ХАЙЛГАН, ЦАЙЛГАН ХҮҮХЭД ШИГ ЗӨӨЛӨН АНД МИНЬ

Тавхан хоногийн өмнө ажлын цаг дуусгаад уулзалдсан үзэг нэгт үеийн андын минь үзэг өчигдөр амарчихлаа.

Үнэнийг өгүүлдэг үзэг нь дахин үнэнийг өгүүлэхгүй, алтан микрофон нь дахин дуу авиа бичихгүй, хурц дуран хараа нь дахин асахааргүй унтарчихлаа.

“Хөдөлмөр” сонинд байхад нь анх зохиолч “дайсику” Нацагдоржийн Бадамжав андаараа холбогдон танилцаж билээ бидэн хоёр... Түүнээс хойш 22 намар, өвлийг  хамтдаа үдэн, угтаж.

Хэнийг ч алагчилж үздэггүй анд минь гаднаа  түс тас хурц, шийдэмгий хэл яриатай ч, яг тулж ойр нөхөрлөсөн хэнбугайд ч хүүхэд шиг гэнэн цайлган, зөөлөн, хар буруу санаагүй нэгэн.

Нэг салбарт хамтдаа олон жил ажилласан болоод ч тэр үү, нэг нэгнээ их санаж үгүйлдэг ч, тэр бүр ойр ойрхон уулзаад байж чаддаггүй. Хаа нэгтээ бие биенээ фээспүүкээр оруулсан постоор нь анзаарч харан, мэнд мэдчихээд нэг  хэсэг дээ л таг болно.

Ер нь энэ фээспүүк гэдэг золигийн зүйл бий болж, хөгжсөнөөс хойш бид гэлтгүй аливаа анд нөхдийн уулзалт, цугларалт холдож, амьд харилцааны оронд “хоосон орон зай” бий  болчихдог юм байна гэж боддог болсноо нуух юун.

Анд маань салбарын сэтгүүлчдээ загнахаа хүрвэл хэнийг ч ялгалгүй, дарга цэрэг гэж эмээж хойш суулгүй толгой түрүүгүй загнана, зэмлэнэ. Гэвч энэ нь заавал нэг цаагуураа мөлжүүртэй, тухайн хүнтэй хэрэгтэй ач тустай, цаашид анхаармаар зүйл хэлсэн байдаг юм.

Бас чаддаг зүйлээрээ “баавар”-тайхан онгирч чадна. Элдэв пялдага зангүй нөхөр дөө. Нэг онгирохоороо өөрт тохиолдсон олон сайхан зүйлээ хэдэн цагаар ч хамаагүй харамгүй хуваалцан ярьж найз нөхөд, залуу сэтгүүлчдийг хөгжөөж суудагсан.

Мөн бусдыг сайн сонсож, аливаа асуудалд хүлээцтэй хандан хөдөлдөг онцлогтой. Ямарч мэдээ мэдээлэл, эрэн сурвалжлах нэвтрүүлэгт сэтгэлийн хөөрлөөр хандсан тохиолдол нэгээхэн ч үгүй. Тэр чинээгээрээ сэтгүүлч үеийнхэнтэй тулахтай, дүү нартаа үлгэр жишээ нэгэн ах явж ирсэн.

Саяхан намрын дунд сарын билэгт нэгэн сайн өдөр анд минь намайг дуудсанаар ажил дээр нь зорьж очлоо. Тэрээр “найз нь ийм онлайн тв, сайт, пээжтэй боллоо. Чи ирж ажлаа ч, цалин урамшууллыг бусдын жишгээр гомдоохооргүй яг цаг цагт нь өгөөд байна.Үндсэн ажилтнаар ажлын өдрүүдэд ажиллах боломжтой. Харин илүү цагаар анд нь ажлуулж чадахгүй шүү.” гэв. Би ч “Анд нь ирвэл ажил дээр ширээний теннис авч тавиад надтай өдөрт гурван удаа тоглож байна гэвэл би ирье. Тэгээд ч найз нь нэг том ажил барьж аваад эхлүүлчихсэн. Түүнийхээ үр дүнг үзээд, хариу өгөе” гэсэн дээ ... Үүний цаад санаа маань ширээний теннисээр дамжуулан, андынхаа жингийг зохистой төвшинд буулгаж авах гэсэн миний далд санаа байсныг нөхөр маань гадарлахын дээдээр гадарладаг. Учир нь,  “заал авч тоглож байя” гэхээр дандаа уурлаж, дургүйцдэг, тайлбар тавьдаг байсан хэрэг ...

Түүний хажууд байсан ямарч сэтгүүлч хувь хүнийхээ хувьд их сурч, хөгждөг, санаачлалтай, эрэлч, үнэрч болдог онцлогтой. Анд маань өөрөө ийм л онцлогтой нэгэн болохоороо 21 аймаг, 360 гаруй сумаа олон даа тойрсон байдаг юм. Түүнд гишгээгүй өвс ногоо, амтлаагүй гол ус мөрөн, даваагүй уулсын оргил гэж үгүй.

Өөрөө Хөвсгөлийн унаган хүү болохоороо нутаг усаараа их бахархан, огшиж, онгирч ярьдаг цайлган сайхан зантай. Тиймээс, сүүлд явсан аймаг орон нутгийн талаарх сонирхолтой дуусашгүй арвин их зүйлийг боломж заваараа ярьж, завгүй үедээ нүүр хуудсан даа тайлбартай зурган постуудыг оруулах их дуртай. Тэр ингэж л ажил мэргэжилтэй үнэн голоосоо дурлаж, шатаж асаж, аялж, нөхөрлөж явдаг анд минь байсан.

Өчигдөрхөн л намайг Налайхад байхад өглөө, өдөр гурван удаа надруу 9918 ....  дугаараасаа залгаж “ Анд нь очиж авах уу, би Их Монгол  хороололд ахындаа байна. Эсвэл чи хотруу гарах даа залгаарай” гэж ярьж билээ. Энэ бид хоёрын сүүлийн утасны яриа байх чинээ би санасангүй.

Эрхэм журамт сайхан андыгаа “тэнгэрт дэвшсэн”-ыг шөнийн 01:00 цагт санаандгүй байдлаар мэргэжил нэгт бүсгүй гийнхээ нүүр хуудаснаас зургийг нь хараад ихэд цочирдож, ядарч байсан бие, нойр минь “даралт”-аар солигдож, хямралаа.

Итгэж чадахгүй нь гэж өөрөө өөртөө чанга хэлмээр байв ч, амнаас минь ганц ч авиа гарч чадахгүй. Дотогшоогоо сэтгэлээ урж, шөнө дунд хүртэл нойр хулжин notebook-ээ асаан суулаа...

Нэртэй, зүстэй, дуулиантай, шуугиантай, хурц явсан нөхрийг минь Лхагвасүрэнгийн Пүрэвням гэдэг...

 

С.БАТГҮР


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/cf220f76756d32bc707e973aa0aa5097.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29