Б.Гүнбилэг: Үндсэн хуулийг улс төрийн зорилгоор тайлбарлаж болохгүй, Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй

Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай асуудлаар ярилцлаа.
 
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэц дээр Д.Солонго гишүүн маргаан үүсгэжээ. Ер нь бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгч энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхтэй юу?
 
-Олон нийт болон хуульчид энэ асуудлаар өөр өөрийн байр сууриа илэрхийлж байна. Миний хувьд хоёр ч удаа бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийн хувьд нэр дэвших эрхтэй гэдэг талаар байр сууриа илэрхийлсэн. Хүмүүсийн ярьж байгаагаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан З. Энхболд гуай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах явцад 2025 оноос хэрэгжих байсан Ерөнхийлөгчийн зохицуулалтыг 2021 он болгосноороо нэр дэвших эрхгүй болгосон гэж үзэх хандлагатай байна. Гэтэл З.Энхболд гуайн ярилцлагуудыг харахад энэ санааг харин ч эсрэгээрээ дөрвөн жил ажилласан ерөнхийлөгч нь дахиад зургаан жил ажиллах боломжтой болгож санал хэлсэн гэж байна. Нөгөө талаас энэ Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Зөвшилцлийн ажлын хэсгийг ахалж, өөрөө баталсан эх дээр нь гарын үсэг зурж ажилласан. Ингэхдээ өөрийгөө нэр дэвших эрхтэй гэдэг байдлаар ажиллаж, гарын үсэг зурсан гэдгээ Үндсэн хуулийн цэцэд өгсөн тайлбартаа тодорхой хэлжээ. Ингэхлээр утга санааны тайлбар болон түүхчилсэн тайлбарын арга зүйг ашиглан харвал хууль тогтоогч бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа ерөнхийлөгч сонгуульд дахин нэр дэвших эрхтэй гэдгийг баталж байгаа юм.
 
Бас ҮХНӨ оруулах том ажлын хэсгийн гэх юмуу даа, аль аль намуудын төлөөлөл орсон ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан, УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө одоогийн ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй гэдгийг олон нийтэд хэлж, тэр протоколжсон видео бичлэг нь соошлоор яваад байна лээ. 
 
-Одоогийн ерөнхийлөгчөөс гадна нэг удаа Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н. Энхбаяр дарга тэгвэл бас нэр дэвших эрхтэй юу?
 
-Н. Энхбаяр дарга гэж хувь хүнээр нь хэлэлгүйгээр өмнө нь нэг удаа ерөнхийлөгчөөр ажиллаж байсан субьект нэр дэвших эрхтэй. Н.Энхбаяр гуайн хувьд авлигын хэргээр анхан шатан дээр ял аваад зүйл, анги нь дээд шатны шүүхэд очиж, өөрчлөгдсөн гэж сонсож байсан. Тэгэхээр тэр шүүхийн шийдвэрийг нарийвчлан харах ёстой байх. Миний хувьд сайн судлаагүй. Ер нь Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг бол Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийн тухай асуудал. Энэ бол нийтийн эрх зүй дэх ард түмний эрхийн тухай асуудал байдаг. Субьектив эрх гэж бий, бас обьектив эрх гэж бий. Энэ тохиолдол бол субьектив эрхээс илүүтэй, обьектив эрхийн асуудал юм. Учир нь энэ сонгуульд парламентад суудалтай намууд нэр дэвшүүлдэг. Дараа нь ард түмэн сонгуулиа өгдөг. Тийм учраас энэ эрхийг хязгаарлах асуудал тавигдвал, тэр дундаа Үндсэн хууль болон түүний дагаж мөрдөх хуульд хориглоогүй байхад Үндсэн хуулийн цэц, эсхүл Сонгуулийн байгууллага хязгаарлаж болохгүй. Учир нь Үндсэн хуульд зааснаар засгийн эрх бүх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхтэй.  Ард түмэн л дүнгээ тавина. Намаасаа нэр дэвшихийг хориглох, намаас нэр дэвшсэний дараа бүртгэхгүй байх гэдэг бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдах харилцаа руу орох аюултай. Тиймээс Үндсэн хуулийг улс төрийн зорилгоор тайлбарлаж болохгүй. Нэр дэвшинэ гэдэг бол ерөнхийлөгч болчихлоо гэсэн үг биш, эхний дүнг улс төрийн намууд дотроо ярилцаж, хэнийгээ гаргах вэ? гэж ярилцана. Дараа нь сонгуульд оролцож ард түмнээс дүнгээ авна. Дараа нь ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд парламент хэлэлцэж, хууль гарган батлах эсэхээ шийддэг, ийм Үндсэн хуультай орон шүү дээ, манайх.
 
-Үндсэн хуулийн цэцэд тэгвэл яагаад улс төрчид, хуульчид Ерөнхийлөгч нэр дэвших ёсгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэр дэвших эрхийг нь хориглоогүй байна гэж мэдээлэл өгөөд байгаа юм бэ?
 
-Иргэд Үндсэн хуулийн цэцэд өөрт эргэлзээтэй санагдсан зүйлээ өгч, шийдвэрлүүлэх эрх нээлттэй. Түүнийг хориглох ёсгүй. Харин Үндсэн хуулийн манаач Цэц маань түүгээр маргаан үүсгэх эсэх дээрээ яг Үндсэн хуулиа барьж шийдэх ёстой юм. Энэ удаад Цэцийн гишүүн алдаа гаргасан гэж хуульчийн хувьд дүгнэж байгаа. Яагаад гэвэл би түрүүн хэлсэн. Хууль тогтоогч Үндсэн хуулиар болон сонгуулийн хуулиар хориглоогүй байхад хориглох ёстой гэж үзэн маргаан үүсгэж байгаа нь Үндсэн хуульд заасан хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хэрэгжүүлнэ гэдгийг зөрчсөн байгаа юм. Хэрэв хууль тогтоогч Үндсэн хууль, түүнийг дагаж мөрдөх хуульд хориглоно гэсэн зохицуулалтыг хийгээд, ердийн хуулиар түүнийг хориглоогүй орхисон бол Цэц маргаан үүсгэх ёстой. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль болон түүнийг дагаж мөрдөх хуульд хориглолоо, түүнийг хуулиар нарийвчлан зохицуулна гэснийг сонгуулийн хуулиар хориглоогүй бол Цэц маргаан үүсгэх юм. Эсхүл нөгөө 2018 онд Хэнтийн нөхөн сонгууль болох гээд, тэгээд У. Хүрэлсүх дарга нэр дэвшинэ, дэвшихгүй гэсэн таамаг явж байхад, хэсэг иргэд Цэцэд мэдээлэл өгөөд УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нэр дэвших гэсэн чинь төрийн жинхэнэ албан хаагч хүн нэр дэвших эрхгүй болчихоод байна, Сонгуулийн байгууллага бүртгэхгүй байх эрсдэл бий болчихлоо гэж хүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан зохицуулалтын эсрэг мэдээлэл өгч байгаа бол Цэц маргаан үүсгэх ёстой. Гэтэл өнөөгийн бидний яриад байгаа маргааны мэдээлэлд эсрэгээрээ хүний эрхийг хязгаарлах гээд байна гэдэг талаас нь биш харин хязгаарла, хоригло гэдэг агуулгаар өгсөн байгаа юм. Энэ бол Х. Баттулга, Н.Энхбаяр гэдэг хүний эрхийг хориглох гээд байгаа юм биш, Ерөнхийлөгчийг сонгох, сонгогдох эрх гэдэг бол намаар дамждаг, бүх ард түмнээр сонгогддог тэр эрхийг хязгаарлах гээд байгаа гэсэн үг. Бүр багаар хэлэхэд эдгээр хүмүүсийг дэмждэг хэсгийн эрхийг хязгаарлана гэсэн үг. Тэгэхээр яаж ч бодсон тийм боломжийг Үндсэн хуулиар хориглоогүйн дээр, ард түмний сонгох эрхэд хязгаарлалт тавьж болохгүй. 
 
-Зарим гишүүд, тухайлбал Ч. Хүрэлбаатар гишүүн “Би ҮХНӨ-ийг батлахдаа би Х. Баттулгыг нэр дэвших эрхгүй гэж бодож дарсан” гэсэн утгатай жиргээ бичсэн байсан. Тэр талаар?
 
-Тэр үед Ч.Хүрэлбаатар гишүүн чуулганы протоколд тодорхой хэлж үлдээх ёстой байсан. Тухайн цаг үед юу болж байсан бэ? гэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гацчихаад байсан. Бид бүгдээрээ амьд гэрч нь. Тэгээд энэ нэмэлт, өөрчлөлтийг батлахын тулд, гацаанаас гаргахын тулд төрийн тэргүүнээрээ Зөвшилцлийн ажлын хэсгийг удирдуулсан. Ингээд энэ нэмэлт, өөрчлөлт урагшилсан. Тэр дундаа Ерөнхийлөгч өөрийн хэрэгжүүлж байсан олон бүрэн эрхээс татгалзсан. Тэрнийгээ дэмжиж Төрийн тэргүүний хувьд гарын үсэг зурсан байдаг. Ард түмэн парламентын засаглалаа хамгаалсан. Хэн ч энэ үед Ерөнхийлөгчөө та нэр дэвшихгүй шүү гэдэг санал хэлээгүйгээр барам, харин эсрэгээрээ бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийн Тамгын дарга нь 6 жил нэмээд ажиллах боломжийг 25 онд хэрэгжих биш, 21 онд хэрэгжихээр болгох санал өгөхөд тэр нь дэмжигдсэн байдаг. Ч. Хүрлээ сайд ямар өнцгөөс харж байснаа илэрхийлэх эрх нь бол нээлттэй шүү дээ. Гэхдээ протоколд 6 жилээр 1 удаа 50 нас хүрсэн хүн 25 оноос биш, 21 оноос нэр дэвшүүлье гэсэн санаа л үлдсэн. Түүнийг зөвшилцөх ажлын хэсгийн нарийн бичгийн дарга хэлсэн бичлэг үлдсэнийг түрүүн хэлсэн. Тэгэхээр ийм л тохиолдол болчихоод байна.
 
-Тэгэхээр одоо яах ёстой вэ? Эцэстээ Цэц маргааныг яаж шийдэх ёстой вэ?
 
-Яг энэ асуудлаар буюу хязгаарла, болиул гэдэг утгаар өгсөн мэдээллийг Цэцийн гишүүн хүлээн авч маргаан үүсгээд, түүгээр нь Цэц дүгнэлт гаргавал Үндсэн хуулиа зөрчсөн болно. Тиймээс бага суудлын хуралдаанаар үүнийгээ хэлэлцэх хэрэгтэй. Хуулийнх нь 21 дээр бага суудлын хуралдаан хийх зохицуулалт байдаг. Харин Цэц маргаан үүсгэнэ гэвэл нэр дэвшигч нэр дэвших боломжгүй гэх эрсдэл үүслээ гэдэг талаас нь иргэд мэдээлэл өгвөл Хэнтийн нөхөн сонгуулийн жишиг шиг маргаан үүсгэж болох юм. Ер нь негатив хяналт гэдгийг сайн уншмаар санагдсан. Түүнийг буруу ойлгож, хэрэглэх гээд байна. Негатив хяналтын үндсэн асуудал нь Үндсэн хуулиар хоригло гэснийг хориглоогүй байна гэж маргах шүү дээ. Гэтэл тэнд хоригло гэсэн санаа байхгүй. Хэрэв хоригло гэж шийд гаргавал үндсэндээ ард түмний Үндсэн хуулиа төлөөлөгчийн байгууллагаараа дамжуулан батлах бүрэн эрхийг булааж авч байгаатай ялгаагүй. Яг энэ маргааныг үүсгэсэн Цэцийн гишүүн маань 2012 оны сонгуулийн дараа Өвөрхангайн 23 мянган иргэний сонголтыг үгүйсгэж, Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэхгүй орхисон юм. Миний бие хуульчийн хувьд 23 мянган иргэнээс санал авсан нэр дэвшигчид Цэцийн маргаанд хуулийн зөвлөгөө өгч байсан юм. Тэгэхэд үнэндээ хэлэх үг олдоогүй, заасныхаа эсрэгээр шийдээд байхдаа яахав дээ гэдэг гуниг төрсөн.
 
Сонгуулийн эрхгүй Өвөрхангайчууд гэдэг нийтлэл бичиж байв. Сонгууль бол объектив эрхийн асуудал шүү дээ. Дан ганц субьектив эрх биш. Дахиад хэлье аль нэг нам хүчтэй байх үед тааруулж, эсхүл үйл ажиллагааг нь шүүмжлэлтэй ханддаг хувь хүндээ тааруулж Үндсэн хуулиа тайлбарлавал  Монгол Улс улам ухарна.     
     
-4 жилээр сонгогдсон хүний асуудлыг шинэ хуулиар зохицуулахдаа хориглоогүй бол зөвшөөрнө гэдэг зарчмаа барина, бас эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэдэг нь зөвхөн Эрүүгийн хуулийн зарчим гэж зарим хүн тайлбарласан байсан. 
 
-Нэр дэвшигч гэдэг бол Ерөнхийлөгч биш. Тэгэхээр нэр дэвшигчийн эрх зүйн байдлыг тодорхойлохдоо Ерөнхийлөгчийн институт гэж харах боломж байхгүй. Тиймээс хориглоогүй бол зөвшөөрнө гэдэг зарчим энд үйлчилнэ. Дараа нь парламентад суудалтай нам нь нэр дэвшүүлэх эсэхийг нь эхлээд шийднэ. Ингэснээр обьектив рүү илүү хэвийж, тэр намын эрхийн асуудал болж байгаа юм. Тэндээс дэвшинэ, дэвшихгүй гэдэг асуудал бол тухайн намын асуудал. Харин хоёр өрсөлдөх хэм хэмжээний аль нь хүний эрхийг, тэр дундаа иргэний эрх зүйн байдалд давуу байдал үүсгэж байна вэ? гэдгийн харж хэм хэмжээг хэрэглэх нь эрх зүйт төрийн зарчим, бүр тодорхой хэлбэл хүмүүнлэг ардчилсан нийгмийн зорилго.
 
-Бас зарим хүн анхны Үндсэн хуулийн үндсэн санаа 4 жил дээр нэмж 4 жил буюу нийт 8 жил, харин шинэ Үндсэн хууль 6 жил ганцхан удаа гэж байгаа. Гэтэл өмнө нь нэг удаа Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн нэр дэвшээд сонгогдвол 4 дээр нэмээд 6 болох гээд байна гэж хэлж байгаа. Үүнийг яаж тайлбарлах вэ?
 
-Хууль тогтоогч хуулийг эргэлзээгүй, салаа утгагүйгээр батлах ёстой. Түүнийгээ бүрэн хэрэгжүүлж чадаагүйн нэг жишээ нь энэ асуудал. Утга санааны тайлбараа харвал Ерөнхийлөгч 4 дээр нэмэх нь 6 жил гээд энэ шилжилтийн үед 10 жил байх ёстой гэдэг санал оруулж, батлуулжээ гэж харж болно. Өөрөөр 4 дээр нь нэмээд 2 жил болгоод 6 жил болгочихьё гэх ямар ч боломж байхгүй. Хууль тогтоогч гол нь зохицуулж өгөөгүй байгаа. Тэгэхээр ямар ч байсан эдгээр хүмүүс нэр дэвших эрхтэй. Нэр дэвших эсэхийг намууд шийднэ. Тэгээд ард түмэн эрхээ хэрэгжүүлж, сонгуулиар зөв бурууг нь нэг тийш шийднэ. Улс орнуудад ч Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, урд нь ерөнхийлөгч байсан хүмүүс дэвшинэ, дэвшихгүй гэж маргаад тэгээд нэр дэвшиж, ард түмэн дүнгээ тавьдаг. Ийм л дүр зураг. Харин сонгуульд оролцоод ялвал ард түмний хүсэл зориг, ялаагүй бол бас ард түмний хүсэл зориг, өөр ямар нэг хууль зүйн техник хайж олох боломжгүй байна. Нэр дэвших эрхийг нь Цэц, эсхүл сонгуулийн байгууллага хаачихдаг бол ардчилал, эрх зүйт ёс яриад яахав дээ. Манай анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай 1997 онд сонгогдсон бол 11 жил төрийн тэргүүнээр ажиллах байлаа. 1997 онд П.Очирбат гуайг нэр дэвшиж байсан. Цэц мөн өөрөө нэр дэвших эрхийг хүлээн зөвшөөрч байсан жишигтэй. 

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/8657e00129c5583a4b9e93f773235817.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29