П.Дэлгэржаргал: Анхдугаар Үндсэн хууль түүхэн ач холбогдолтой байсан

Энэ саналд үндэслэж 1946 оны нэгдүгээр сарын 5-нд БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөө Дундад иргэн улс албан ёсоор мэдэгдэж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон. Монголчуудын уйгагүй тэмцэл, бодлого, үйл ажиллагаа, Зөвлөлтийн удирдагч Сталины хатуу чанд байр суурь манай тусгаар тогтнолын хүлээн зөвшөөрүүлсэн. Гэвч 1946 оноос 15 жил НҮБ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй. Үүнд янз бүрийн хүчин зүйл нөлөөлж байсан

Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 95 жилийн ой хэдхэн хоногийн дараа тохионо. Тусгаар тогтнолын үнэ цэн, үе үеийн Үндсэн хуулийн онцлогийн талаар МУИС-ийн Түүхийн тэнхмийн эрхлэгч П.Дэлгэржаргалтай ярилцлаа.

-Анхдугаар Үндсэн хууль баталж байх үеийн нөхцөл байдал ямар байв. Түүхэн ач холбогдлынх нь талаар та ярихгүй юу?

-Одоогоос 95 жилийн өмнө 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс түүхэндээ  анхны Үндсэн хуулиа баталсан. Үүнийг Монгол Улс орон даяараа түүхэн өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ өдрийг яагаад тэмдэглэдэг талаар хэд хэдэн зүйлийг дурдаж болно. Нэгдүгээрт, Монгол Улс түүхэндээ анхны Үндсэн хуулиа баталсан. Хоёрдугаарт, Монгол Улс анх удаа Хаант засаглалаас Бүгд найрамдах засаглал руу шилжсэн. Гуравдугаарт, Монгол Улсад хууль ёсны парламентад ёс тогтсон. Хуулийг зөвхөн ард түмнээс сонгогдсон парламент батлах эрхтэй. Үндсэн хууль батлагдсан явдал нь тухайн үедээ онцгой ач холбогдолтой байсан. Үүний нэг илрэл нь Монгол Улсын тусгаар тогтнолыг Үндсэн хуулиараа баталгаажуулж байгаа түүхэн үйл явдал юм. Улс орон өөрийн тусгаар тогтнолоо зарлахдаа хамгийн түрүүнд Үндсэн хуулиа баталж, эхний заалтад “Монгол Улс бүрэн эрхт бүгд найрамдах тусгаар тогтносон улс мөн” гэж зарласнаар хууль эрх зүйн хувьд баталгааждаг. Олон улсын нөхцөл байдлаас харахад 1920 онд ингэх зайлшгүй шаардлага байсан. 1921 оны хувьсгалын дараа, дэлхийн олон улс руу Монгол Улсын Засгийн газар нот бичиг явуулж, Тусгаар тогтносон улс гэдгээ зарлаж, дипломат харилцаа тогтоохыг хүссэн ч алинаас нь ч хариу өгөөгүй. 1924 оны тавдугаар сарын 31-нд тухайн үеийн ЗХУ, Дундад иргэн улсын хооронд гэрээ байгуулсан. Энэ гэрээнд Монгол Улсыг хятадын бүрэлдэхүүн улс мөн гэдгийг ЗХУ хүлээн зөвшөөрсөн байв. Үүнд Монголын удирдагчид ихээхэн дургүйцэж, эсэргүүцлээ илэрхийлж байсан. 1924 оны хавар VIII Богд Жавзандамба хутагт таалал төгсөж, Бүгд найрамдах улстай болох зэрэг олон түүхэн үйл явдал давхацсан үед манайх Үндсэн хуулиа баталсан. Үүгээр Монгол Улсын засаглалын хэлбэр, засаг захиргааны нэгжээ тодорхой болгосон юм. Үндсэн хууль гэдэг тухайн улсыг хураангуйлсан хэлбэр. Тийм учраас “Эцэг” хуулиас тухайн орныг ямар улс байхыг тодорхойлдог.

-1922 онд Үндсэн хуулийг батлаад 1924 онд зарласан гэх мэдээлэл бий.  Энэ хэр бодитой вэ?

-Үндсэн хуулийг батлах субьект нь парламент. Монгол Улсын анхны парламент 1924 оны арваннэгдүгээр сард хурлаа хийсэн. Парламент болохын тулд сонгууль явуулах ёстой. Сонгуулиар байгуулагдсан анхны парламент ардын их хурал. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын парламент хоёр шаттай байсан. 1951 он хүртэл ингэж явсан гэсэн үг. 1990-1992 оны хооронд Монгол Улс шинэ Үндсэн хуулиа батлахаас өмнө Ардын их хурал, Улсын бага хурал гэсэн бүтэцтэй байсан. Хуучин уламжлалаа хэрэглэж байсан гэсэн үг.

-Манай улс 1924 онд засаглалын хэлбэр, засаг захиргааны нэгжээ тодорхой болгожээ. Тэр үеэс хойш 95 жилийн хугацаанд энэ байдлаа хадгалаад явж байгаа гэж ойлгож болох уу?

-Засаг захиргааны нэгжийн хувьд 1931 онд өөрчлөлт орсон. Монгол Улсын засаг захиргааны үндсэн нэгж нь “Хошуу” байсан. Үүнийг 1931 онд татан буулгаснаар аймгийг жижигсгэж, 150 өрхийг сум болгон одоогийн сумыг бүтцийг бий болгосон. Засаг захиргааны нэгжийн хувьд суурь өөрчлөлт орсон. Засаглалын хувьд 1949 онд Үндсэн хуульд өөрчлөлт орж, 1951 онд анхны сонгууль явуулснаар Ардын их хурал гэдэг бүтэцтэй болсон.

-Та яриандаа манай улсын тусгаар тогтнолыг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрөхгүй байсан гэж дурдсан. Тухайн үед дэлхийн улс орнууд тусгаар тогтнолоо хэрхэн яаж зарладаг байв. Манай улсын тусгаар тогтнолыг хэрхэн хүлээн зөвшөөрч байсан юм бол?

-XX зууны түүх Монголын тусгаар тогтнолын тэмцлийн үе байсан. 1911 он Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж, 1921 онд нөхцөл байдал дахин давтагдсан. Энэ байдал 1961 онд НҮБ-д элсэх хүртэл үргэлжилсэн гэсэн үг. Хамгийн сүүлд НҮБ-д элссэнээр албан ёсоор дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм. Энэ үйл явдал 1924 онд  Үндсэн хуулиа баталсан ч  хүлээн манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн улс нэг ч байгаагүй. Ингэж явсаар 1945 онд Монгол Улсын статусыг хүлээн зөвшөөрөх заалт Яалтын гэрээнд орсон. ЗХУ Японы эсрэг дайнд оролцохын тулд хэд хэдэн болзол тавьсны нэгдүгээрт БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай байсан. Тухайн үеийн Дундад улсын Ерөнхийлөгчөөр БНХАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч авсан байгаа юм. Ийм олон эрх ашиг нэгдсэний үндсэн дээр манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Ингэхдээ “Монголчууд өөрсдөө тусгаар тогтнолынхоо төлөө саналаа нэгтгэвэл бид зөвшөөрнө гэсэн санал тавьсан. Энэ дагуу 1945 он аравдугаар сарын 20-нд Монгол Улсын тусгаар тогтнолын асуудлаар түүхэнд анх удаа бүх нийтийн санал асуулга явуулсан. Үүнд нийт монголчуудын 98.6 хувь нь оролцож, 100 хувийн саналаар дэмжсэн. Энэ саналд үндэслэж 1946 оны нэгдүгээр сарын 5-нд БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөө Дундад иргэн улс албан ёсоор мэдэгдэж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон. Монголчуудын уйгагүй тэмцэл, бодлого, үйл ажиллагаа, Зөвлөлтийн удирдагч Сталины хатуу чанд байр суурь манай тусгаар тогтнолын хүлээн зөвшөөрүүлсэн. Гэвч 1946 оноос 15 жил НҮБ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй. Үүнд янз бүрийн хүчин зүйл нөлөөлж байсан.

-1924,1940, 1960 оны Үндсэн хуулиас 1992 оных ямар өөрчлөлт авчирсан бэ?

-Анхдугаар Үндсэн хуулийн ач холбогдол их. Сөрөг талаас нь ярьдаг судлаачид ч бий. Бид 1924 онд анх удаа л Үндсэн хуультай болсон. Тэр үед өндөр боловсролтой хүмүүс цөөхөн байлаа. Ямарваа нэг улс орны Үндсэн хуулийг загвар болгож авсан. Тэр үүднээс ЗХУ-ын Үндсэн хуулийг хуулбарласан гэдэг. Харин 1992 оны Үндсэн хууль ардчилсан гэдэг тодотголтой. Тухайн үедээ барууны хуулиудаас хуулбарлаж, дэвшилттэй заалтуудыг нь авч байсан юм билээ. Засаж, залруулах зүйл байсан учраас одоо өөрчлөлт оруулж байгаа болов уу. Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, олон ургальч үзлийг авчирсан, өмчийг баталгаажуулсан гээд олон давуу талтай ч төрийн байгууллагын хувьд алдаа дутагдал байна гэсэн үг. Төгс төгөлдөр Үндсэн хууль гэж хаана ч байхгүй.

-2000 оны өөрчлөлтөөс хойш 19 жилийн дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Хэр оновчтой зохицуулалтууд тусгаж өгсөн гэж тар харж байна вэ?

-Хэлэхэд эрт байна. Амьдралд туршиж үзэж байж мэднэ. Дараагийн сонгуулийн дараа Засгийн газраа байгуулж эхлэхээс шууд харагдана. Үндсэн хууль гэдэг бол маш сайтар тунгааж, бодож байж хийхгүй бол сэтгэлийн хөөрлөөр ханддаг зүйл биш. Үндсэн хуулийг баталж байгаа эрх мэдэл нь УИХ-д байгаа боловч нийт иргэдийн асуудал хөндөгддөг учраас няхуур ханддаг зүйл. Тэр ч утгаараа ард түмний оролцоо өндөр байх ёстой учраас Ард нийтийн санал асуулга явуулъя гэх санал гарч байсан. Гэвч тэр жишгээр явсангүй. Хамгийн гол нь Монгол Улсын тусгаар тогтнолыг улам бүр баталгаажуулсан, үндэсний язгуур эрх ашгийг дээгүүрт тавьсан хууль болсон байгаасай л гэж бодож сууна. Үндэсний эрх ашиг гэхээсээ илүү бүлэглэлийн эрх ашиг их явдаг болжээ. Олон нийтийн эрх ашгийг бага ярьдаг болсон байна.

 


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/ea639b30f7d562d18aa2e82827cff4a3.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29