Утаандаа угаартсаар байх уу, улс төрчид өө?

Бидний цөөхөн Монголчууд тэртээ 1921 оны эсгий гэртээ л аж төрсөөр байх уу?

Бэлтгэсэн О.Анар

2021 оны нэгдүгээр сарын 28.

“Учрал баяр дуу шиг цалгиад

Ундрал бүтээл нар шиг цацраад

Уулсын дундаа Улаанбаатар минь

Үйлсийн сайхан жаргалын наран” гээд МУАЖ, дуучин Д.Самбуугийн дуулсан “Үйлсийн сайхан Улаанбаатар” гээд ард олны дуртай нэгэн дуу бий. Уулсын дундаа Улаанбаатар маань одоо цагт “утаан дундаа Улаанбаатар” болчихоод байна.

Уул, үүл нь нийлэн харагддаг байсан сайхан нийслэл хот маань урдах замаа ч харахааргүй тийм их утаатай болжээ.

Агаарын бохирдлыг бууруулна, ард түмнээ сайхан амьдруулна гэж амлалт өгч амбан захирагч бологсод юугаа хийнэ вэ?!

Сайжруулсан түлш гэж сангийн мөнгийг үрэн таран хийж өчнөөн төсөл боловсруулсан ч үр дүн нь улам дордсоор л.

Өдөр болгон утаа амьсгалж, уушгиа хордуулсаар л байх уу?

Өмнө нь, нүүрс түлдэг байхад утааны үнэр хаа сайгүй сэн хийж байсан ч одоо харин бүр угаарын хийтэй өмхий үнэр ханхлах нь та бидний уушги дотрыг “тарчлааж” байна.

Бохир агаар амьсгалах нь зөвхөн уушгинд сөрөг муу нөлөөж амьсгалын замын өвчин үүсэх шалтгаан болохоос гадна дотор эрхтэн систем, зүрх судасны төдийгүй тархи мэдрэлийн системд нөлөөлж, үхэлд ч хүргэж болдог.

Утаатай биш уг үндэстэй нь тэмцэх хэрэгтэй санагдана. Гал түлэхээ больсон цагт л утаа гарахаа болино. Гэр хорооллыг орон сууцжуулна гэсэн айхавтар том том төсөл хэрэгжүүлээд, хэрэгжүүлээд гарах үр дүн нь хаа байна?!

Өндөр өндөр, шилэн барилга барьчихаад түүнийгээ улс орон хөгжиж байна хэмээн ам уралдан сүржин ярьцгаасаар л байх уу? Өмнөх үеэ бодоход барилгын салбар хурдацтай хөгжиж байгаа нь сайшаалтай ч гэлээ нэг салбараа бус нэлээд олон салбараа системтэйгээр, өөрөөр хэлбэл дэд бүтцээ бүхэлд нь хөгжил дэвшил рүү хөтлөх ёстой бус уу?!

Албан тушаалын төлөө үхэн хатан зүтгэх хэрнээ амьсгалах агаарын асуудлаа шийдчихэж тийм сэтгэл, зүтгэл байна уу, улс төрчид өө?

Дүүрэг болгонд сүндэрлэх байшин барилгуудаа тодорхой системтэйгээр “эзэнтэй” болгох зөв бодлого явуулж, гэр хорооллын оршин суугчдыг байртай болгох бодлого дутагдаж байна.

Муу хэлж, шүлсээ нулимдаг урд хөрш Хятад улс Сарыг эзэмших хөтөлбөр хэрэгжүүлж, Саран дээрээс дээж авах хэмжээнд техник технологийн дэвшлийн хязгаар хаа хүрч болдогийг бодитоор харуулж байхад, бидний цөөхөн Монголчууд тэртээ 1921 оны эсгий гэртээ л аж төрсөөр байх уу?

Нар, Сар луу хөлөг хөөргөхгүй ч гэлээ ядахдаа цэвэр агаар амьсгалах хувь ерөөл бидэнд байна уу?


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/c4e5dc8ae68ed3187acf50233e85c8e8.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29