Барилгын салбарынхан Засгийн газраас бодит дэмжлэг хүслээ

Дэлхий нийтэд тархаад буй Covid-19 цар тахлаас шалтгаалан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын барилга, бүтээн байгуулалтын салбарын ажлууд багасч, дотоодын барилгын материалын үйлдвэрлэл хумигдах, царцах, барилгын салбарт ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудал хүндрэх гэх мэт олон сөрөг үр дагавар гарч байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад барилга угсралтын 5045, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах 724, өргөх байгууламж, түүний эд ангийн үйл;вэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх 182, барилгын материалын үйлдвэрлэлийн 532 аж ахуйн нэгж буюу тусгай зөвшөөрөлтэй 6483 аж ахуйн нэгжид нийт 73700 ажилчин ажиллаж буй албан ёсны мэдээлэл бий.

Цар тахлын энэ хүнд цаг үед Засгийн газраас гаргаж буй тодорхойгүй шийдвэрүүд нь бизнес эрхлэгчид, ААН-үүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өрийн дарамтад оруулж, улмаар ажлын байраа цомхотгохоос өөр сонголтгүй болгож байгаа юм.

Улсын нийт эдийн засаг болон барилгын салбарт үүссэн хүндрэл бэрхшээлээс үүдэн барилга, бүтээн байгуулалтын салбарын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж байгууллагууд, Монголын Барилгын үндэсний ассоциаци хамтран Монгол Улсын Засгийн газарт дөрвөн шаардлага бүхий мэдэгдэл хүргүүлж, бодит дэмжлэг хүсчээ.

Тус шаардлагад, Монгол Улсын Их Хурал 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр "Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж, төсвийг зохицуулах эрхийг Засгийн газарт олгосныг онцлон тэмдэглэжээ.

Харамсалтай нь, цар тахлын энэ хүнд үед Монгол Улсын Засгийн газраас хувийн хэвшилд бодит дэмжлэг олгохгүй байгаа тул тодорхой асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүсч буйгаа мэдэгдсэн байна. Үүнд:

  1. Төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын зарцуулалтад хуулийн дагуу зохицуулалт хийх замаар төсөвт дахин тодотгол хийх,
  2. Хатуу хөл хорионд хоригдсоны улмаас ажиллаагүй ажилчдын ажилгүйдлийн сул зогсолтын болон даатгалын нөхөн олговрыг НДШ-ийн ирээдүйн орлогыг барьцаалан бонд босгох замаар хувийн хэвшилд олгож, бизнесийн дэмжлэг үзүүлэх,
  3. Монголбанкны бодлогын хүүг бууруулах буюу 3% болгох, хадгаламжийн хүүг инфляцын түвшин хүртэл буулгах, улмаар аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн зээлийн хүүг бууруулах,
  4. НӨАТ-ыг бууруулах буюу 5% болгох хэрэгтэйг онцолжээ.

Тэд Ерөнхий сайдтай уулзаж, аргачлалыг нь танилцуулах хүсэлтэй байгааг анхааралдаа авч, дээрд дурдсан асуудлыг шийдэрлэн, хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж буйгаа мэдэгдэв.

 

 Б.ЛХАГВАЖАВ: ХӨДӨЛМӨРИЙН КАПИТАЛЫН ДАХИН ХУВААРИЛАЛТЫГ ТОДОРХОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Б.Лхагважав: Орчин цагийн түүхэнд улс төрийн шийдвэр гаргасны төлөө Ерөнхий  сайд аснуудаа хорьж байсан түүх байхгүй

Монголын барилгын үндэсний ассоциацийн тэргүүн Б.Лхагважаваас дээрх шаардлагын талаар тодрууллаа.

-“Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-аас Монол Улсын Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлжээ. Ямар учраас мэдэгдэл гаргасныг тодруулъя?

-Бизнес зогссон энэ үед нийтийн санд цуглаж байгаа мөнгөний хуваарилалт дээр шударга хандъя гэсэн. Шударга хандах бололцоог нь дөрөвдүгээр сарын эхээр Covid-19-ийн эсрэг хууль батлан, Засгийн газарт бүрэн эрх өгсөн байгаа. Тодруулбал, Монгол Улсын Их хурал 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр "Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан.

-Энэ хуулийн 7 дугаар зүйлийн "Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний 7.1.2-т "цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хямралын эсрэг холбогдох санг арвижуулах зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх".

-Мөн зүйлийн 7.1.5-д "цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх".

-Түүнчлэн энэ хуулийн 10 дугаар зүйлийн "Төв банк болон арилжааны банкнаас авч хэрэгүүлэх арга хэмжэээ"-ний 10.6-д "Барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлэх, ажлын байрыг хадгалах зорилгоор Төв банкнаас олгосон санхүүжилтийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хэмжээгээр орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ".

-Мөн зүйлийн 10.7-д "Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 хүртэлх сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ" гэсэн заалтуудаар төсвийн зохицуулах эрхийг Засгийн газарт олгосон. Гэтэл цар тахлын энэ хүнд үед Монгол Улсын засгийн газар хувийн хэвшилд бодитой дэмжлэг олгохгүй байгаа учраас бид шаардлага хүргүүлсэн.

-Төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын зарцуулалтад хуулийн дагуу зохицуулалт хийх замаар төсөвт дахин тодотгол хийх шаардлага байна гэж МБҮА ТББ үзжээ. Ямар зохицуулалт хийх боломжтой вэ?

-2021 оны улсын төсөвт 3.2 их наяд төгрөгийг төрийн албан хаагчдын цалингийн санд баталсан. Үүнээс 660 тэрбум төгрөгийг хувийн хэвшилд хөдөлмөр эрхэлж буй 770 мянга гаруй хүнд цалингийн доод хэмжээгээр буюу 420 мянган төгрөгөөр тооцолж олгохыг хүсэж байгаа юм. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн "Хүний эрх, эрх чөлөө": 14 дүгээр зүйлийн 2-т заасан "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" гэсэн заалтаар төрийн албан хаагчдад 2020 оны хоёрдугаар сараас хойш цалин хөлсийг нь олгож байгаатай ижилхэн хувийн хэвшилд хөдөлмөр эрхэлж буй хүмүүст ялгаварлан гадуурхахгүйгээр эрх тэгш, адилхан байдлаар цалингийн сангаас хуваарилж өгөх боломж бий юм. Яагаад нийтийн сангаас хөдөлмөрийн капитал руу хийж буй мөнгөний хуваарилалт энэ хүмүүст олгогдохгүй байгаа юм бэ? Төрийн 200-гаад мянган албан хаагчийн 80 мянга нь дарга байгаа. Тэр дотроо 100 мянга нь сүүлийн хоёр сар ажил хийгээгүй ч бүтэн цалин авсан. Энэ улсуудын цалингийн 50 хувийг багасгах ёстой. Тэгээд ажиллаж буй 770 мянган иргэнд ядаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр өгөхөд 420 мянган төгрөг шүү дээ. Энийг олгоход сард 300 тэрбум төгрөг хэрэгтэй. Тэгэхээр ойрын хоёр сарын хугацаанд 600 тэрбумыг өгөх хэрэгтэй. Энэ мөнгийг хаанаас гаргах вэ гэхээр төсөвт зохицуулалт хийж байж л гаргана. Төрийн институцийг дэндүү халамжилсан, хайрласан тийм хууль гарсан. Төсөвт тодотгол хийдэггүй юм аа гэхэд төсөв дотор хөдөлгөөн хийх эрх нь Ерөнхий сайдад бүрэн бий. Тийм учраас хөдөлмөрийн капиталын дахин хуваарилалтыг тодорхой болгооч ээ гэсэн юм.

-НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулснаар ямар үр дүн гарах вэ?

-НӨАТ-ыг иргэн, аж ахуйн нэгж, төр өөрөө ч төлж байгаа. Иргэддээ 20 хувийг нь буцааж өгдөг. Гэтэл Ковид-ын энэ үед эцсийн хэрэглэгчийн орлогоос 10 хувийн татвар авч байгаа нь маш хүнд тусч буй юм. Тийм учраас 5 хувь болгооч ээ гэсэн санал. НӨАТ-аар яаж бол яаж зохицуулалт хийж болно. 10 хувь маш өндөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгэнт бид Ковид-той хамтран амьдрахаар болсон нь ойлгомжтой. Тиймээс цаашдын стратеги төлөвлөгөөгөө гаргаач ээ гэсэн ийм л санал өгсөн.

-Монголын барилгын ассоциацид хичнээн компани хамрагдан үл ажиллагаа явуулж, хичнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?

-Манай салбарт нийт 6500 орчим компани бий. 66 мянга, дам утгаараа 100-гаад мянган хүнийг цалинжуулж байна.

Эх сурвалж: Д.Туяа /news.mn/

 


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/d427518b889a359b6d856cf931c73429.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29