Үнэн бодит эх сурвалжаас улам бүр хөндийрсөөр байгаа сэтгүүлзүй

 

 

-ОЛОН ТҮМЭНД ҮНЭНД НИЙЦСЭН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ, ХҮНЛЭГ ЁС, ХҮН ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭХ НЬ СЭТГҮҮЛ ЗҮЙН ЭРХЭМ ДЭЭД ҮНЭТ ЗҮЙЛ –

 

Н.ТҮВШИН

Монгол Улсын нийслэлийн төв талбай дээр 34 настай иргэн Э гэгч өөр дээрээ шатахуун асгаж, өөрийгөө егүүтгэсэн хэрэг өнөөдөр гарсан. Чухам юунаас болж ийн амиа золих болов гэдэг одоогоор тодорхой бус энэ хэрэг нь Монголын нийгэм бухимдлаар дүүрсний илэрхийлэл. Харамсалтай нь, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дарин дээр давс гэгчээр мэдээллийг “давсалж, амтлаж баяжуулаад” яах ийхийн зуургүй цахимаар тарааж, талийгаачийн үхлийн бурууг хэн нэгэнд нааж мэдээлэх болов. Чихээр сонссон мэдээллээ ердөө л “бололтой”, “ийм мэдээлэл бидэнд ирсэн юм” гэх үгээр “цагаатгана”.

Борооны дараах мөөг хэмээн зүйрлэхээс аргагүй болсон хэний ч хараа хяналтад бус мэдээллийн сайтууд цахим ертөнцийг ердөө хэдхэн секундын дотор “бололтой” гэх үгээр халхавч хийн, эх сурвалж нь тодорхой бус, баримтгүй баталгаажуулаагүй мэдээллээрээ булав. Хэн түрүүлж мэдээлэх вэ гэх орчин цагийн сэтгүүлзүйд  хүчээ авсан зарчмаар зүтгэхдээ сэтгүүлзүйн үндсэн зарчим болсон “мэдээллийг нягтлах” гэдгийг огт анзаарахаа болив.

Өчигдөрхөн хоёр залуугийн амиа алдсан хэргийн талаар мэдээлэхдээ хэдэн янзын таамаг дэвшүүлэн уралдаж,  хэн нэгнийг буруутнаар тодруулж амжсан. Төв талбай дээр амиа егүүтгэсэн иргэнийг тэгвэл Өмнөговьд аваачаад төмөр замд ажиллуулаад амжсан юм.

Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгийн өгсөн мэдээллээр талийгаач 34 настай  Э нь ажилгүй, хувиараа CD, үнэртүүлэгч гэх мэт зүйл зарж амьдардаг нэгэн байсан аж. Дээрх хоёр жишээнээс сэтгүүлзүй бол цахим ертөнц дэх үймээн шуугианы нэгээхэн хэсэг болсныг харлаа.

Хэрхэн мэдээлснийг ердөө нэг сайтын жишээнээс харья.

 Ц.Балдоржийн нэрэмжит шагнал хэдхэн сарын өмнө хүртэж, мэргэжлийн ёс зүйтэй ажиллах шинэхэн бүрдсэн редакцтай ч энэ салбарт чамгүй олон жил ажилласан боловсон хүчинтэй гэх сайтад “талийгаач залуу Өмнөговь аймагт төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийдэг байсан бололтой. Цалинг нь өгөхгүй олон сар болсон тул эдийн засгийн хямралд орж, улмаар амиа хорлосон байж болзошгүй” гэх мэдээлэл ирсэн гэнэ. Сайт мэдээллийг огт нягтлахыг хүссэнгүй, шууд л “бололтой, манай сайтад ирлээ” гээд л нийтэлж орхив.

Цагдаагийн газраас мэдээлэл өгсөн атал энэ тухай дараагийн мэдээндээ “өөр эх сурвалжийн мэдээллээр тэрээр CD  худалдаалдаг байсан гэнэ” хэмээн бичсэнийг нь хэрхэн ойлгох вэ?

Редакцид ирсэн мэдээлэлдээ итгэж байгаа учраас Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн даргын өгсөн мэдээллийг “өөр эх сурвалж” гэх тодотгов уу. Жирийн уншигч хэн нь худал мэдээлэл өгч байна гэдгийг хэрхэн ялгаж салгах вэ.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.14-т

Худал мэдээлэл тараах

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ “

гэсэн заалт орсон.

Хоёр эх сурвалжийн алинд нь итгэх вэ гэдгээ тодорхой болгож байж, Эрүүгийн хуулийн энэхүү заалтыг сануулах хэрэгтэй байх.

Сайтуудын хувьд ердөө “өөр эх сурвалж” болсон Цагдаагийн Ерөнхий газарт итгэх эсвэл мэдээллийн гэх тодотголтой сайтын мэдээнд итгэх үү.

 “Худал мэдээлэл” нийтэллээ гэх гомдлыг “Хэвлэл мэдээллийн зөвлөл” ТББ-д мэдээлж болох ч тэгээд... Цаашид ямар арга хэмжээ авах, ямар хариуцлага хүлээлгэсэн тодорхойгүй замхраад өнгөрнө. Зөрчлийн хуулиар хэвлэлийнхэнд хэд хэдэн удаа шийтгэл ногдуулсан ч шийтгэл хүлээж, хариуцлага үүрсэн нь хэд бол...

Монголын хэвлэл мэдээллийн ёс зүйн үндсэн зарчим “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” хэмээн цагаан дээр хараар бичсэн энэ өгүүлбэрийг мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг гэх хэвлэл мэдээллийнхэн өглөө бүр санаж байхад илүүдэхгүй болж.

 


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/43e04de1efe6c8d8cccf78c8a20226e1.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29