Өдрийн сурвалжлага: Тэтгэврийн зээл тэглэх сургаар үнэ өсчээ

Махны үнэ буцаад өссөн тухай иргэд ярьж байна. Зарим нь тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх сургаар наймаачид бүтээгдэхүүний үнээ нэмчихлээ гэж хардаж байна. Харин нэг хэсэг нь нийслэлчүүд цагаан сарын баяраар жилийн жилд л нийслэлчүүд махны үнэд дарлуулдаг  хэмээн тоомжиргүй хандах нь бий. Манай сурвалжлах баг махны үнэ ханшийг тодруулахаар  Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо.

Биднийг очиход аль хэдийнээ тус захын үйл ажиллагаа жигдэрч, мах авахаар ирэх хүмүүсийн хөл хөдөлгөөнд дарагдсан харагдав. Захын нэг давхарт мах, гурил, будаа, хүнсний ногоо худалдаалах лангуунууд эгнэнэ. Бидний хамгийн эхэнд очсон лангуу бол махных. Энд ихэвчлэн жижиглэнгийн мах худалдаалж байв.

Махны үнийн талаар худалдагч М.Баттөр “Бид “Хүчит шонхор” худалдааны төвөөс махаа бөөндөж авдаг болохоор бусад захаас үнэ ханш бага зэргийн нэмэгдэлтэй зардаг.

Гэхдээ энэ он гарснаас хойш махны үнэ бага зэрэг өссөн. Мах тарган, туранхайгаас хамаарч янз бүр байгаа. Өөх сайтай тарган мах бол арай үнэтэй. Үхрийн мах килограмм нь 12500, хонины махыг дунджаар  нэг килограмм нь 8000 мянган төгрөгөөр борлуулж байна” гэсэн юм.

Тус лангуунаас мах худалдаж авсан үйлчлүүлэгч Г.Бадарч махны үнэ ханшны талаар ингэж ярив.

-Махны үнэ ханш нэмэгдэж үү, та энэ худалдааны төвөөр байнга үйлчлүүлдэг үү?

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад махны үнэ нэмэгдсэн байна шүү дээ. Үхрийн мах  килограмм нь 12500 хүрчээ. Уг нь манай улс чинь 70 гаруй сая толгой малтай гээд л тооллогын дүн гарсан байсан. Гэтэл махны үнэ жилийн жилд л өс ч байна. Төрөөс махны үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээд байсан санагдах юм. Тэр хөтөлбөр хэр үр дүнгээ өгсөн юм бол доо.

-Тэтгэврийн зээл тэглэх сургаар махны үнэ нэмэгдчихлээ гэж харах хүн ч байна. Энэ талаар?

-Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх сургаар наймаачид үнээ нэмсэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Манайхан чинь цалин, тэтгэвэр нэмэх сургаар л бүтээгдэхүүний үнээ нэмчихдэг нь бодит үнэн л дээ. Мах гэлтгүй ногоо, гурил, будааны үнэ ч өссөн л харагдана.

Э.Оргил: /Бөмбөгөр худалдааны төвийн ажилтан/

-Бөмбөгөр худалдааны төвд ажил эрхэлдэг хүний хувьд махны үнэ ханшны талаар мэдээлэл өгөөч?

-Ер нь энэ жил өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэж харж байна. Махны үнийн хувьд 1000-3000 төгрөгөөр нэмэгдсэн болов уу. Өнгөрсөн жилтэй харьцуулахад  нийслэлийн хүнсний томоохон захуудад “Алтан тариа” савласан  нэг килограмм гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1800 төгрөг, 1-р зэргийнх 1050-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1200 төгрөг байсан, килограмм тутамдаа 100-250 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг килограмм дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1350-1400 төгрөгийн үнэ ханштай зарагдаж байна лээ.  

Иргэд, худалдагчдын хэлж байгаагаар махны үнэ он гарснаас хойш бага зэрэг нэмэгдсэн гэж байна. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлээр буюу арван хоёрдугаар сарын гурав дахь долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь 7300-8000 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10000 төгрөг, адууны мах нэг килограмм нь 9000-9500 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр  “Бөмбөгөр” худалдааны төвд үхрийн мах нэг килограмм нь 11000-12500 төгрөг буюу өнгөрсөн сартай харьцуулахад  даруй 1000-2500 төгрөгөөр нэмэгдсэн, хонины мах нэг килограмм нь  8500-9000 төгрөг буюу 1200-1600 төгрөгөөр нэмэгджээ. Харин адууны махны үнэ тогтвортой байна.

Махны үнэ ханшны талаар зарим худалдан авагчид “Айл өрхүүд идэшээ хийсэн үед махны үнэ буурдаг шүү дээ. Энэ жил буюу энэ сард махны үнэ огцом нэмэгдэж байгаа нь тэтгэврийн зээлийг төрөөс тэглэнэ гэсэн дуулиан шуугиантай холбоотой байх. Өвөл ингэж хоёр гурван мянгаар нэмэгдэхээр хавар бүр үнэ өсөх байх. Монголчууд олон сая малтай мөртлөө жилийн жилд нь махны үнэнд дарлуулж амьдарч байна шүү дээ. Эсвэл бүр махны үнээ барих төрийн бодлого хэрэгжүүлмээр юм” гэж байв.

Бид зөвхөн нэг л захаар ороход махны жижиглэнгийн үнэ ийм байна. Мэдээж “Хүчит шонхор” захаас нийлүүлдэг зах дэлгүүрүүдийн махны үнэ ханш бага зэргийн нэмэгдсэн байх. Дээр нь тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийн хэлэлцүүлгийн сургаар  худалдаачид махны үнээ өсгөж байхыг үгүйсгэх аргагүй юм. 

Н.Бүжин


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/44690807f68a6f7d79e6954e5ce0ef54.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29