"Мэргэжлийн бус хүмүүс санхүүгийн тайлан гаргадаг байсныг зогсоосон"

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн дэд захирал Ш.Энхтөвшинтэй ярилцлаа.


-Мэргэжлийн болон, мэргэшсэн нягтлан бодогч гэж хэн бэ?

-Мэргэжлийн нягтлан бодогч гэдэг нь их дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн мэргэжилтнүүдийг хэлдэг. Харин мэргэшсэн нягтлан бодогч гэдэг нь мэргэжлийн гүнзгийрүүлсэн шатны 5 хичээлийн шалгалтыг өгч тэнцсэн 2 оос доошгүй жилийн ажлын туршлагатай мэргэжлийн нягтлан бодогчдыг хэлдэг. Гэхдээ санхүүч, менежмент болон эдийн засагч мэргэжилтэй гэхдээ нягтлан бодогчоор 4 өөс доошгүй жил ажилласан хүмүүс чиглүүлэх хичээл үзэж шалгалт өгөөд мөн дээр дурдсан 5 шалгалтад тэнцэж байж мэргэшсэн нягтлан бодогч болдог.

-Нягтлан бодогчид чухам яагаад мэргэших ёстой вэ,хэрэгцээ шаардлага нь яг юу вэ?

-Байгууллагын санхүүг авч яваа, удирдаж яваа нягтлан бодогчдын хувьд одоогийн чиг хандлага болох байгууллагадаа үнэ цэнэ нэмэгч мөн удирдлагынхаа сайн туслагч, зөвлөгч, санхүүгийн шинжээч байж байнга өөрийгөө чадваржуулж орчин үетэй хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлага тулдгардаг. Дэлхий нийтийн хөгжил, бизнесүүдийн нарийн төвөгтэй байдал, техник технологийн дэвшил зэргээс үүдэн өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх, ёс зүйтэй ажиллах шаардлагууд гарч ирж байна.

-Гэрээт нягтлан бодогч гэж хэн юм бэ, танай дээр явагдаж байгаа гэрээт нягтлан бодогчийн бүртгэл, сургалт, шалгалтын тухай мэдээлэл өгөөч?

-Гэрээт нягтлан бодогч гэж байгуулагатай бичгэн болон аман гэрээгээр тохиролцож нягтлан бодох бүртгэлийг нь хөтөлж, санхүүгийн тайлан гаргах хөндлөнгийн үйл ажиллагаа явуулж үйлчилгээ үзүүлж байгаа мэргэжлийн болон мэргэшсэн нягтлан бодогчдыг хэлнэ.

Гэрээт нягтлан бодогчдын хувьд өмнө нь хаана ч бүртгэлгүй байдаг, мэргэжлийн бус хүмүүс санхүүгийн тайлан гаргаад явдаг байсан асуудлыг зогсоож, нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн мөн санхүү эдийн засгийн мэргэжилтэй ч мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэг авсан мэргэжилтнүүдээ бүртгэлжүүлж зөвшөөрөл олгоно гэсэн үг. Зөвшөөрөл гэдэг нь тусгай зөвшөөрөл гэсэн үг биш, тиймээс аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар зохицуулагдахгүй.

Гэрээт нягтлан бодогчдыг онлайнаар бүртгэх ба хамгийн энгийн хялбар байхаар системийг боловсруулсан байгаа. Хувь хүмүүс диплом болон иргэний үнэмлэх, хуулийн этгээдүүд компанийн гэрчилгээ ажиллагсдын гэрээт нягтлан бодогчдын зөвшөөрлийн гэрчилгээ гэх мэт баримтуудыг шаардаж байгаа.

Бүртгэл баталгаажсаны дараа цөөхөн цагийн сургалтад хамрагдах ёстой. Сургалт гэдэгт гэрээт нягтлан бодогчийн шинэ үүрэг болох Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүрэг болон ёс зүйн талаар 1-1.5 цагийн унших, үзэх цахим хичээл байна. Эдгээр хичээлүүдийг судлаад өөрийн мэдлэгээ бататгах сорил шалгалтыг онлайнаар өгнө. Тэнцэх хүртлээ хэдэн ч удаа өгч болно.  Нэг үгээр хэлбэл бүрэн мэдлэг эзэмшсэн эсэхээ өөрөө үнэлнэ гэсэн үг. Тэнцсэний дараа гэрээт нягтлан бодогчоор ажиллах зөвшөөрлийн гэрчилгээ авах хүсэлт гаргах эрхтэй болно.

-Аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр ажиллаж байгаа нягтлан бодогчид заавал гэрээт нягтлан бодогчийн зөвшөөрөл авах ёстой юу?

-Нэг талаасаа урд нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд байсан аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг мэргэжлийн болон мэргэшсэн нягтлан бодогчид гаргана гэсэн заалтын хэрэгжилтийг дэмжих, нөгөө талаасаа манай улсыг саарал жагсаалтад оруулсантай холбогдуулан ФАТФ-ын өгсөн зөвлөмж буюу стандартыг биелүүлэх шаардлага тулгарсан. Уг зөвлөмжид тусгаснаар нягтлан бодогч гэж олон нийтэд НББ-ийн үйлчилгээ үзүүлдэг фирмийн партнер ба ажиллагсад мөн бие даан үйлчилгээ үзүүлэгч буюу гэрээт нягтлан бодогч гэсэн байдаг.

Нягтлан бодогчид “Мөнгө угаах терроризмтай тэмцэх” (МУТСТ) хуулийн 4.1.9-д дурдсан үйлчилгээнүүдийг бэлтгэж хийн оролцсон бол мэдээлэх үүрэгтэй этгээдүүд болно гэсэн заалт байдаг. Яг энэ дагуу бид нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэгч хувь хүмүүсийг олж тогтоох гэж нэлээн зүтгэсэн боловч хаана ч ямар ч бүртгэл хяналт байгаагүй. Иймд ФАТФ-ын зөвлөмжид заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Эндээс хуульд оруулах эхний шалтгаан гарч ирсэн. Мөн МУТСТ талаар ямар ч мэдлэггүй мэргэжлийн бус хүмүүс эсвэл богино хугацааны дамжаа төгссөн хүмүүс ч санхүүгийн тайлан хөлсөөр бэлтгээд түүнийгээ илгээдэг нь жирийн үзэгдэл болсон байсан. Энэ нь Монгол улсыг МУТСТ талаар эрсдэлтэй улс гэж үзэх үндэслэл болж байсан. Иймд МУТСТ ажлын хэсгээс хуульд өөрчлөлт оруулахаар санаачилж Хууль зүйн яам, Сангийн яам болон бусад холбогдох төрийн байгууллагуудаас санал авч дэмжсэний үндсэн дээр Засгийн газарт оруулж батлуулсан. Цааш нь УИХ-ын Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдэж батлагдаад УИХ-д өргөн барьсан ба 2 удаагийн хэлэлцүүлэгт орж батлагдсан.

НББ-ийн хуульд орсон нэмэлт өөрчлөлт ёсоор гэрээт нягтлан бодогчоор ажиллах гэж байгаа бол заавал зөвшөөрөл авах ёстой болж байгаа.

-Энэ асуудалтай холбоотой маргаан, ойлголтын зөрүү явагдаад байх шиг байна. Үүн дээр та тайлбар өгөхгүй юу?

-Бид энэ хуулийн өөрчлөлтийг дараах ач холбогдолтой гэж харж байгаа.

Улс орны түвшинд яривал далд эдийн засаг буурч, статистик үзүүлэлтүүд зөв гарах, саарал жагсаалтаас гарах, харилцагч байгууллагын хувьд буух эзэн буцах хаягтай мэргэжлийн үйлчилгээ авах, хувь хүний хувьд эзэмшсэн мэргэжлээ үнэ цэнэтэй байлгах, мэргэжлийн бус курс дамжаа төгссөн санхүүгийн тайлан гаргагч нараас мэргэжлээ хамгаалах, харилцагчиддаа мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн нэр хүндээ өсгөх гээд маш олон давуу талтай байна.

Эх сурвалж: Г.Оюун (news .mn)


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/438f00bc10af41c9a5a0b40f38a3e63c.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29