Төсвийн хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.04) нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад гишүүдийн 51.4 хувь нь хүрэлцэн ирснээр эхлэв. Улсын Их Хурлын гишүүд хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимд хуваагдан сууж, ирцэд бүртгүүлэн нэгдсэн хуралдаанд оролцов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурал 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг дагалдах хуулиудын хамт баталж, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй Монгол Улсын Ерөнхийлөгч танилцаад 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр уг хуулиудад бүхэлд нь хориг тавьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав. 

Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, цар тахал улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй, хүнд цаг үе тулгарч байна. Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуур тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэн байна. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгалгүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хоосон мөрөөдөлд хөтлөгдөж, улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл мөн гэж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн албан бичигт дурджээ.

 

Энэ үндсэн дээр Монгол Улсын 2021 оны улсын төсөвт нэгд, төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах, хоёрт, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох, гуравт, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дөрөвт, үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулсан юм.

 

Улсын Их Хурлын Хууль зүйн болон Төсвийн байнгын хороод Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Жавхлан нар нэгдсэн хуралдаанд танилцуулав. Мөн хоригийн талаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, намын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан юм.

Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан “Их хуралдай” танхимаас Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Л.Энх-Амгалан, Т.Доржханд, Ц.Туваан, Б.Пүрэвдорж, Д.Ганбат, М.Оюунчимэг, Б.Жавхлан, “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа, Г.Мөнхцэцэг, Н.Ганибал, “Эзэн Чингис хаан” танхимаас Ш.Адьшаа, С.Чинзориг, Ж.Батсуурь, Б.Баярсайхан, “Үндсэн хууль” танхимаас Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, О.Цогтгэрэл нарын гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.

 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцин худалдаж авахын тулд манай улс Дэлхийн банкны төсөлд хамрагдаж, олон улсын сүлжээнд нэгдэж байгаа. ДЭМБ, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, төсөлд хамрагдсанаар манай улс тэргүүн ээлжинд вакцин авахын зэрэгцээ худалдаж авах вакцины 20 хувийг үнэгүй, үлдсэн хэсгийг нь хөнгөлөлттэй үнээр худалдаж авах боломж нээгдэж байгаа. Энэ талаар Засгийн газар удаа дараа яриа хэлцэл хийж, идэвхтэй ажиллаж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаагаа дурдав. Түүнчлэн Ерөнхийлөгч төсвийн тухай хуулийн тодорхой зүйл, заалтад хэсэгчлэн хориг тавьсан бол хүлээн авч засаж залруулах боломж байсан, гэтэл 2021 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь хориг тавьсан учраас цаг хугацааны хувьд ч хоригийг хүлээн авах боломжгүй байна гэдгийг хэллээ. Зарим гишүүд ч ийм саналтай буйгаа илэрхийлж байв.

 

Мөн Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар вакцин худалдаж авахад төсөвт огт мөнгө суулгаагүй биш, 2020 оны төсөвт 30 тэрбум, 2021 оны төсөвт 20 тэрбум төгрөг суулгасан. Бас Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн санг ашиглах боломж байгаа. Вакцин авах асуудлаар Дэлхийн банканд хүсэлтээ тавьсан, үүний гол учир нь олон улсын энэ хөтөлбөрөөр дамжуулж вакцин авбал хурдан ирэх боломжтой, мөнгөтэй улс орнуудаас хоцрохгүйгээр худалдан авалт хийх боломж бүрдэх юм. Энэ боломжийг ашиглах гэж л Дэлхийн банкны хөтөлбөрт хамрагдахаар ярьж байгаа юм. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг богино хугацаанд вакцин авахыг боломжтой бүх аргаар ярьж хөөцөлдөж байгаа. Ийм үед асуудлыг улстөржүүлэхгүйгээр бодитой хандах ёстой гэлээ. 

Гишүүдийн зарим асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир болон ажлын хэсэгт багтсан Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд, С.Ламбаа нар хариулт, тайлбар өгсөн юм.

Төсвийн хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, С.Амарсайхан, Ц.Даваасүрэн, Б.Энх-Амгалан, Н..Алтанхуяг, Ж.Чинбүрэн, Ш.Адьшаа, Д.Ганбат нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн гишүүд таван танхимд хуваагдан хуралдаанд оролцож байгаа учраас санал хураалтыг гар өргөж явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.4 хувь нь дэмжив.

Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн Байнгын хорооны саналаар гар өргөж санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 50 нь буюу 82.0 хувь нь дэмжсэн тул Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн талаарх Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцож, эцсийн найруулгыг сонсов.

Хүнсний бүх төрлийн будаа, ургамлын тос, малын өвс, тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлөв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгны хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ж.Батжаргал нар танилцуулав.

Ингээд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалгахад Улсын  Их Хурлын нийт гишүүний 45 хувь нь дэмжиж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл батлагдав. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг 50 гишүүн дэмжлээ.

 

Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 7.1.15-д “цар тахлын болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авахад шаардлагатай хүнсний болон бусад нөөцтэй байх ба нөөцийн жагсаалтыг баталж, түүнийг бүрдүүлэхтэй холбоотой зардлыг шийдвэрлэх” гэж заасан.

Гэвч коронавируст халдварын цар тахлын тархалт урьдчилан тодорхойлох боломжгүй нөхцөлд хүрснээр байгаль, цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарч байгаа, зарим аймгийн нутагт зуншлага тааруу байснаас ган болж малын өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүйн зэрэгцээ наймдугаар сарын сүүлээр зүүн аймгуудын нийт нутгаар их хэмжээний бороо орсны улмаас хадлан бэлтгэл оройтож, өвс, тэжээлийн нийлүүлэлт хомсдох, үнэ өсөх нөхцөл үүсэж болзошгүй байгаа.

 

Тиймээс коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тосыг, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлж, уг хуулийн төслийг батлагдсан өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлэхээр Засгийн газраас  боловсруулсан хуулийн төслүүд ийнхүү батлагдлаа.

Эдгээр бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, импортын хамааралтай хүнсний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг өнтэй даван туулахад дэмжлэг болно гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлав

Чуулганы нэгдсэн хураллдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлав.

Улсын Их Хурал 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан эдгээр хуулийн төслийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм.

Ингээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг бүхэлд нь батлахыг нийт гишүүдийн 50 нь буюу 86. 2 хувь нь, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг бүхэлд нь батлахыг 50 гишүүн дэмжсэнээр хуулийн төслүүд эцэслэн батлагдав.

 

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоох хугацааг “ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс” болгож өөрчлөхөөр болов. Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд 18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэсэн 5.3 дахь хэсгийг нэмэх, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг “18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн,  сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж өөрчлөн найруулахаар болов.

Дараа нь "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тул гишүүдийн саналаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж, Байнгын хорооны хуралдаанаар хоригийг хэлэлцэх үед тогтоолын төслийг дахин нягталж ярилцахаар шийдвэрлэсэн юм.

 

Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Н.Алтанхуяг, С.Бямбацогт нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөнтэй холбогдуулан боловсруулсан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Ингээд тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, тогтоолын төсөл батлагдав.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцуулсан юм. 

 

Хуулийн төслийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгууллагын байнгын хороонд шилжүүлсэн байна. Тус байнгын хороо 08 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн дэмжсэн зарчмын зөрүүтэй 56 санал, найруулгын шинжтэй 4 багц саналын томъёоллоор нэгбүрчлэн, төслийн зүйл нэг бүрээр санал хураалт явуулж, Байнгын хорооны дэмжсэн 53, дэмжээгүй 6, найруулгын 1 багц санал болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.

Харин Улсын Их Хурлын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль явагдсантай холбогдуулан төслийн талаарх зарчмын зөрүүтэй зарим саналыг эргэн харах, дахин нягталж сайжхуулах нөхцөл, шаардлага үүссэн гэж үзэн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулах шаардлагатай хэмээн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Энэ үндсэн дээр Ажлын хэсэг хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 22 саналын томьёолол, найруулгын шинжтэй 1 багц санал болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 1 саналыг үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зайлшгүй сайжруулах шаардлагатай хэмээн үзэж гүйцээн боловсруулжээ. Бусад саналыг 08 дугаар сарын 19-ний өдрийн Байнгын хорооны хуралдааны үеэр шийдвэрлэсэн томьёоллоор нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нутгийн удирдлагын дэд хороо ирэх долоо хоногт хуулийн төслийн талаар цахим хэлэлцүүлэг хийж, шинээр сонгогдсон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн саналыг сонсох хүсэлт гаргасан. Мөн төслийн зарим зүйл, заалтыг эргэн харж гүйцээж боловсруулан Үндсэн хуулийн заалтад нийцүүлж тодотгох шаардлагатай гэж үзэж буйгаа дурдав. 

Энэ үндсэн дээр хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлэх, бусад хуультай уялдуулах үүднээс төслийг Байнгын хороонд шилжүүлж анхны хэлэлцүүлгийг дахин явуулах горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.8 хувь нь дэмжив. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/3aacb2d550acdbc71a2372c3cdbe428c.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29