Концесс, ЖДҮ хоёр өөр шүү!

Бурууд нүд хурц гэдэг хэлц үг бий. Монголчууд төсөв суйлсан, ЖДҮ-ийн зээлээс хулгай хийсэн, татварт гараа шургуулсан улс төрчдийг нэг хэсэг үзэн ядаж нийтээрээ нулимсан. Аргагүй ч үгүй биз. Хэдэн мянган хүний бизнес эрхлэх боломжийг хумсалсан УИХ-ын гишүүн Н.Учрал  мэт нь “ Тэрбумын зээл авсан. Маргааш төлчихнө” хэмээн өндөр дуугаар “мэдэгдэж” суухыг харах  басамжлал, доромжлол мэт сонсогдож байсныг нуух юун. Үүнтэй зэрэгцээд өнгөрсөн жил олон нийтийн анхаарлыг татсан нэг сэдэв бол концессын гэрээ. Олон арван боломжоо хумслуулж бухимдсан ардуудын сэтгэл зүй рүү  санаатайгаар нэг сэдэв сэвж орж ирсэн нь концессын гэрээ байв. Уг нь бол хольж хутгах аргагүй тэс өөр  асуудал. Нэг нь бага хүүтэй мөнгийг өндөр хүүтэй хүүлэх. Нөгөөх нь хувийн хэвшил төрийнхөө ачааг үүрэлцэх. Өөрөөр хэлбэл улс орны эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, зам тээврийн салбарын амин чухал төслүүд бүгд концессын гэрээгээр хэрэгжиж буй. Тиймээс дээрх хоёр сэдвийг нэг малгайн дор зангидах аргагүй юм. Гэтэл нэг хэсэг концесс  гэдэг үг "улиг" болтол яригдаж, бүр засаг төрөө онхолдтол бужигнаад авав.

 Тэгвэл Концесс гэж юу вэ?

Концесс гэдэг нь төр хувийн хэвшил хоёр яаж хамтарч болох вэ гэсэн бизнесийн нэг арга хэлбэр юм. Түүнээс биш танил тохой татаж ЖДҮ-ийн бага хүүтэй мөнгийг өндөр хүүтэй банк бус руу гуйвуулдаг  луйврын ажил огт биш. Концесс бол төр захиалагч нь байж, хувийн хэвшил өөрийн хөрөнгөөрөө тухайн объектыг барьж байгуулна. Бүтээн байгуулалт хийнэ л гэсэн үг. Мэдээж төр хувийн хэвшил аль аль талдаа ашигтай  ажиллана. Үр дүн нь иргэд лүү чиглэсэн байна. Маш тодорхой зүйл. Концесс нь гэрээгээр зохицуулагдана. Тодорхой дүрэм журамтай.

Энгийн баримт татъя. Улаанбаатар хотод сүүлийн 15 жилд төрөлт 3.5 дахин нэмэгдсэн байхад шинээр төрөх эмнэлэг ашиглалтад ороогүй. Тулгар биетэй эхчүүд төрөхийн шалан дээр хэвтэж амарждаг байдлаас эмнэлгийн ачаалал дээд цэгтээ тулсныг харж болно. Гэтэл аль 2013 онд ажил нь эхлээд төсөвгүй зогссон төрөх эмнэлгээ өнөөг хүртэл ашиглаж чадахгүй л байна. Зовлон нь нөгөө л төсөвтэй холбоотой.

Уг нь төр хувийн хэвшилтэйгээ ойлголцоод концессоор эмнэлгээ барьчихвал хэдэн мянган эх шал дэрлэж хэвтэхгүй болчих юм. Энэ бол энгийн жишээ. Бидний харж байгаагаар  өнөөдөр Цахим оношилгооны төв, Орон сууцны хороолол, Улаанбаатар хотын замын уулзварууд бүгд концессоор баригдсан. Энэ бол бүтээн байгуулалт. Гагцхүү төр ямар байгууллагатай, хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг нь чухал болохоос биш, бүтээн байгуулалт хийсэн нь буруутай, ялтай юм шиг ойлголт түгээж болохгүй юм.

Жишээ татъя.  Өнгөрөгч 2012 онд Н.Алтанхуягийн тэргүүлж байсан Засгийн газраас Багануурын цахилгаан станц, Шивээ-Овоогийн цахилгаан станц, Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам гэх мэтчилэн маш олон төслийн шалгаруулалтыг явуулсан. Үүнээс “Монгол ЛЗ зам гүүр” ХХК  Говь-Алтай-Ховдын Дарви чиглэлийн 256 км хатуу хучилттай авто замын төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлж,  2016 оны арван нэгдүгээр сард хүлээлгэн өгчээ. Одоо тус компани Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлэхээр концессын гэрээ байгуулан ажиллаж байна. Улмаар дээрх төслүүдээс заримынх нь  концессын гэрээг байгуулахаар хэлэлцээрийг тухайн үеийн Засгийн газар хийх явцад УИХ-ын ээлжит сонгуультай нүүр тулснаар түр саатаж дараагийн засагт шилжсэн түүхтэй.

Концесс олгох төслүүдийн хувьд онцлогтой. Тухайн дэд бүтцийг барьж байгуулахад эхний жил их хэмжээний хөрөнгө шаардагдах ч ашиглаж эхэлснээр жил бүр тодорхой хэмжээний орлогын урсгал бий болно. Тэгээд энэхүү орлогоосоо тухайн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны болон завсар үйлчилгээний зардал, татваруудыг төлсний дараа үлдэх хэсгийг зээлийн графикийн дагуу сар, улирлаар эргэж төлөх жишээтэй. Ингэж төр хувийн хэвшлийн туслалцааг авснаар  манай эдийн засагт чухал ач холбогдолтой олон төслүүд хэрэгжиж эхэлсэн.

Баримт татвал: Засгийн газрын 2013 онд  баталснаар, өдгөө Боловсролын салбарт-17, Зам тээвэр-15, Эрүүл мэнд-1, Эрчим хүч-5 төсөл амжилттай хэрэгжиж байна. Мөн Концессын “Барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнээс нийт 616.7 тэрбум төгрөгийн 11 төсөл  барилга, угсралтын ажил бүрэн дуусч, ашиглалтад оржээ. Энэ бол баримт.

Ингээд харахаар Концесс бол бүтээн байгуулалт, үр дүн нь иргэд рүү чиглэсэн байдаг. Үүгээрээ Концесс ЖДҮ хоёр өөр юм. Түүнээс биш бүтээж босгосноо дэвсэлж, баталгаа, нотолгоогүй явуулга, урхиар улс орондоо бүтээн байгуулалт босгож буй олон арван компанийн хөдөлмөрийн бүтээмжийг үгүйсгэх нь туйлын өрөөсгөл ойлголт. Товчхондоо  төр хувийн хэвшлийнхээ амжилттай хэрэгжүүлж буй төслүүдийг  сэтгэлийн хөөрлөөр  шүүдэг, гутаадаг байж болохгүй гэж хэлэх гээд байна.

Н.Бүжин

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/a9f475feed75827f13f20e385dd1db37.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29