Т.Ундаръяа: Монгол Улсад тэгш бус байдал газар авч буйг нэн тэргүүнд зогсоох хэрэгтэй

Бид сонгогчдын боловсролд зориулсан цуврал ярилцлагын энэ дугаарт судлаач Т.Ундаръяатай цахимаар холбогдож ярилцлаа. Тэрээр эдүгээ Малайз улсад гэр бүлийн хамт ажиллаж, амьдарч буй юм.

-Таны бодлоор энэ сонгуулийн хамгийн гол асуудлууд юу вэ?
-Монголд нийгэм-эдийн засгийн тэгш бус байдал гүнзгийрсэн нь нийгмийн болон ардчиллын хөгжилд хамгийн ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна. Өнөөдрийг хүртэл улс төрийн эрх мэдэл ямар нэгэн байдлаар баяжиж чадсан, тэр дундаа нэлээд хэсэг нь авлигын аргаар хөлжсөн, эрчүүдийн гарт байж ирлээ. Төрийн бодлого энгийн иргэдийн эрх ашгийг хамгаалахад бус харин нийгэмд илүү давуу эрх, боломж эдэлж ирсэн давхаргын нүдээр харсан, тэдний эрх ашигт нийцсэн буюу цөөнхөд үйлчилсэн маягаар явж ирсэн.

“Чөлөөт зах зээл” нэрийн дор неолиберал капиталист бодлого хэрэгжүүлж ирсний үр дүнд өнөөдөр Монголд тэгш бус байдал гаарч байгаа нь эмгэнэл.

Үүнийг улсын сургууль, эмнэлэг, номын сан, хүүхдийн парк, нийтийн тээвэр зэрэг нийтийн үйлчилгээний тогтолцоог төрийн эрх мэдлийг багасгах нэрийдлээр сулруулж, иргэдийн наад захын хэрэгцээг хангах, амжиргааны түвшинг сайжруулахад асар их ач холбогдолтой салбаруудыг бизнесийн ашиг олох хэрэгсэл болгон хувиргаж ирснээс харахад хангалттай. “Чөлөөт зах зээл” нэрийн дор неолиберал капиталист бодлого хэрэгжүүлж ирсний үр дүнд өнөөдөр Монголд тэгш бус байдал гаарч байгаа нь эмгэнэл. Дэлхий нийтээрээ неолиберализмаас татгалзаж эхэлж байхад Монголд 1990-ээд оны сэтгэлгээгээрээ “чөлөөт зах зээл” гэсээр, үүнийгээ ардчилалтай андуурсаар яваа нь, ядуурал, тэгш бус байдлыг байдаг л, хэвийн зүйл гэж хүлээн зөвшөөрч байгаа нь бүр ч эмгэнэлтэй.

-Үүнийг засахын тулд сонгогчид сонголт хийхдээ юуг чухалчлах ёстой вэ?
-Нийгэм асар тэгш бус болсон энэ нөхцөлд иргэд төлөөллийн байгууллагуудад өөрөөсөө дээр, илүү ухаантай, илүү “амжилтад” хүрсэн гэх хүнийг сонгох ёстой гэж бодсоор байвал байдал өөрчлөгдөхгүй. Үүний оронд өөрсдийг нь төлөөлж чадах, амьдралыг нь ойлгох, өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалах хүнийг сонгоё гэвэл энгийн хүмүүсийг төлөөлж чадах олон хүн сонгогдох магадлалтай.

Өөрөөсөө мундаг гээд, энгийн иргэдийн амьдралаас “тасарсан” хүмүүсийг сонгосоор байвал “өндөр боловсролтой,” “амжилттай яваа” гэх зэрэг шалгуураар үнэндээ ихэвчлэн энэ тэгш бус нийгэмд давуу боломж эдэлж ирсэн, бэлжиж чадсан (тэр дундаа нэлээд хэсэг нь авилгаар бэлжсэн), илүү эрх мэдэл атгаж буй хүмүүст хувь заяагаа даатгаж, тэд төрийн эрх мэдлийг өөрсдийн үзэл бодол, эрх ашигт тохируулж хэрэглэсээр байх болно. “Амжилт” гэдгийг хэр баяжиж чадсанаар үнэлээд байх шиг санагдах юм. Энэ мэт шалгуураар сонгогдсон хүмүүс энэ нийгмийн дийлэнх болох энгийн иргэний амьдралыг мэдэрч, тэдний аж амьдралыг дээшлүүлэх бодлого явуулна гэж бодох нь хэт гэнэн. Надаас “тасарсан” хүн яаж намайг төлөөлөх вэ?

-Та нэр дэвшигчдэд ямар шалгуур тавих вэ?
-Харамсалтай нь манайд энгийн иргэдийн эрх ашгийг тууштай төлөөлөх улс төрийн хүчин бүрэлдэж чадахгүй байсаар байна. Нийгэм-эдийн засгийн тэгш бус байдлыг бодитоор харж, түүнийг арилгахад, нийгмийн шударга ёсыг ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш эрхэд суурилсан байдлаар тогтооход чиглэсэн улс төрийн идеологи нам, эвслүүд, нэр дэвшигчдийн дунд бүрэлдээгүй байна.

Боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо сул байх нь цөөн хэдэн хүнд нийт иргэдийн наад захын хэрэгцээг барьцаалж ашиг олох боломж гарна.

Үүнд харамсалтай нь хугацаа орох байх. Энэ хооронд иргэдийн амьдрал доройтсоор. Энэ сонгуулиар наад зах нь тэгш бус байдлыг ноцтой бөгөөд системийн, бүтцийн асуудал гэдгийг бага ч гэсэн ойлгосон, үнэт зүйл, зарчим нь энгийн иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд үнэнээсээ чиглэсэн, мөн аливаа зорилгод хүрэхдээ ардчилал, хүний эрх, тэгш эрхийн зарчмыг баримтлах магадлалтай хүнийг сонгохыг хичээх хэрэгтэй байх. Нэг чухал зүйл бол хэрцгий, дээрэнгүй, өөрийгөө бусдаас илүү чухал гэх сэтгэлгээтэй хүмүүсийг би огт сонгохгүй. Эрх мэдэлтэй, давуу эрхтэй цөөнхийн эрх ашиг бус нийтийн сайны төлөө зүтгэх хүмүүсийг сонгох нь чухал.

-Нэр дэвшигчдийн нэн тэргүүнд амлаж, хийх ёстой ямар тулгамдсан асуудал байна гэж та бодож байна вэ?
-Монголд нэн тэргүүнд хийх ёстой ажил бол тэгш бус байдлыг багасгах, арилгах. Үүний тулд нэг чухал бодлого бол нийтийн үйлчилгээний тогтолцоо, хүртээмж, чанарыг сайжруулах юм. Учир нь энэ нь энгийн хүмүүст хамгийн хэрэгтэй. Тухайлбал, ерөнхий боловсрол, эмнэлэг, нийтийн тээвэр, нийтийн номын сангийн үйлчилгээг сайжруулбал хувь хүн дээр ирэх санхүүгийн дарамт, ачаалал багасна.

Ерөнхий боловсрол, эмнэлэг, нийтийн тээвэр, нийтийн номын сангийн үйлчилгээг сайжруулбал хувь хүн дээр ирэх санхүүгийн дарамт, ачаалал багасна.

Нийтийн тээврийн үйлчилгээ сайн бол хүн бүр машин худалдаж авах шаардлагагүй. Машины гараж, зогсоол, сэлбэг, шатахуун зэрэгт зарцуулах мөнгөө хэмнэх, хуримтлал үүсгэх эсвэл өөр чухал зүйлд зарцуулах боломжтой болно.

Номын сангийн үйлчилгээ сайн бол хүн бүр, хүүхэд бүр ном унших, хөгжих боломжтой болно. Нийтийн номын сангууд нийгмийн хөгжилд, тэр дундаа ардчиллын хөгжилд маш чухал ач холбогдолтой. Улсын сургууль, эмнэлэг сайн байх юм бол иргэд хувийн эмнэлэг, сургуульд мөнгөө зарах шаардлагагүйгээс гадна хүн бүр сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах тэгш эрх эдлэх боломжтой болох юм. Харин улсын боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог сулруулах юм бол цөөн хэдэн хүнд нийт иргэдийн наад захын хэрэгцээг барьцаалж ашиг олох боломж гарна. Манай төрийн бодлого үүнд чиглэж ирсэн гэж би боддог.

-Ардчиллыг бэхжүүлж, амьдралын чанараа дээшлүүлэхийн тулд бид юунаас эхлэх хэрэгтэй вэ?
-Нийгэм нэгэн цул биш, хүмүүсийн аж амьдрал, ашиг сонирхол, үзэл бодол, боломж өөр, өөр. Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг, баян хүмүүс орлого багатай иргэдийг, хотынхон хөдөө хязгаарынхныг ойлгож, төлөөлж чадах магадлал маш бага. Үүнээс гадна хамгийн гол нь тэдэнд тийм сэдэл, хүсэл байх эсэх нь эргэлзээтэй. Тиймээс энэ нийгэмд би ямар байр суурьтай байна, энэ байр суурийг ойлгож төлөөлөх улс төрч, улс төрийн хүчин хэн бэ гэдгийг бодолцох нь чухал. Хэрэв байхгүй бол би өөртэйгөө адил хүмүүстэй нэгдэж, тийм хүчин бий болгох уу гэж сэтгэх хэрэгтэй.

Миний бодлоор өнөөгийн Монголд нийгэм давхраажсан гэдгийг ойлгож, нийгэм-эдийн засгийн давхаргууд өөрсдийнхөө эрх ашгийг илүү тодорхой харж, мөн тэр эрх ашгаа нийтлэг зарчим, үнэт зүйлтэй дүйцүүлж, бусдын эрхийг зөрчихгүйгээр, нийгмийнхээ хөгжлийг хөсөрдүүлэхгүйгээр өөрийнхөө эрх ашгийг аль болох урагшлуулахыг бодох хэрэгтэй. Нийгэмд дийлэнх нь баян бус, эмзэгдүүхэн дунд давхаргынхан байгаа шүү дээ.

Эмзэгдүүхэн гэж хэлж буй шалтгааныг тайлбарлая. Хэрэв дундаж давхаргын гэгдэх нэгэн гэр бүлд ямар нэгэн ноцтой асуудал гарвал, жишээ нь үнэтэй эмчилгээ шаардсан  хүнд өвчин тусвал, тэд хамаг мөнгөө хамж, дээрээс нь магадгүй зээл авч гэр бүлийн гишүүнээ эмчлүүлнэ. Зарим айл байраа барьцаанд тавьж, эсвэл зарж дотоодын үнэтэй хувийн эмнэлгүүд, эсвэл гадагшаа илүү найдвартай гэх эмчилгээ авахаар явна. Орон гэргүй, зарим тохиолдолд ажилгүй, орлогогүй болж ядуурна шүү дээ. Энэ жишээн дээр харахад нийтийн үйлчилгээний тогтолцоог сулруулах нь энгийн иргэдэд тун хөнөөлтэй байгаад зогсохгүй Монгол Улсын хамаг баялгийг гадагшаа урсгаж байгаа нь ойлгогдох байх.

Бэл бэнчинтэй бөгөөд төрийн эрх мэдлийг атгасан хүмүүст бол энэ чухал асуудал биш. Тэд хувийн зардлаар (энд авилга чухал үүрэг гүйцэтгэж буйг мартаж болохгүй), эсвэл төрийн түшээ, сайд гээд улсын зардлаар дотоод, гадаадад ч чанартай үйлчилгээ авчихна. Тэдний зарим нь хувийн эмнэлгүүдээр бизнес хийж байна. Тэдэнд тэгш бус байдал асуудал биш бөгөөд заримд нь бүр ашигтай. Энэ бол элитист буюу нийгмийн илүү боломжтой, илүү эрх мэдэлтэй давхаргыг илүүд үзэх бодлогын нэг жишээ. Бид ардчиллыг хөгжүүлж, үндэсний хөгжлөө урагшлуулахыг хүсэж байгаа бол нийтлэг эрх ашгийн төлөө, энэ нийгмийн дийлэнх болсон эмзэгдүүхэн дундаж давхарга болон ялангуяа хамгийн эмзэг байдалд байгаа иргэдийн амьжиргаа, амьдралын чанарыг дээшлүүлэх бодлого явуулах шаардлагатай. Ийм бодлогод хүрэхийн тулд нийгмийн олон талт төлөөллийг бий болгох маш чухал.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:''gogo.mn''


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/ad13748a8dbd492365f0e79dba18fb8a.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29