ЭЕШ: 12-р ангид судалж амжаагүй сэдвүүдийг шалгалтаас хасжээ

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулдаг байсан бол энэ жил цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор сунгагдаж долоодугаар сарын хоёрноос тавны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Шалгалтад нийт 30900 суралцагч бүртгүүлсэн байна. Өнгөрсөн жил элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн сурагчид шууд засалтын танхимд орж дэлгэцээр дүнтэйгээ танилцдаг байсан бол энэ жил онлайнаар дүнгээ харах шийдвэр гаргажээ. Энэ мэтчилэн Covid-19 вирустэй холбоотойгоор шалгалтын журамд ямар өөрчлөлтүүд орсныг Боловсролын Үнэлгээний Төвийн Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.


-Элсэлтийн ерөнхий шалгалтад ямар, ямар өөрчлөлт орсон бэ?

-Өвчлөлттэй холбоотойгоор Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтад нэлээдгүй өөрчлөлт ороод байна. Улсын онцгой комиссоос ирсэн зааврын дагуу нэг ангид 12 сурагчийг хоёр метрийн зайтай суулгахаар болсон. Мөн шалгалтын байрны тоог нэмэх шаардлага гарсныг нэмсэн. Өмнө нь 50 байранд шалгалт зохион байгуулдаг байсан бол энэ жил 85 байранд шалгалт зохион байгуулна. Эдгээр шалгалтын байрны 44 нь хөдөө орон нутагт, 41 нь Улаанбаатар хотод байрлах юм. Нэмэлт байртай холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтын англи хэл, орос хэл, монгол хэлний сонсож ойлгох даалгаврын төхөөрөмж дутсан учраас оронд нь уншиж ойлгох чадварын даалгавар оруулахаар болсон. 

-Covid-19 вирусийн улмаас хичээл цахимаар орсон учраас шалгалтын материалд өөрчлөлт орсон уу?

-Урт хугацааны тэнхимийн сургалтын үйл ажиллагаа доголдсоны улмаас цахим хичээл орж эхэлсэн. Сурагчид үүнийг бүрэн ойлгоогүй гэж үзээд элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэвт өөрчлөлт орж байна. Шалгалтад 10, 11-р ангийн мэдлэгийг бүрэн хамруулах бөгөөд 12-р ангийн орж амжаагүй сэдвүүдийг шалгалтаас хасах шийдвэрийг гаргасан.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх монгол хэл, бичгийн шалгалтыг хэзээ авах вэ?

-Засгийн газрын тогтоолын дагуу их дээд сургуульд элсэн суралцаж байгаа бүх хүүхэд монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой гэсэн журам байдаг. Энэ жилийн хувьд гурван сарын 28-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор дөрвөн сарын 25 болгож хойшлуулсан. Үүнээс хойш дахин хойшлогдож элсэлтийн ерөнхий шалгалттай цуг авах шийдвэр гаргасан юм. Монгол хэл, бичгийн шалгалт задгай буюу нөхөх даалгавар гүйцэтгэдэг учраас шалгалтыг засах гэж маш их хугацаа зарцуулдаг. Иймээс тус шалгалтыг энэ жил цуцлах шийдвэрийг гаргаад байна. 

 

 

Эх сурвалж: С.Намхай (Өглөөний сонин)


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/c3850b8c0351a7a9511b91c324e49dd6.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29