И.К.Азизов: Монголын тал усан цахилгаан станцын төслүүдийг бодитоор хэрэгжүүлж эхлээгүй л байна

Бид Элчин Сайд булангийнхаа энэ удаагийн зочноор ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичийг урьж ярилцлаа.

- Та Монгол улсад Элчин сайдаар томилогдсоноос хойш долоо дахь жилдээ ажиллаж байна. Хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг хэрхэн тодорхойлох вэ?
-Халхын голд байгуулсан бидний хамтын Ялалтын 80 жилийн ойд зориулан 2019 оны есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Улаанбаатарт албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр хоёр орны эрх зүйн хувьд өвөрмөц содон буюу Монгол Улс, ОХУ-ын хооронд Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг хугацаагүй байгуулсан юм. Зургадугаар сарын 8-нд уг гэрээг Төрийн Думд соёрхон батлуулахаар өргөн барьсан бол Монголын УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийхээс хэдхэн хоногийн өмнө соёрхон баталсан. Уг баримт бичгээр манай харилцааг, тэр дундаа худалдаа, эдийн засгийн ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг бататгав.

2019 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Сочи хотноо Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн уулзалтын дараа хил дамнасан байгалийн хийн хоолойн талаарх Орос, Монголын анхны албан ёсны баримт бичигт гарын үсэг зурсан ёслолоор манай хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаандаа хаана хүрч, хаашаа тэмүүлэн хөгжиж байгааг бодитоор харуулж байгаа юм байна.

2019 онд бид бараа эргэлтийнхээ өсөлтийг хадгалж чадлаа. ОХУ-аас нийлүүлсэн нийт экспортын барааны тэн хагас нь нефтийн бүтээгдэхүүн байсан бол Монголын талаас экспортолсон барааны 70 гаруй хувь нь хайлуур жонш байв. 2017 онд Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг сэргээсэн нь хоёр талын ажил хэргийн харилцаа холбоог эрчимжүүлэхэд эерэгээр нөлөөллөө. Дэлхийн эдийн засгийн хямралтай нөхцөлд, мөн COVID-19-ийн тархалттай тэмцэхтэй холбоотойгоор оруулсан хязгаарлалтуудаас үл хамааран бидний худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нэмэгдсээр байгаа нь бидний харилцааны түвшинг харуулна.

Бидний хамтын ажиллагааны тэргүүлэх салбар зам тээвэр бөгөөд урдаа барих далбаа нь Монгол-Оросын хамтарсан "Улаанбаатар Төмөр зам" ХНН (УБТЗ) билээ. Түүнийг үе шаттайгаар шинэчлэх томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. "РОТЕК" ХК-ийн нэг хэсэг болох "Уралын турбины үйлдвэр" ХК нь Улаанбаатарын ДЦС-4-ийг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа ба төслийн эхний хоёр шатыг дуусгав. Үүний үр дүнд ДЦС-ын хүчин чадлыг цахилгаан эрчим хүчний хувьд 47.5 МВт, дулааны хувьд 123 Гкал/цагаар нэмэгдүүлсэн. Төслийг дуусгахын тулд коронавирусын цар тахлын улмаас хаасан улсын хилүүд нээгдэж, Оросын мэргэжилтнүүдийн томоохон баг ирэх зөвшөөрөл гарахыг хүлээж байна.

Хөдөө аж ахуйн салбарт Монголын хөдөө аж ахуйн техникийн паркийг ОХУ-ын Внешэкономбанкны зээлийн санхүүжилтээр шинэчлэх, харин мал эмнэлгийн салбарт монгол малыг эрүүлжүүлэх ажил ид явагдаж байгаа ба бид зарим төслүүдийг үнэ төлбөргүй хэрэгжүүлж байгаа. Үрийн аж ахуйг хөгжүүлэх гэж байна. Сансрын, банк санхүүгийн, эрүүл мэндийн, мэдээллийн технологийн, харилцаа холбооны салбарт, мөн цөмийн болон орчин үеийн бусад технологийг энх тайвнаар ашиглах чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжууд бий.

ОХУ-аас нийлүүлсэн нийт экспортын барааны тэн хагас нь нефтийн бүтээгдэхүүн байсан бол Монголын талаас экспортолсон барааны 70 гаруй хувь нь хайлуур жонш байв. 

Хүмүүнлэгийн салбар дахь бидний харилцаа улам бэхжиж, дээд боловсрол, эрдэм шинжилгээний хамтын судалгаа, залуучуудын солилцооны зэрэг төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд орос хэл, Оросын боловсролыг дэлгэрүүлэхэд анхаарлаа хандуулахыг хичээж байна. Тухайлбал, манай улсын зөвхөн Боловсрол, шинжлэх ухааны яамны шугамаар ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцах монгол иргэдийн тэтгэлгийн тоог 500 болгож нэмэгдүүлсэн.

Хил орчмын бүс нутаг болон муж хоорондын харилцаа холбоо нь жижиг, дунд бизнесийн түвшинд худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх хөдөлгөгч хүч болох ёстой. Ташрамд дурдахад, үүнд 2014 оны арваннэгдүгээр сараас хүчин төгөлдөр үйлчилж буй ОХУ, Монгол Улсын хооронд иргэд харилцан визгүй зорчих журам, өнгөрсөн онд байгуулсан бүс нутгийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын гэрээ ихээхэн тус дөхөм болсон юм.

2019 онд бид Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлуудыг зохицуулах эхний үе шатны ажлыг мөн хамтын хүчээр дуусгавар болгож чадсан. 2008, 2009 онуудад дээд, өндөр түвшинд хүрсэн тохиролцоог хэрэгжүүлсний үр дүнд болон 2019 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон холбогдох хэлэлцээр байгуулсны үр дүнд Улаанбаатар, Дарханд байгаа орон сууцны асуудлыг шийдвэрлэж, орон сууцны найман байрыг бусад зургаан байгууламжийн хамт Монголын талд шилжүүлэн өгөв. 

ОРЧИН ЦАГИЙН ТҮҮХЭНД МАНАЙ ХОЁР ОРНЫ ТОГТООСОН ХАРИЛЦАА НЬ ХАМГИЙН УРТ УДААН ХУГАЦААНЫХ 

-Монгол Оросын харилцаанд та ямар хувь нэмэр оруулсан бэ?
-Цаг хугацаа л хийсэн ажлыг минь үнэлж, үр дүнг нь харуулах болно. Харин одоогийн байдлаар бол энэхүү агуу үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй Оросын болон Монголын талын бүх хүмүүст гүн талархлаа илэрхийлж, ажил үйлсэд нь амжилт хүсье.

-Монгол улс болон ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой ирэх жил тохионо. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хүрсэн ололт амжилт юу байв?  
-Орчин цагийн түүхэнд манай хоёр орны тогтоосон харилцаа нь хамгийн урт удаан хугацааных гэвэл хилсдэхгүй байх. Оросын хувьд гэвээс манай улс нь магад зөвхөн Османы дараах Турк улстай, мөн хаант бус Герман улстай л арай урт удаан хугацааны харилцаатай байгаа болов уу. Сайн хөршийн болон хамгийн ойр дотнын бүхий л салбарын хамтын ажиллагааны бүтэн зуун жилийн түүх гэдэг бол хоёр орны түүхэнд ихээхэн даацтай үе бөгөөд бидний харилцааны хатуу, тогтвортой байдлын объектив шалгуур юм. Бидний гол ололт нь ажил хөдөлмөрийн ч, дайн тулааны ч талбарт батлагдсан бат бэх найрамдал билээ.

-Красноярскийн хязгаар нутгаас болон Ямалын хойгоос байгалийн хий Хятад руу нийлүүлэх “Сибирийн хүч 2” хоолойг Монголын нутгаар дайруулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ төсөлд манай талаас ихээхэн ач холбогдол өгч байна. Энэ төсөл хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ хуудас нээнэ гэсэн хүлээлттэй байгаа юм. Та үүнтэй санал нийлэх үү?   
-Талууд төслийн практик тал дээр ажиллаж байгаа ба уг төсөл нь Орос, Монгол, Хятадын иж бүрэн харилцааг бэхжүүлэх болно. Мэдээжийн хэрэг, иймэрхүү өргөн хүрээний санаачилгууд нэг шөнийн дотор хэрэгждэггүй ба хамгийн нухацтай тооцоо судалгааг шаардана. Ялангуяа уг төсөл нь урт хугацааны стратегийн төсөл учир.

Орчин цагийн түүхэнд манай хоёр орны тогтоосон харилцаа нь хамгийн урт удаан хугацааных гэвэл хилсдэхгүй байх.

-Өнгөрсөн онуудад хоёр орны худалдааны эргэлт 1.8 тэрбум ам.долларт хүрч байсан. Тэгвэл 2020 онд энэ тоог 2 тэрбум ам.долларт хүргэхээр талууд харилцан тохирсон. Худалдаа эргэлтээ нэмэгдүүлэхийн тулд ямар ажил хийгдэж байна вэ?
-Бид ихийг хийж байгаа. Манай хоёр орны гол зорилго болох төрийн болон хувийн бизнесийн бүтцүүдийн хүчээр эдийн засгийн харилцааг хөгжүүлэх улс төрийн болон олон улсын эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх нь ерөнхийдөө амжилттай хэрэгжиж байна гэж би үзэж байна. Ташрамд хэлэхэд, энэ хүрээнд шинэчлэгдсэн Орос-Монголын бизнесийн зөвлөлийн үйл ажиллагаа томоохон үүрэг гүйцэтгэж байгаа. Ер нь бол өнгөрсөн жил хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаанд системийн бүрэн бүтэн байдлыг хангах үндэс суурийг тавьж чадсан. Худалдааны талаар урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ ямар байх бол гэвэл Монголын бизнес эрхлэгчид Оросын чиглэлд амжилттай ажиллахын тулд манай оронд удаан хугацаанд үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн жил бүрийн эдийн засгийн чуулга уулзалтууд, үзэсгэлэнгүүдэд өргөнөөр оролцох хэрэгтэй.

Тухайлбал, Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн форум, Дорнын эдийн засгийн форум, Красноярскийн форум, "АТОМЭКСПО" олон улсын форум, Оросын эрчим хүчний долоо хоног, "Алтан намар" Оросын хөдөө аж ахуйн үзэсгэлэн, Мэдээлэл, харилцаа холбооны технологийн олон улсын үзэсгэлэн гэх мэт. Монгол Улсын төр засгаас дотоодын боловсруулах үйлдвэрийг бий болгох зорилтыг тавьсан ба үүнтэй холбогдуулан жил бүр Екатеринбург хотод зохион байгуулагддаг "Иннопром" олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэн нь онц сонирхолтой байж болох юм. Уг үзэсгэлэн нь эрчим хүчний, машины ба эд ангийн үйлдвэрлэлийн, аж үйлдвэрийн автоматжуулалтын, мэдээллийн технологийн, хиймэл оюун ухааны, уул уурхайн болон боловсруулах үйлдвэрлэлд ашиглах техник, технологийн салбаруудыг хамардаг. Ташрамд дурдахад, өнгөрсөн жил Засгийн газар хоорондын комиссын бүрэлдэхүүнд аж үйлдвэрийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд уг ажлын хэсэг нь ирээдүйтэй хэд хэдэн шинэ төслүүдийг хэрэгжүүлэх нэг төрлийн "зүтгүүр" болж ажиллах юм.

МОНГОЛЫН ТАЛ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БИДНИЙ ЗҮГЭЭС ЯМАР НЭГЭН ЭСЭРГҮҮЦЭЛ, СААД ТОТГОР БОЛГОСОН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

- Манай үе үеийн Засгийн газар Эгийн голын усан цахилгаан станцын төслөө эхлүүлдэг ч энэ төсөл хэрэгжээгүй 30 гаруй жилийн нүүрийг үзэх гэж байна. Хөрөнгө санхүүгийн асуудлаас гадна Байгаль далайд сөрөг нөлөөтэй зэрэг шалтгаанаар Оросуудын эсэргүүцэлтэй тулгараад гацчихаад байх шиг байна. Энэ эсэргүүцэл үндэслэлтэй юу? Асуудал юунд байна гэж та харж байна?
- Монголын Засгийн газрууд таны дурдсан усан цахилгаан станцуудын төслүүдийг бодитоор хэрэгжүүлж эхлээгүй л байна гэж дурдах нь зүйтэй. Бидний зүгээс ямар нэгэн эсэргүүцэл, саад тотгор болгосон зүйл байхгүй. Харин хоёр хөршийн хувьд нэг л асуудал байгаа бөгөөд энэ нь талуудын харилцан хамааралтай ашиг сонирхлыг, мөн хил дамнасан гол мөрнүүд болон тэдний биологийн нөөц баялгийг хадгалан хамгаалахтай холбоотой хоёр талын хоорондын болон олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг аливаа болзолгүйгээр дагаж мөрдөхийг шаарддаг. Байгаль нуур нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн санд бүртгэгдсэн ба НҮБ-ын гишүүн орнуудын хувьд Орос болон Монгол улсууд нь түүнийг хайрлан хадгалах үүрэгтэй. ЮНЕСКО-гийн 41, 42-р чуулганууд зохих шийдвэрүүдийг гаргаж, манай хоёр оронд зарим зөвлөмжүүдийг өгсөн. Тэдгээр зөвлөмжүүд нь ч хэрэгжиж байгаа. Нэмж дурдахад, 1995 онд байгуулагдсан Хилийн усны нөөцийг хамгаалах, ашиглах тухай Орос-Монголын хэлэлцээр хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд энэхүү баримт бичгийг хэрэгжүүлэх хариуцлагатай этгээдүүд нь маш их ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг.

Хоёр тал иж бүрэн судалгааг, мөн Сэлэнгэ мөрний урсац хэсэгт усан цахилгаан станцын барилга байгууламжуудыг, үүний дотор Эгийн голын усан цахилгаан станцыг барих боломжтой эсэх, Байгаль нуурын болон Сэлэнгэ мөрний Оросын болон Монголын нутаг дэвсгэр дээрх экологийн үйл явцууд, биологийн нөөц баялгийн хувьд ямар үр дагавартай байх асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтэд үндэслэн хамтдаа хийж шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт санал нэг байна.

Байгаль нуур нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн санд бүртгэгдсэн ба НҮБ-ын гишүүн орнуудын хувьд Орос болон Монгол улсууд нь түүнийг хайрлан хадгалах үүрэгтэй. 

Ажлын хэсэг ажилласаар байгаа. Түүний хүрээнд хил орчмын усыг хамгаалах, зохистой ашиглах чиглэлээр хамтын ажиллагааг усны нөөцийг тэгш, харилцан ашигтай менежментийн зарчмаар хөгжүүлэх эрмэлзлийг баталж, тэдгээрийг хадгалан хамгаалах хэрэгцээтэйг нотлов. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд "Сэлэнгэ мөрний эрэг орчмын газар нутаг дээр усан цахилгаан станцын барилга байгууламжуудыг бүтээн байгуулахтай холбоотой асуудлуудыг цогцоор нь судлах материалыг боловсруулахад шинжлэх ухааны дэмжлэг үзүүлэх" ажлын дэд хэсэг байгуулагдсан. Тэдний шийдвэрийг хүлээцгээе.

- Эрчим хүч цахилгаан хангамжийн салбарт хоёр талын ямар төслүүд хэрэгжиж байна вэ. Цахилгаан эрчим хүч, дулааныг үйлдвэрлэх салбарын төслийг хэлж байгаа болов уу?
- Одоохондоо тийм ч олон биш шүү. Юуны түрүүнд дээр дурдсан Улаанбаатарын ДЦС-4 дээр хэрэгжүүлж буй тоног төхөөрөмжийн шинэчлэлийн төслийг нэрлэнэ. Одоогийн байдлаар ДЦС-3-ын хүчин чадлыг 300 МВт-аар нэмэгдүүлэх маш ирээдүйтэй төсөл дээр ажиллаж байгаа ба түүнийг "ИНТЕР РАО – Экспорт" компанийн оролцоотойгоор хэрэгжүүлж байна. Түүнийг амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд нүүрсийг шатаах орчин үеийн технологийг ашиглаж, жилд 10 сая еврогийн түлш хэмнэх болно. Энэ нь цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн зардлыг бууруулаад зогсохгүй Улаанбаатар хотын экологийн байдалд эерэгээр нөлөөлнө. Түүнчлэн Оросын компанийн санал болгосон төслийн дагуу тус станцын дулааны хуваарийн үр ашгийн коэффициент нь бусад хувилбаруудаас хамаагүй өндөр байна. Монгол Улсын цаг уурын нөхцөл байдлыг харгалзан үүнийг хамгийн чухал хүчин зүйл гэж ойлгох нь зүйтэй.

"РОСНЕФТЬ" МОНГОЛ ТҮНШҮҮДТЭЙГЭЭ ХАМТАРЧ КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ ЯРЬЖ БАЙНА 

- Роснефть Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудлыг авиа керосиноор хангах, хуучин шинэ хоёр буудлын онгоцны түлш цэнэглэх комплексийг ашиглах урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, өөрийн шатахуун түгээх станцыг Монголд барих санал тавьсан. Энэ гэрээ хэлэлцээр ямар шатанд явж байгаа вэ?  
- "Роснефть" НХН-ийн шатахуун түгээх станцуудын тухайд бол энэ нь шатахуун түгээх байгууламжаас тусдаа төсөл ба түүний хэрэгжилт нь Монгол Улсын хууль тогтоомжоос шалтгаална. Хуулийн дагуу тус улсын бөөний хэрэгцээний 30 ба түүнээс дээш хувийг хангадаг компаниуд нь ("Роснефть" энэ ангилалд багтдаг) жижиглэнгийн худалдаа эрхлэх боломжгүй.

Түүнчлэн "Роснефть" монгол түншүүдтэйгээ хамтарч компани байгуулах тухай ярьж байгаа ба уг компани нь олон улсын шинэ онгоцны буудалд шатахуун түгээх цогцолбор ажиллуулж, онгоцны түлш нийлүүлнэ. Хэлэлцээ эцсийн шатандаа явж байгаа. Харамсалтай нь, коронавирусийн цар тахлын улмаас "Роснефть"-ийн төлөөлөгчид Улаанбаатарт ирж чадахгүй байна. Тиймээс яриа хэлэлцээ түр завсарласан ч тун удахгүй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. 

Ташрамд дурдахад, «Роснефть» нь Орост ч, Монголд ч шатахуун түгээх цогц байгууламжуудыг ажиллуулах арвин туршлага хуримтлуулсан ба компани нь шаардлагатай нөөц боломжуудаас гадна логистикийн давуу талтай. Түүний Ангарск дахь газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын хилээс холгүй байрлах ба энэ нь дэд бүтцийг үр ашигтайгаар ашиглаж, онгоцны түлшийг тасралтгүй ханган нийлүүлэх боломжийг олгоно. Тиймээс Роснефть нь шинэ нисэх онгоцны буудлыг түлшээр хангах ажлыг зохион байгуулах тал дээр Монголын хамгийн сайн түнш байх болно. Тогтвортой байдал, хангамжийн найдвартай байдал, операторын чадвар зэрэг нь энд маш чухал ач холбогдолтой. Эцэст сануулахад, одоо ажиллаж буй Монголын нисэх онгоцны буудал манай онгоцны түлш хангамж дээр хэзээ ч асуудалтай тулгарч байгаагүй.

УБТЗ-ЫН ТӨВ ШУГАМЫГ ЗАСВАРЛАХ, СТАНЦУУДЫГ УРТАСГАХ, НЭМЭЛТ ЗАМ ТАВИХ, МӨН ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙГАА 

- Оросын төмөр зам компани нь Монголын төмөр замыг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх эхний ээлжинд 260 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа гэсэн. Тус хөрөнгө оруулалтаар төмөр замын салбарт ямар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа вэ?
- 2019 оны зургадугаар сард "УБТЗ" ХHН-ийн Удирдах зөвлөлөөс "УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн болон техникийн шинэчлэлийн хөтөлбөр"-ийг батлав. Гол зорилго нь дамжуулах хүчин чадлыг жилд 54 сая тонн хүртэл нэмэгдүүлэх, мөн төмөр замыг шинэ чиглэлд барих явдал юм. Үүнтэй холбогдуулан УБТЗ-ын төв шугамыг засварлах, станцуудыг уртасгах, нэмэлт зам тавих, мөн хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа.

"Роснефть"-ийн шатахуун түгээх станцуудын тухайд бол энэ нь шатахуун түгээх байгууламжаас тусдаа төсөл ба түүний хэрэгжилт нь Монгол Улсын хууль тогтоомжоос шалтгаална. 

Дээр дурдсан 260 сая ам.доллар нь талуудын тохиролцсоны дагуу зүтгүүрийн галт тэрэг худалдан авахад зориулагдсан арилжааны зээлийн одоогийн хязгаар юм. Энэ нь нэг ёсны шинэчлэлийн өмнөх шат бөгөөд үүнд 2019 онд ашиглалтад оруулсан замын аюулгүй байдлыг хангах, төвлөрсөн удирдлагатай болон хөдөлгөөнийг хаах орчин үеийн систем хамаарна. Радио суваг ашиглан галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах системийн туршилтын ажил дуусахад дөхөж байна. Ерөнхийдөө манай хамтарсан үйлдвэр амжилттай ажиллаж байгааг тэмдэглэе. Ялангуяа ачаа тээврийг дамжин өнгөрүүлэх салбарт. Тухайлбал, 2016 оноос 2019 оны хооронд. Европ-Хятадын чиглэлд явах чингэлэгтэй галт тэрэгний тоо 176-аас 1440 болтол өсч, 8 дахин нэмэгдэв.

Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлд төмөр замын шугамыг барих ажилд техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай "РЖД Интернешнл" ХХН, "УБТЗ" ХHН-ийн хооронд гэрээ байгуулагдав. Баримт бичгийн дагуу Оросын мэргэжилтнүүд 416 км урттай энэхүү зам дээр гүүрэн гарц барих ажилд оролцоно. Одоогийн байдлаар УБТЗ өөрийн хүчээр төмөр замын дэд бүтцийг барьж байна. "Бодь групп" компани нь Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажилд манай мэргэжилтнүүдийг татан оролцуулж эхэлсэн.

Шинэчлэл хийх явцад УБТЗ-ын санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах асуудал нь онцгой ач холбогдолтой юм. Энэ зорилгоор 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн УБТЗ-ын дотоодын хэрэгцээнд зориулж нийлүүлэх дизель түлшнээс онцгой албан татвар авдаг байсныг зогсоосон. Уг татвар УБТЗ-ын 1949 оны хэлэлцээрт шууд харшилж байсан. Харин 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Хурал 1998 оноос хойш үйлдвэрлэлийн зориулалтаар импортолсон дизель түлшнээс төлсөн онцгой албан татварын яг тэр хэмжээгээр компанийн зээлийн өрийг хэсэгчлэн хасахаар шийдвэрлэв. Эдгээр шийдвэрүүд нь монгол түншүүдийн зүгээс УБТЗ-ын шаардлагагүй санхүүгийн ачааллыг арилгахад чиглэгдсэн маш эерэг алхмууд болов. 

- Манай хоёр орон стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай. Энэ харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хэрхэн хөгжиж байна вэ?  
- Түншлэл сайн явагдаж байна. Хоёр орны харилцааны хүрээнд улс төр, цэрэг, цэрэг-техникийн, худалдаа, эдийн засгийн, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны маш өргөн хүрээний сэдвүүд, тэр дундаа дээд, дунд боловсрол, шинжлэх ухааны салбар багтдаг. Бид өнгөрсөн түүхийн өвийг хадгалж, шинээр хуримтлагдан гарч ирж буй асуудлуудыг тайвнаар шийдэж, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг хайж олж чадаж байна.

-Хятад-Монгол-Орос гурван улс нь хил залгаа хөрш орнууд харилцан стратегийн түншүүд. Орос-Хятад-Монгол Улс “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсан. Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын бодит хэрэгжилт ямар үе шатандаа яваа вэ?
- Өнөөдрийг хүртэл нэлээд дорвитой ажлыг хийж амжсан. Өдгөө хамтын ажиллагааг уг хэлбэрээр хөгжүүлэхэд хангалттай олон улсын хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан ба шаардлагатай механизмуудыг бий болгосон. Гурвалсан хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр "замын зургийг" гаргаж, Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор бий болгох хөтөлбөрийг боловсруулжээ. Бүс нутгийн тээврийн дэд бүтцийг сайжруулах нь нэн тэргүүнд тавигдсан зорилго бөгөөд энд төмөр замын Төв коридор (Улаан-Үд – Наушки – Сүхбаатар – Улаанбаатар - Замын-Үүд – Эрээн – Улаанцав – Жанчхүү – Бээжин – Тяньжин) байгуулах тухай яригдаж байна. 2018 оны 9-р сард Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр (цаашид «Хөтөлбөр» гэх) боловсруулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, төмөр замын төслийг гол сэдэв болгон тодорхойлсон болно. Авто замын харилцаа холбоог хөгжүүлэх, тухайлбал, АН-3 авто замын сүлжээг хөгжүүлэх зорилгоор ОХУ, БНХАУ, Монгол Улсын хооронд Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээврийн үйлчилгээ эрхлэх тухай 2016 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр байгуулсан хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдсөөр байгаа бөгөөд өдгөө уг баримт бичиг нь ид хэрэгжиж байна. Хоёр орны Зам тээврийн яамдын шугамаар дамжуулан Орос, Монгол хоёрын хооронд ачаа тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн солилцоо жил бүр явагддаг. Орос, Монгол, Хятадын ачаа тээвэрлэгчид өдгөө гаалийн хялбаршуулсан журмаар хил нэвтэрч, үндэсний бичиг баримт, бүртгэлийн дугаартайгаар манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх боломжтой болсон.

"Роснефть" нь Орост ч, Монголд ч шатахуун түгээх цогц байгууламжуудыг ажиллуулах арвин туршлага хуримтлуулсан ба компани нь шаардлагатай нөөц боломжуудаас гадна логистикийн давуу талтай.

Эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлаар шинжээчдийн гурван талт зөвлөгөөнүүдийг жил бүр зохион байгуулж байна. Гурван улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын дэмжлэгтэйгээр Орос, Монгол, Хятадын хамтарсан худалдаа, эдийн засгийн форумыг мөн жил бүр зохион байгуулдаг. Ээлжит арга хэмжээг энэ оны есдүгээр сард Улаанбаатарт зохион байгуулахаар төлөвлөж байна. Гурван улсын аялал жуулчлалын байгууллагуудын хооронд олон улсын аялал жуулчлалын брэнд болох "Цайны зам"-ыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа үргэлжилсээр байна. Мэдээжийн хэрэг, эдгээр үйл явцууд нь дуусаагүй байгаа. Тэгээд ч бид Евразийн эдийн засгийн холбоо, Хятадын "Нэг бүс, нэг зам" санаачилга, Монголын "Хөгжлийн зам" төслийг хослуулах замаар Евразийн өргөн хүрээний түншлэлийг бий болгох маш том зорилтыг тавиад байна.

ЦАГ ХУГАЦАА Л ХИЙСЭН АЖЛЫГ МИНЬ ҮНЭЛЖ, ҮР ДҮНГ НЬ ХАРУУЛАХ БОЛНО

- Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын тусламжаар Дорнод аймаг Халх гол сумын төвийг шинэчилсэн. Энэ бол манай хөдөө сумдад сүүлийн жилүүдэд хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болсон. Энэ төслийн нийт санхүүжилтийг танилцуулахгүй юу? 
- 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар "Шинэ сум" төслийн хүрээнд Дорнод аймгийн Халхгол суманд засаг захиргааны төвийг шинэчилсэн ч биш бүр шинээр барьсан. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 8 сая еврогийн санхүүжилтийг "Роснефть" компани нэг дор шилжүүлсэн ба түүний зарцуулалтыг Монголын тал дангаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хатуу хяналтан дор гүйцэтгэсэн. Бүтээн байгуулалтын ажил маш эрчимтэй явагдаж, 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр "Шинэ Сум" төслийн нээлт болов. Сумын Засаг даргын Тамгын газрын барилга, 240 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, дотуур байртай 640 хүүхдийн дунд сургууль, орчин үеийн биеийн тамирын заал, 150 хүүхдийн цэцэрлэг зэрэг 11 барилга, байгууламжийг барьж, ашиглалтад өглөө. Засаг даргын Тамгын газрын байрны урд талд Халхын гол дээр хамтын хүчээр байгуулсан ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Эрхүү мужаас Монголын ард түмэнд бэлэглэсэн, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөг босгосон. Харилцаа холбоо, ариун цэврийн дэд бүтцийг тус суурин газрын бүх иргэдийн хэрэгцээг хангах тооцоотойгоор төсөвлөсөн учир сумын төвийн бүх айлуудын асуудлуудыг шийдвэрлэж, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхэд нөлөөлнө. Түүнчлэн орчныг тохижуулж, хэдэн зуун суулгац тарьсан.

-Манай Засгийн газраас ОХУ-д 72 сая рубль буюу 1 сая ам.доллартай тэнцэх үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүнийг хандивлахаар болсон. 
- Харилцан туслалцаа үзүүлэх нь Орос, Монголын хамтын ажиллагааны онцлог, салшгүй нэг хэсэг билээ. Таны дурдсан тусламжийг үзүүлсэн монгол анд найз нартаа хязгааргүй их талархаж байгаа ба таны өгсөн үнэлгээг бид хуваалцаж, бүрэн дэмжиж байна.

- Таны анх удаа Монгол улсад томилогдон ирэх үеийн Монголын ард түмний талаарх сэтгэгдэл одоогийнхоос юугаар өөр байна вэ?  
- Элчин сайдаар томилогдохоосоо өмнө би Москва дахь төв аппаратдаа Монголын чиглэлийг зохицуулж, танай улсад байнга ирдэг байсан. Мөн түүнчлэн "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет" компаниудын Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Тэр жилүүдэд Монголын ард түмэнтэй анх танилцсан ба тэр цаг үед бүрэлдэн тогтсон миний сайхан сэтгэгдэл өдгөө ч өөрчлөгдөөгүй. Монгол найз нөхдөдөө Үндэсний баяр Наадам айсуй энэ үед сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Эх сурвалж: ''gogo.mn''


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/6ad429ea5556c77da604819a00a4dc2d.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29