БОГИНОХОН НАСНЫ МӨНХИЙН ДУУЛАЛ

“Яруу найрагч бол тэнгис, салхи, цэцэг, өд мэт. Яруу найрагчийн сэтгэл ертөнцөд хүртээмжтэй. Тэдний ертөнц нарлаг хийгээд энэ ертөнцөд хөдөлмөр, уран бүтээл баяр баясгалан болж уншигч олноо тэнгэр, нар хоёртой нь учруулж байдаг”
“Яруу найрагчийн хувь заяа бүтээл туурвилдаа мөнхөрдөг”
Б.Пастернак
“Яруу найрагч бол тэнгис, салхи, цэцэг, өд мэт. Яруу найрагчийн сэтгэл ертөнцөд хүртээмжтэй. Тэдний ертөнц нарлаг хийгээд энэ ертөнцөд хөдөлмөр, уран бүтээл баяр баясгалан болж уншигч олноо тэнгэр, нар хоёртой нь учруулж байдаг”
К.Д.Бальмонт
Богинохон насны хувь тавилан яасан их харамсал төрүүлнэв. Яруу найрагчийн амьдрал богинохон байх азгүй тохиол үндэстний оюун санааны ертөнцөд хохирол учруулдгийг хүн төрөлхтөн амсаж иржээ. Учир юун хэмээвээс аливаа ард түмэн өөрийгөө танин мэдэх гэж яруу найрагчийг төрүүлдэг юм. Яруу найрагч тэнгэрийн орноо одохдоо бичиж туурвих мөнхийн бүтээлээ сүнсэндээ тээгээд оддог. Оросын аугаа яруу найрагч М.Цветаева “Би явлаа шүү, битгий харамсаарай, Оросын ард түмэн минь...” гэж хэлсээр, ярьсаар явсан түүх буй. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь: Биднийхээ дунд дуулж наргиж, баярлаж гуньж явсан Цэндийн Доржсэмбэ “Явлаа шүү” гэж намуухан, дуулдахын төдий хэлээд л явчихлаа. Бидний гар дээр “Хэнд би таалагдах ёстой вэ...”, “Харсан тэнгэр”, “Хэд дэх бороо” ном, бас бус уран бүтээл өнчрөн үлдэв. Эзнээ алдсан яруу найраг өнчирдөг юм шүү! Тийм учраас яруу найрагчийн өвд соёлтой хандах учиртай юм. “Харсан тэнгэр” номыг ариутган шүүж, оршил бичсэн орчуулагч, яруу найрагч Д.Мөнхтөр “Түүний шүлгүүд ямар тунгалаг вэ, ямар өнгөлөг вэ? Цагийн аясаар хүүхдүүд хар нялхаараа хэрсүүждэг болсон энэ үед, цагийн аясаар хүмүүс хар залуугаараа өтөлчихдөг болсон энэ үед ямар гоё ховордсон гэнэхэн, сониучхан, хүүхдээрээ, бурхны мэт сэтгэл вэ?” гэжээ.
Ц.Доржсэмбийн шүлгүүд хүүхдийнх шиг сониуч хирнээ гүн ухаантны сэтгэлгээ мэт ажээ. Ц.Доржсэмбэ “Дуу” шүлэгтээ:
“Давчуу энэ орчлонгоос
Дандаа гэрлийг нь дуулж байя
Дагаж туссан сүүдрийг нь ч бас
Дахиад гэрэл болно гэж дуулж байя” гэсэн. Ц.Доржсэмбэд “Гүүр” гэсэн сайхан шүлэг бий.
“Хүрэх газрын замд тааралдах гүүрээр
Хойшоо урагшаа олон олон гаравч
Гүүрэн дээгүүр үнэндээ нэг л удаа гардаг юм...” гээд
“...Хүмүүс шинэ шинэ гүүр босговч
Гүүрэнд залуу нас гэж байдаггүй юм
Гүүр ямагт өвгөн шиг л харагддаг юм
Өөрөөсөө өөр алдах юмгүй болчихсон
Өөдгүй өвгөн шиг л харагддаг юм” гэсэн нь энэ дэлхийн горхи, гол мөрөнд тавигдсан бүх гүүрний тавиланг дуулжээ. Энэ шүлгийн гүн санаа нь их гүн ухаантан Гераклитын “Нэг голын усанд хоёр удаа орж болохгүй” хэмээх ертөнцийн хувирч өөрчлөгдөх зүй тогтлыг бидэнд ухааруулжээ. Ц.Доржсэмбэ “Төөрөгдөл” шүлгээ хүн төрөлхтөн хийгээд монголчууд бидэнд зориулжээ.
“Төөрөгдөл”
“Урт нарийхан гудамжаар
Бодол болон алхсаар
Эргэж харвал
Бодол минь тээр хойно хоцорчихож
Бодол, хүн хоёр энэ гудамжинд
Утгагүй их төөрөлдөх аж” хэмээн дуулсан нь хүн өөрийн бодолдоо төөрөлдөж дуусдаг орчин үеийн хүний сэтгэлгээний хуурамчийг сануулжээ. Энэ цагийн философичид бидний амьдарч байгаа үеийг “төөрөгдлийн эрин” гэж нэрлэж байгаа.
Image may contain: 2 people, including Munkhtur D Khalh Choinkhor, hat, tree, closeup and outdoor
Ц.Доржсэмбийн “Харсан тэнгэр” номыг уншиж суухад Боловсролын их сургуулиас “Интерном” орох замд дайралддаг хөөрхөн, хөөрхийлөлтэй дүрээр харагдана. Уулзах бүрд Биеийн тамирын ордны баруун талын моддын дундахь дугуй сандал дээр сууж амьдралынхаа тухай, зохиол бүтээлийнхээ тухай ярьж байжээ. Хамгийн сүүлд уулзахад:
-Ах аа, би кино зохиол бичээд найруулагчид өгчихлөө гэлээ. “Юун тухай зохиол вэ” гэж асуухад минь “Өөрийнхөө амьдралын тухай...” гэж хэлсэнсэн. Бид хоёрын сүүлчийн учралын тэр өдөр:
“Хаанаас ирсэн тэр газрынхаа санаашралаар
Хүмүүсийн дунд санааширч явлаа
Хаанаас ирсэн тэр газрынхаа инээмсэглэлээр
Хүмүүсийн дунд инээмсэглэж явлаа. Ц.Доржсэмбэ. 2020.5.4. УБ” гэж утасны минь дэвтэр дээр бичиж билээ. Яруу найрагч Ц.Доржсэмбэ олон сайхан нөхөдтэй байж. Тэдний нэг нь яруу найрагч Батцэнгэл юм. Найзынхаа үлдээсэн мөнхийн өвд, хүн чанарын сорилтод сайхан хандаж номыг нь хэвлүүлж байгаа нь сайн андын хүн чанарын илэрхийлэл юм. Уран зохиолын ертөнцөд “анд бололцоно” гэдэг нь “Монголын нууц товчоон”-ы үзэл санаа юм. Яруу найрагч Э.Энхболд “Хэн нэгний тэнгэр дор, хэд дэх бороог зүсэрч буйг анзааралгүй, хэнд таалагдах ёстойгоо ухаарч амжилгүй олноос өөрийн тэнгэр, өөрийн бороо, өөртөө таалагдах гэж тэр шүлэг бичиж амьдарсан” хэмээн ухаалаг зөөлөн үгээр диваажин зүгийн замыг нь засчээ.
Эрхэм дүү минь! ЧИ МӨНХ. Очсон тэр газарт чинь Боловсролын их сургуулиас хойшоо эргээд “Интерном” ордог замд ургадаг модод ургасаар байгаа. Тэр моддын сүүдэрт сууж шүлэг бичээрэй... Бичсэн шүлгүүд чинь нарны гэрлээр өртөөлж Монголын ард түмэнд уншигдах болно. Яруу найрагч дүү минь:
“Будангуйрч явсан амьдралд минь
Будда шиг зүрхэнд минь ирсэн
Чинийхээ өмнө би гуйлгачин
Чимх нойргүй би архичин...
...Чинийхээ өмнө хүн шиг харагдмаар байна
Цайнаасаа илүү гудардаг архиндаа
Цэг тавьж хүн болмоор байна би” гэж хамгийн сүүлд бичсэн шүлгээ хүнд, төрүүлсэн ард түмэндээ үлдээжээ. Энэ шүлэг С.Есениний гунигт найман мөрийг санагдуулна.
Эрхэм уншигч минь ээ! Яруу найрагчийн бидэнд үлдээсэн ном алтнаас үнэтэй шүү! Энэ номыг уншаад Ц.Доржсэмбийгээ дурсан санаарай! Дурсах... бас үгүйлэх... Дурсан санах, үгүйлэн харамсах нь хүний хийгээд яруу найргийн ертөнцийн эрхэм дээд чин зүрх мөн. Богинохон насны мөнхийн дууллын учир ийм буюу.
Номын цагаан буян дэлгэртүгэй!
 
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч
Ломбын Нямаа. 2021.01.30. Улаанбаатар хот

Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/dede566aef9577d9abe2ccc9957a2b10.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29