийн нэг орчуулга биш. Маш түргэн шуурхай хийх ёстой хариуцлагатай орчуулга. Энэ бол гадаад хэл сурахуйн хувьд хамгийн дээд түвшин бөгөөд зөвхөн англи хэлний чадвар төдийгүй эх  хэлээ төгс эзэмшсэн, шуурхай, түргэн сэтгэдэг, сайн тайлбарладаг гээд маш олон чадварын хослол. Би өөрөө англи хэлийг бүрэн эзэмшиж дээд оноо авсан хүн. Гэхдээ түүний орчуулгын чадварт нь би өмнө нь өвдөг сөгдмөөр санагдлаа” хэмээн сэтгэгдэл үлдээжээ.

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Жан бол 2013 онд үндэсний ардын их хурал, Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх бага хурал зэрэгт орчуулагчаар ажилласан, орчуулгын чадвар, мэдлэгээрээ салбартаа цуутай орчуулагч аж.

Жижиг Жао Вэй

Жан Жинтэй нэг ангид сурч байсан найз Ши нь нэгэн удаа сонинд ярилцлага өгөхдөө Жан Жинийг бүх зүйлдээ маш сайн байсан бөгөөд царай төрх, зан аашаараа алдарт жүжигчин Жао Вэйтэй төстэй хэмээн яригддаг байсныг дурсчээ.

Шигийн хэлснээр Жан Жин хичээл, ажлаа хийхдээ маш сайн төвлөрч, чухал хэрнээ тайван төрх гаргадаг байсан бөгөөд сургуулийн хүүхдүүд түүнийг том алаг нүд, хөөрхөн аашнаас нь болж “Жижиг Жао Вэй” хэмээн дууддаг байсан аж.

Ши “Жан Жин спортод маш сайн. Ялангуяа гар бөмбөгт маш дуртай. Түүгээр зогсохгүй тэрбээр гайхалтай уянгалаг дуулдаг, сайхан бүжиглэдэг байлаа. Түүнчлэн Жан Жин арга хэмжээ зохион байгуулахдаа гаргууд төдийгүй мэргэжлийн юм шиг зурдаг” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Б.Амарбаясгалан (news.mn) SCMP VIETNAMTIMES MOTHERSHIP


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/6df6c51657896f80267d44322f3dc7cf.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29