Бодь сэтгэлийн галарваас мод, Үрээн өгөвч өнөд цэцэглэдэг ...

Энэ өдрүүд уйтай ч байна гунигтай ч байна. Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Дарма Батбаяр багштан 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тэнгэрт дэвшсэн. Тэр өдрөөс хойш ажил амьдрал хэвийн үргэлжилж байгаа ч сэтгэлд нэг юм дараастай, учиргүй их санаа алдаастай, нөмөргүй нөөлөггүй ганцаардах мэдрэмж төрөх юм.
1994 оны намар Улаанбаатар хотод “Бэрс” дээд сургуулийн сэтгүүлчийн ангийн оюутан болсноор багштайгаа танилцан, зохиолчийн урланд суух хувь тохиож билээ. Хөдөөгийн жаахан охинд багшийн минь утга зохиол урлаг, яруу найргийн тухай, хүний амьдралын утга учир, хүн байхын тухай хүүрнэлүүд нь гайхамшигтай ертөнц шиг санагдаж, алмайран суусан цаг мөчөө нэхэн дурсана.

Image may contain: 9 people, including Ваня Нэргүй, people standing, suit and outdoor

Тэр урланд сэтгүүлчийн ангийн Н.Бадамжав, В.Нэргүй, Д.Дэнсмаа, М.Амарбаяр, Г.Цолмон, Д.Өнөр, Ш.Жаргалцэрэн, Т.Эрдэнэчимэг, П.Ууганжаргал тэргүүтэй бидний хэдэн нөхөд багшийнхаа лекцийг сонсож, суудагсан. Өөрсдийгөө бас хэрэндээ шүлэгч гэж тоочихсон арван долоотнууд.
Дээд ангид багшийн урланд жил гаруй номын дуу сонсож, хэдийнээ яруу найрагч болчихсон Т.Эрдэнэцогт, Н.Баасанжав, Я.Бадамсүрэн, Ц.Бавуудорж, Ч.Ууганбаяр, Ч.Туул, Я.Мөнхжаргал, Л.Пүрэвням гэх дэвэргэн хэдэн нөхөд байх. Тэд шүлгээ уншиж бас шүлгийг минь сонсож, сайшааж, шүүмжилж багшийн хажуугаар “давхар” хичээл зааж биднийг “сурган хүмүүжүүлнэ”.

Одоо эргээд бодоход багш маань биднийг утга зохиолын гэгээнд ойртуулах, шүлэг зохиол бичүүлэх энгийн атлаа уран арга барилтай байж дээ.

Шүлэг гээд биччихсэн мөртүүдийг минь “Цаасны өлсгөлөнг цатгахын тулд шүлэг бичдэггүй юм” гээд ураад хаячихна. Урамгүй.

“Маш эмзэг маш торгон мэдрэмжтэй байж чадаж гэмээнэ яруу найрагч болно.Буцах хэрэгтэй. Гэхдээ өөрийн яруу найраг руу биш. Яруу найрагч болъё гэж бодож байвал 20-р зууны яруу найргийг бүү унш. 19-р зууны яруу найраг бол галт шувуу байсан, түүнийг унш, мэдэр. Одоо бол шүлэг гэдэг зүйл тахиа шиг өндөглөж байна. Тэнгэрлэг гэгээн юмаа алдчихаад зөвхөн өөрийн зовлонгоо улиглацгааж байна. Өөрөөсөө өмнөх үеийн зохиолчийг мэдэхгүйгээр юм бичиж болохгүй. Унш, сайн унш, та нарт тэр мэдрэмж бий” гэж урамшуулна.

Багш минь урландаа дэлхийн сонгодог яруу найраг, туурь, өгүүллэг, тууж, жүжгийн задаргааг гайхалтайгаар хийж, сэтгэхүйн бодлого бодуулж биднийг бишрүүлнэ. Зохиолууд дээр бидэнтэй хамт задаргаа хийхдээ:
”Хамгийн ээдрээтэй хэцүү санааг хамгийн энгийн үгээр илэрхийлэх хэрэгтэй. Хамгийн энгийн юмыг хүндрүүлж бичих хэрэгтэй. Маяглаж болохгүй, маяглах болбол мэдлэгтэй байж гэмээнэ маяглах хэрэгтэй. Санаагүйгээр хэзээ ч өгүүллэг бичиж болохгүй санаа олдох л юм бол ямар ч зүйл өгүүллэг болчихно. С.Эрдэнэ “Өвгөн шувуу” өгүүллэгийг дахин унш. Санаа ирэхийг л онгод орно гэж хэлж байгаа юм.
Ерөөсөө сайн зохиол гэдэг нэхсэн тор байдгийм Тэр торондоо хүмүүсийг оруулах хэрэгтэй байдаг юм. Нэхсэн торны ганц ч утас сул байдаггүй юм даа гэх...

Багш заримдаа лекцээ эхлэхээсээ өмнө“та нар 5 минутад шүлэг бичээдэх” гээд самбар дээр шүлгийн мөр юмуу сэдэв биччихээд гараад явчихна. Өөрсдийгөө бараг л яруу найрагч гээд бодчихсон хэдэн хөөрүү нөхөд ам амандаа гунганалдаж ирээд л шүлгээ бичнэ. Хэн хэн нь сайн шүлэг бичиж багшаас магтаал сонсох санаатай.Багш хэр барагтай бол магтахгүй.Хэдэн хормын дараа бид бичсэн шүлгээ итгэлтэйгээр уншина. Өөрсдийнхөө хувьд бараг л сонгодог мөрт биччихсэн байна шүү дээ. Багш сонсоод,

“Гайхамшигтай тэнэглэдэг байх нь ээ” гэх.....

За ингээд бүгд шүлгээ уншиж дууссаны дараа багш хичээлээ эхэлнэ.

“Яруу найргийн далд увидас руу нэвтрэх хэрэгтэй. Цаасан дээр бус хувь заяаныхаа дунд цагаан зай хаях хэрэгтэй. Яруу найраг бол хүний сэтгэлийн өнгө юм. Яруу найраг бол язгуур юм. Яруу найраг бол өөртэйгөө ганцаараа ярьдаг зүйл юм. Хүнд мэдэгдээгүй, мэдэхгүй юмыг эсвэл мэдээжийн юмыг мэдээжийн бус байдалд оруулах хэрэгтэй хэмээн гайхамшигт илтгэлүүдээ тэр урландаа бидэнд урладагсан.

Image may contain: 2 people, people standing, child and indoor

Бидний шүлэгнээс сайхан мөр таарвал сэтгэл нь хөдлөхөөрөө нүдний шилээ холоо шидчихнэ....эсвэл хэсэг чимээгүй болсноо толгой сэгсрээд чанга дуугаар тас тас инээж “Сайхан, энэ чинь шүү дээ гэнэ.
Яруу найрагч Т.Эрдэнэцогт найзын

Тэр үдэш бороо орсон
Тэргэл хөх саранд
Хөлөө дүрж үзсэн би... гэж бичснийг уншаад “Гениальный” гэж дуу алдан хашгирсан байдаг юм. Япончууд монголд сумогоо алдсан, одоо Хайкугаа алдчихлаа хэмээн уулга алдаж эзгүй талаас эрдэнэ олсон мэт учиргүй баярлаж билээ.
Нэгэн удаа миний бичсэн шүлгийг уншиж байснаа

Халуун сэтгэлийн минь үүдийг дэлгэж
Ягаахан уруулыг минь үнсэж зүрхэлсэн
Хавар эртийн бороо чи яасан зоригтой юм бэ..../нүдний шилээ ширээн дээр шидчихсэн/.
- Ердөө л хэлэх гэсэн санаа чинь энэ шүү дээ.... Болжээ. Одоо дүрээр сэтгэх хэрэгтэй гэнэ.
“Эхний навч яасан эмзэгхэн байдаг юм бэ”.....гээд үргэлжлүүлээд унших зуурт

Яруу байх яруу найраг гэдэг юманд дөхөөд оччихсон байна гэсэн үг.. Цаашаа ахих хэрэгтэй гэхэд нь би гэдэг хүн хэдэн өдөр хөл газар хүрэхгүй, хөөрцөглөж билээ. Түүнээс хойш зохиолчийн урлангийн хэд маань хаана л бол хаана миний энэ мөрийг уншиж бусдад гайхуулж явах болсон, одоо ч гайхуулсаар.
Багшаас магтаал сонссон бол бид магнай дээрээ гэрэлтэй хэд хоног “давхина” Жаахан биеэ тоох янз маяг мэдэгдээд эхэлбэл,

“Аливаа юм бүхэн өөр өөрийн хэмжээтэй байдаг. Мэдэж байж, чадаж байж ер нь ихэмсэглэж, бүр хүнтэй дуугарахгүй явсан ч болно”

Ингэж л ой ухаанд буутал, сэнхэрч сэхээртэл хэлдэг байсан юм даа багш минь.

Нэгэн удаа СУИС дээр хичээллэх боллоо. Бид багшийнхаа лекцийг амьсгаа даран сонсдог, ангидаа нам гүм сууж хэвшсэн байсан юм. Гэтэл СУИС-ийн оюутны коридортоо хийл тоглох аялгуу нь бидэнд сонсогдоод хичээллэж болдоггүй ээ. Багш гүйж гараад хөгжмөө давтаж байсан тэр оюутныг хөөгөөд явуулчихаж билээ. Орж ирснээ,

“Яруу найраг гэдэг бол өөрийн гэсэн уянгатай учир хажуугаар нь хөгжим нэмэхээр авцалдахгүй” гэж байгаа юм. Бид бүгд инээлдэхэд “Та нар яруу найргийн тэмцээн дээр харин шүлгээ гоё ая оруулж уншаад байвал лавтай түрүүлэх байх шүү” гэж ёжлоод амжиж билээ.

Шавь нараа “Болорцом” болон яруу найргийн наадам, тэмцээнд оролцуулах дургүйгээ
“Яруу найраг бол уралддаг зүйл биш, яруу найргаар өрсөлдөнө гэдэг хамгийн утгагүй явдал тэгээд тэрийг нь шүүнэ гэдэг их эмгэнэлтэй” гэж илэрхийлнэ.
Манай урлангаас мань мэтийг бодвол арай дөнгүүр шүлэг бичдэг хэд нь багшаас нуугдаж байгаад “Болор цом”, “Цагаан –уул” зэрэг найргийн наадамд ордог. Багш харин мэдсэн ч мэдээгүй юм шиг байж чаддаг байлаа. Ер нь бараг тоодог ч үгүй байсан байх. Энд тэндэхийн наадамд түрүүлсэн шагналт байранд, удаалсан, аль нь ч бай тоож сонсдоггүй байсан юм.
Манай урлангаас яруу найраг, утга зохиолын төрөлд Н.Бадамжав, В.Нэргүй, сэтгүүлзүйн салбарт М.Амарбаяр, Т.Эрдэнэчимэг нар минь багшийнхаа итгэлийг алдалгүй биднийгээ манлайлж явааг энд зайлшгүй дурьдах хэрэгтэй.

Багш минь миний мэдэхгүй, мэдэх ч үгүй өнгөрөх байсан тэр тансаг ертөнцийн хаалгыг нээж өгсөн ачтан билээ. Урагшгүй шавь би багшийнхаа найдаж байсан шиг сайн яруу найрагч болж чадсангүй, гэвч энэ эрхэм хүмүүний эрдмийн гэгээнд ойрхон байсны ачаар ертөнцийг үзэх үзэл, амьдрахуйн сургаал, үлгэрлэл, уран сайхны үнэлэмж нь надад лавтай шингэж, намайг төлөвшүүлж, одоо ч чиглүүлсээр байдаг гэж би бодож, багшийгаа сүслэн дээдэлж явдаг.

Image may contain: 2 people, people standing, shoes, tree and outdoor

Нэгэн удаа надад “Эмэгтэй хүн яруу найрагч, зохиолч байна гэдэг хамгийн их золиос шаарддаг. Өөрийнхөө амьдралыг бүтнээр нь өөрийгөө бүхлээр нь утга зохиолд зориулна гэдэг тун хэцүү. Сүүлийн үед шүлэг бичихгүй яваад байна.Хүнд ухаангүй дурласных нь төлөө өршөөж болно. Эсвэл чи дурлахаа больсон, эсвэл хүнтэй суухаар болсон байна” гэж билээ.
Тиймээ, тэгэхэд би үнэхээр хүний гэргий болж, хөдөө орон нутагт 10 гаруй жил ажиллаж амьдарч багштайгаа нилээд хэдэн жил уулзалгүй, ойрхон байж чадаагүй юм. Харин сүүлийн жилүүдэд нийслэл хүрээ бараадаж ирээд багшийнхаараа орж гарч зав гарвал нутгийн зөөхий, нэрмэл, жимс бариад гүйчихдэг болов. Багшийнд очихын тулд утасдаж би маргааш ажил тараад очно гэх мэтээр урьдчилж заавал дуулгана. Багшийн гэргий Мөнхөө эгч сайхан хоол цайтай, ажлаасаа ирж байгаа юм гээд бэлдээд хүлээж сууна. Сүүлдээ хоол хош болоод байхаар нь төвөг удахгүй гээд хэлэхгүй очдог болсон.
Багшийн уудаг цай тусдаа, орохоор за чи миний цайнаас уунаа, энэ их учиртай цай гэж ирээд аягалж өгнө. Амт гэж жигтэйхэн сайхан, муухан хоолноос дээр цай байдаг гэдэг яг л тэр.
Багш маань очих бүрд л шүлгийн номоо гарга, оюутан цагийн шүлгүүдээ эмхэл, “Агнистын гэгээ” цувралыг унш, өгүүллэг оролд, чамд юм бий ... гэж байнга хэлнэ. Хэнэггүй шавь би хэлснийг нь биелүүлэхгүй явсаар оюутан ахуйдаа бичсэн хайрын шүлгүүдээрээ ном гаргах болсноо дуулгаж, өмнөтгөл бичиж өгөхийг хүсэхэд багш минь учиргүй их баярлахыг хараад би ийм агуу хүний урмыг хугалж, яруу найргаас хөндийрсөндөө өөрийгөө зэмлэж билээ.
Номны нэр өгөх болоод хэд хэдэн нэр бичиж очсон ч бүгдийг тоогоогүй шууд л “Хаврын бороо шиг энхрийхэн” гэж бичээд өгсөн юм.

Номын баяр гэр бүл, найз нөхдийн хүрээнд даруухан болсон. Тэрхүү баярт хамгийн хүндэт зочин багш минь байсан бөгөөд их л хөөр баяртай ирж билээ. Багш маань сүүлийн жилүүдэд олон нийтийн арга хэмжээнээс аль болох зайлсхийн, амар амгаланг эрхэмлэж, буддын сургаалыг биедээ шингээсэн бодь сэтгэлтний зам мөрд шулуудсан байсан юм.
Номын нээлтэд оролцсон утга зохиолын салбарынхан, ангийн андууд минь “Батбаяр багштан ирчихэж, багшийг ирүүлчихдэг чи бас мундаг аа, чиний номын баярт ирэхээс ч яахав” гэлцэн, багштай уулзсан хүн бүхэн баярлаж байсан юм.

Багштан номыг минь мялааж үг хэлэхдээ: Энэхүү ном бол Д.Нарантуулын залуу цагтаа бичсэн шүлгүүд. Зарим хүмүүс яруу найргийн номоо оройтож гаргаж байна гэж хэлдэг гэсэн. Яруу найргийн номонд оройтно ч гэж байхгүй, эртдэнэ ч гэж байхгүй. Магадгүй яруу найраг бичнэ гэдэг хувь тавилан ч байж мэднэ. Юутай ч эд баялаг,эрх дарх, элбэг хангалуун амьдрах хүслээ огоорч байж давдаг даваа байх. Олон авъяаслаг хүмүүс амьдралын эрх, нөхцөл шалтгааны тулгалтаас болж найраг шүлгээсээ алсран, амь зуулгын дөрөөнд дөрлүүлэн одох нь олон байдаг. Гэхдээ одоо яая гэхэв. Амьдралын буулга хүнд хойно. Хамгаас чухал нь хүн байх. Хүн байхын тулд мөн ч их хайр хэрэгтэй дээ. Шүлэглэх хайраас илүү орчлонг, амьдралыг хайрлаж явна гэдэг бага юм биш. Номоо гаргана гэдэг тэр тусмаа дан хайрын шүлгүүдээрээ ном гаргана гэдэг айлын эхнэр, ээж хүний хувьд их зоригтой алхам байгаа юм. гэж хэлж билээ.
Номын баярын дараа багш маань “Бэрс”-ийн хэдэн шавь нар дунд суугаад хуучилж байхыг харах агшин хамгийн сайхан байсан. Номын баярт зориулж бяцхан зоог бэлдсний дотор нутгийн нэрмэл байсан юм. Багш гашуун нясуун идээ сүүлийн жилүүдэд хүртээгүй тухайгаа хуучлах зууртаа энэ идээнээс харин хүртчихье хэмээгээд хэд хэдэн тагш уучихаж билээ. Тэр өдөр багш минь нэрмэлд халчихсан сэтгэл өндөр гэртээ харьсан юм.

Нэгэнтээ –Уран бүтээлч хүнд нөхөд бол дайсан, цаг хугацаа цаг завын дайсан. Сайхан нөхөд байж болно гэвч ганцаардаж байж шаналж байж юм гаргана. Ердөө уншихгүй байх шиг байна.Харин авууштай тал байна Чамд хүний нөлөө алга. Энэ бол их сайн уншсаных эсвэл огт уншихгүй байгаагийнх. Үргэлж орчиндоо явах хэрэгтэй байгаа юм. Юу ч хамаагүй уншдаг цагийг одоо л алдаж болохгүй бас хэлж байжээ.
Ном гарсны дараа багш Номтой болохоороо хүн их өөр болдог юм. шүлгийн санаа орж ирвэл бичээд тэмдэглээд яв, шүлэг болгох гэж зовох хэрэггүй, одоо чи хүүрнэл зохиол, өгүүллэг оролдох хэрэгтэй. Эхний ээлжинд хуучны зохиолуудаас үүнийг уншаадах гээд хэдэн зохиолын нэр бэлдэж тавьснаа өгч билээ.

Image may contain: 5 people, including Tumen-ulzii Erdenetsogt, people standing, suit and indoor

Энэхүү зул үгийг өргөхийн тулд би оюутан цагийн хичээлийн дэвтэр, хувийн тэмдэглэлээс сөхөн суухуйд хажууд багш минь үг, сургаалаа хэлж байх шиг таатай зөөлөн ээл мэдрэгдэнэ. Багшийгаа хайрлан өрөвдөн санана. Багшийгаа тэнгэрийн орондоо амгалан морилж буй хэмээн бодно. Багшийгаа хувилгаан төрхөө олсон гэж зүүдэлнэм. Бодь сэтгэлтний билгийн гэгээ тасардаггүй гэнэм.
Багшийн минь туурвисан бүтээл, утга зохиолын салбарт шингээсэн шинэ сэтгэлгээ, сурган хүмүүжүүлэх үлгэр дууриалал нь монголын утга зохиолд хичнээн жилийн хөдөлгөх хүч болж, хожмоо монголын оюун санаа, сэтгэлгээний түүхэн шинэчлэл хэмээн дуурссаар байх болно гэдэгт би баттай итгэж байна.

Үүнээс цаашихыг хүн бодог хэмээн цэглээд орхиж болдог ч гурваас дээш цэг тавьж болдоггүй нь орхихын хязгаар тэр аж. /Дарма Батбаяр/

Эрхэм багш тандаа зул өргөе дөө.
Ум ма ни бад мэ хум
Улаанбаатар хот
2020.06.01 Багшийн тэнгэрт одсоны 21 дэх хоног

 

Шавь: Дэмчигийн НАРАНТУУЛ


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/e60a52984e2f31ea09c6f66224b406c2.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29