Л.ӨНӨРБАЯР: Маш их мөнгөний эсрэг үзэл санаа л өрсөлдөж байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд “Та Бидний Эвсэл”-ээс нэр дэвшигч, МУНН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга (ЕНБД) Лхагвасүрэнгийн Өнөрбаяртай цаг үеийн асуудлаар хөөрөлдлөө.

Юун түрүүнд өөрийг тань “Зөн Билгийн Тулаан”-ын хөтлөгч гэдгээр Монголчууд маань эчнээ танина. Тиймээс Л.Өнөрбаяр гэж хэн юм бэ гэдгээс хоёулаа ярилцлагаа эхэлье.

Намайг Лхагвасүрэнгийн Өнөрбаяр гэдэг. 1982 онд Улаанбаатар хотод төрж, өссөн. МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр сурч төгссөн. Өөрөөр хэлбэл улс төр судлаач, нийгэм судлалын багш юм. Энэ чиглэлээрээ багшилж, мөн олон улсын байгууллагын төсөл дээр ажилласан.

2008 оноос өөрийн дур сонирхол, хүсэл мөрөөдөлтэй хөтлөгдөн “Зөн Билгийн Тулаан” нэвтрүүлгийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Монголдоо анх удаа хийсэн.

Гэсэн ч өнөө хүртэл мэргэжлийнхээ дагуу багшилж, МУНН-ын ЕНБД-аар ажиллаж байна. Тус намд би 1997 онд анх 16 настай 10 жилийн  хүүхэд байх даа үндэсний цогтой тэмцэгч Очирбатын Дашбалбар агсны хэлж ярьж байгаа үзэл санаа миний сэтгэлтэй нийцсэн учраас намд элсэж, III дугаар их хуралд хамгийн залуу гишүүн гэдгээрээ үг хэлж байлаа.

Намын журмын нөхдүүд маань миний итгэл үнэмшил, чадварыг үнэлэн 2012 оноос хойш намайг МУНН-ын ЕНБД-аар ажлуулж байна.

Ингэхэд өөрийг тань эхлүүлсэн “Зөн Билгийн Тулаан” нэвтрүүлэг яагаад зогссон юм бэ? Ер нь цаашид үргэлжлэн явагдах уу? Үүнийг  хүмүүс ихэд сонирходог юм?

Манайх жижиг зах зээлтэй улс. Би 2008 оноос хойш 10 жилийн туршид тус 8 цуврал нэвтрүүлэг хийж үзэгчдэд хүргэсэн.

Монголын сор болсон үздэг, хардаг бүх хүмүүс ороод дуусчхаад байна л даа. Сүүлийн хийгдсэн нэвтрүүлгүүд чанаргүй болж, оролцож байгаа оролцогч нар маань чадварын хувьд тааруухан болж эхэлсэн. Тиймээс нэг хэсэг дээ нэвтрүүлгээ завсарлах нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэгэхгүй бол шоу хийсэн чадваргүй, тааруухан хүмүүс орох хандлага бий болсны улмаас ийн завсарлах шаардлага үүссэн.  

Харин Оросуудын хувьд том зах зээлтэй учраас, тухайн нэвтрүүлгүүд нь далайцтай сайн яваад байгаа юм байна гэж хардаг.

Цагтаа МУНН УИХ-д суудалтай байсан улс төрийн хүчин. Тэр ч утгаараа өөрөө яагаад Баянзүрх дүүрэгт нэр дэвших болов. Ер нь Баянзүрх дүүрэг их онцлогтой, том нутаг дэвсгэр шүү дээ?

Миний хувьд намаасаа анх удаа нэр дэвшиж байна. Өмнө нь 2008, 2012, 2016 онуудад сонгуулийн штабт ажиллаж байсан.

Энэ удаад “Та Бидний Эвсэл”-тэй нам нэгдэж сонгуульд орох болсон тул намын ЕНБД-ын хувьд  сонгуульд нэр дэвших нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан.

Би өөрөө Баянзүрх дүүргийн унаган иргэн. Миний нэг зарчим байдаг. Би одоо хүртэл намаа болон дүүргээ солиогүй. Одоо хүртэл тус дүүрэгтэй ажиллаж, амьдарч байна.

Дүүргийнхээ бүх нүх сүв, тулгамдсан асуудлыг мэддэг учраас энэ л дүүрэг дээ нэр дэвшиж байгаа юм.

УИХ-ын гишүүн гэдэг бол улс орны хэмжээний бодлогыг тодорхойлдог. Орон нутгийн хөгжлийн асуудал бол тухайн Засаг даргын тамгын газрын ажил юм.

Тиймээс УИХ-ын гишүүн аж ахуйн ажил хийдэг хүмүүс биш гэдгийг иргэд сонгогчид ойлгоосой.

Манай “Та Бидний Эвсэл”-ийн мөрийн хөтөлбөр үндсэн гурван хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээрт, Хүн эрүүл саруул, өргүй, өндөр боловсролтой Монгол хүн монголын хөгжлийн суурь юм. Энэ нь Монгол хүн эрүүл байх ёстой. Үүнд төр анхаарах учиртай. Эрүүл иргэнээсээ төр татвар авч, ард иргэд дээ халамж үйлчилгээ үзүүлэх. Мөн иргэдийг өргүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээд боловсрол дээр нь онцгой анхаарах ёстой.

Монголын төрд боломж нь байна. Бид баялаггүй ард түмэн биш. Асар их нөөцтэй улсын иргэд шүү дээ.

Авилгачдын оймсонд 10 мянган ам.доллар байх биш. Тэр мөнгө иргэдийн эрүүл мэндэд зарцуулагдах боломжийг авилгачид, эрх мэдэлтэй хүмүүс хулгайлаад байгаа учраас бид энэхүү тогтолцоог өөрчлөхийн төлөө зорьж ажиллаж байна.

Улс орны тогтолцоог өөрчлөх, улс төрийн реформ хийх шаардлага байна гэдгийг анх бид 2008 онд олж харж гаргаж ярьж эхэлсэн байдаг. Энэ гажуудал одоо ч хэвээрээ байна. Гажуудлыг засахгүйгээр улс орны хэмжээний хөгжил, эдийн засаг, сайн сайхан зүйлс ярих боломжгүй.

Ер нь өнгөрсөн 30 жилийн явж ирсэн ирсэн тогтолцоонд МУНН байнга шүүмжлэлтэй хандаж ирсэн. Тиймээс энэхүү яриад байгаа тогтолцоог энэ удаагийн 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар өөрчлөх боломж бий юу?

2008 онд л энэ гажуудлыг засахгүйгээр хөгжил цэцэглэлт ярих боломжгүй юм байна гэдгийг ярьж эхэлсэн.

Бид ард түмэнд таалагдахын тулд, УИХ-ын гишүүн болохын тулд худлаа үнэн юм ярьж "попрох" шаардлагагүй. Энэ үзэл санаандаа одоо хүртэл үнэнч явж ирлээ.

Тиймээс МУНН болоод МАХН, ИЗНН-ын үзэл санаанууд нийлж байгаа учраас “Та Бидний Эвсэл”-ийг байгуулан сонгуульд оролцож байна.

“Та Бидний Эвсэл”-ийн мөрийн хөтөлбөр, бодлого амьдралд хэр хэрэгжих бололцоотой ойр мөрийн хөтөлбөр гэж та үзэж байна вэ?

Нэлээн сайхан дөнгүүр мөрийн хөтөлбөр болсон гэж би хэлж чадна. Сонгуулийн цаг хугацаанд зориулж гаргасан мөрийн хөтөлбөр биш. Бид өнгөрсөн 4 жилийн хугацаанд эрдэмтэн судлаачид, олон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор чамбай судалж, боловсруулж гаргасан мөрийн хөтөлбөр юм.

Улс орныг хөгжүүлэх гол үзэл санаа шингэсэн концепц гэж хэлж болно. Жишээ нь монгол хүмүүс бүгд өрнийн асуудалтай байна. Зээлнээс зээлийн хооронд, хүүгийн дарамтад ажиллаж, амьдарч байгаа нь хэнд ч нууц биш.

Үүнийг өнөөгийн төр засаг ерөөсөө хөндөж ярихгүй байна. Монгол улс дэлхийд байхгүй хамгийн өндөр хүүг төлж амьдарч байна.

Цөөн хэдэн баячууд нь хагартлаа баяжаад, ард иргэд нь үгээгүй ихээр ядуураад байж болохгүй шүү дээ.

Өнөөдрийн тогтолцоо хэт цөөхөн хүмүүст ашигтай байгаа учраас тэд энэ тогтолцоог өөрчлөх хүсэл зориг алга. Харин бидэнд үүнийг өөрчлөх чин хүсэл эрмэлзэл байна.

УИХ-ын гишүүн өвдөхөөрөө гадаадад явдаг. Хүүхдүүд нь өндөр төлбөртэй сургуульд улсын зардлаар сурдаг байж болохгүй. Энэ шударга бус явдал юм.

Энэ удаагийн сонгууль түүхэн дээ анх удаа их сонин хязгаарлагдмал нөхцөл байдалд явагдах гэж байна. Та бүхэн хэрхэн яаж мөрийн хөтөлбөр, бодлогоо иргэд сонгогчид доо хүргэе гэж бодож байна вэ?

Ний нуугүй хэлэхэд хүч тэнцвэргүй тулаан энэ удаагийн сонгуулиар болох гэж байна. Маш их мөнгөний эсрэг үзэл санаа өрсөлдөж байна.

Үнэн дээ маш их улс төрийн хүчин, нэр дэвшигчид өөр хоорондоо өрсөлдөөд байгаа юм шиг харагдаад байгаа боловч цаад утгаараа хоёр л улс төрийн хүчин өрсөлдөж байна гэж би хувь даа үзэж байна.

Өөрөөр хэлбэл өнөөгийн тогтолцоогоо хадгалж үлдье  гэсэн нэг хүчин. Нөгөө хэсэг нь энэхүү гажуудлыг засъя, өөрчилье гэсэн хүчний хоорондох өрсөлдөөн болж байна гэж би хараад байгаа юм.

Бидний гар, хөлийг хүлсэн ч бид сонгогчид доо болон сошиалд л найдаж байна.

Сонгуулийн сурталчилгаа эхлээд бараг талдаа орчихлоо. Та бүгд энэ хугацаанд сонгогчид доо хүрч ажиллаж чадаж байна уу?

Тиймээ, маш том тойрогт, асар их мөнгөний эсрэг бид ажиллаж байна. Тэднээс дутахааргүй ажиллаж, маш их хөдөлмөрлөх, илүү их хөдлөх, явж хүрэх шаардлага бидэнд бий болоод байна. Цаг хугацаа харвасан сум шиг явж байна.

“Партизан”-ы дайн гэдэг шиг бид бүхий  л боломжоороо бид явган мөлхөө сурталчилгаануудаа тултал нь хийж байна даа.

Нийт сонгогчид доо хандан хэлмээр, яримаар зүйл байх юм уу?

Сонгогчид доо хандан хэлэхэд өнгөрсөн 4 жилийн амьдралыг эргэн хараа ч гэж юун түрүүнд хэлмээр байна. Хашаа байшинд амьдарч байсан та өнөөдөр орон сууцанд орж чадсан байна уу. Өмнө нь өр зээлтэй байсан та өр зээлгүй болж чадсан байна уу. Мөн цалин орлого нь өмнө хүрэлцдэггүй байсан бол өнөөдөр хүрдэг болсон байна уу.

Цаашлаад авилгал байхгүй болж, шударга ёс тогтож чадсан байна уу гэж та бүхэн өөрөөсөө асуугаад, сайтар тунгаан бодож үзээрэй гэж хэлмээр байна.

Хэрэв ээ үгүй бол Та бид өөрчлөлтийг өөрчлөх, засах тэрхүү хариуцлагатай сонголтын өмнө ирээд байна. Энэхүү өөрчлөлтийг “Та Бидний Эвсэл” хийж чадах болно гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Түүнээс биш МАН, АН хоёр энэхүү өөрчлөлтийг хэзээ ч хийж чадахгүй юм байна гэдгийг Та бид явж ирсэн 30 жилийнхээ хугацаандаа харлаа шүү дээ.

 

Ярилцсан: Санжаадорж БАТГҮР (ХМТА) ardchilal.mn

 


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/489e78af2447906852760b7b02b16ace.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29