ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХ ЯВАХ ЗАМААСАА ЭХЛЭЭД ЗӨРЧИГДДӨГ

Хараагүй иргэний зовлонг ойлгоё гэвэл нүдээ боогоод гадуур яв”. Нүдээ боохгүй явсан ч хотод тайван алхах амаргүй. Барилга байгууламжийн дээрээс юм унаж, хүний амь нас, эрүүл мэндийг хохирсон гэх хэрэг байнга л дуулддаг. Энэ бүхнээс харах нүд, сонсох чихтэй, эрүүл саруул хүмүүс айдас дүүрэн явж байхад “Хөгжлийн бэрхшээлтэй” иргэд ямар айдастай байдгийг төсөөлөх ч  аргагүй.

Улаанбаатар хотын явганаар зорчих хэсэгт байнга л саад бэрхшээл тулгарна. Хагас дутуу тагласан траншейны нүх, зар сурталчилгааны самбар, хаа сайгүй зам таглаж суусан ил задгай худалдаа эрхлэгчид, ТҮЦ-үүд. Хоёр нүдээрээ хараад тээглэж унах шахам явдаг энэ орчинд хорвоо ертөнцийг харж чадахгүй харааны бэрхшээлтэй хүмүүс яаж явдаг бол.

Хан-Уул дүүргийн 3–р хорооны нутаг дэвсгэрт байрлах, дүнсгэр цагаан байшингийн гадаа иргэд хоёр, гурваараа сугадалцан алхана. Энэ бол Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо”-ны/МХҮХ/ төв байр юм. Биднийг  14 цагийн үед очиход “Дунд гол”-ын гүүрэн гарцаар эхнэр, нөхөр хоёр гарч явсан юм. Тэд хоёул харааны бэрхшээлтэй. Эхнэр нь урт цагаан таягаараа явах замаа мэдэрч нөхөртөө замчилна. Тэднээс хаашаа явж буйг нь лавлан асуувал “Банк орчхоод гэртээ харих гэж байгаа” гэлээ. Тэдний гэр бидний зорин очиж буй газартай ойрхон тул замдаа цөөн хором ярилцаж, санаа бодлыг нь сонссон юм.

-ГЭРЭЛ МЭДЭРДЭГГҮЙ НАДАД ЗАМЫН ГОЛ ДАХЬ ШОН ТӨВӨГТЭЙ САНАГДДАГ

Г.Сарантуяа гэх энэ эмэгтэй 10 гаруй жилийн зам тээврийн ослоор хараагүй болжээ. Монголын хараагүйчүүдийн холбооны МСҮТ-ийг “Хүртээмжтэй технологийн мэргэжилтэн”  мэргэжлээр энэ оны зургадугаар сарын 10-нд төгссөн. Одоо тэрбээр Төмөр замч ХК-ийн харилцааны менежерээр ажилладаг байна. Гэрэл мэдэрч харахаа больсноосоо хойш амьдрах орчинтойгоо дасах гэж багагүй хугацааг зарцуулсан ч одоо бол харьцангуй сайжирсан гэдгээ хэллээ.

Г.Сарантуяа: “Нийслэл хотод аюулгүй явах гэдэг бол маш том бэрхшээл. Хотод бидэнд зориулсан зам талбай байдаггүйгээс болоод нийгмээс хязгаарлагддаг. Явган хүний зам нь маш нарийхан. Дээр нь явж байхад гэнэт л нүх, шон зэрэг янз бүрийн юм тулчихдаг. Манай энэ хавийн бидэнд зориулсан зам хамгийн боломжийн аюул багатай. Гэхдээ товгор хэсэг нь маш бүдэгхэн болчхоод л байгаа. Эндээсээ холдоод явна гэдэг бол маш том асуудал.  Бид нар хэчнээн таягтай явж байгаа ч энэ чинь амьтай эд биш шүү дээ. Би гэрэл мэдэрдэггүй хараагүй болохоор зам дээрх гэрлийн шонгууд надад маш төвөгтэй санагддаг. Бас арайхийн замаа мэдрээд явж байхад гэнэт нөгөө зам нь алга болчихно. Энэ үед нь хүнээс асуугаад л хүн байхгүй бол мөлхмөөр санагддаг.

Гэтэл барилга барьж байгаа газраас саравч хийгээд, замаараа баахан турба хийчихнэ. Энэ бол таягаар мэдрэхэд маш хэцүү. Товгор хэсгийн зам гэнэт таарвал гэдэс рүү хатгана. Жирэмсэн байхдаа гэдэс рүү хатгаад хүүхэд нь зулбачихсан тохиолдол хүртэл байдаг. Бас гэрлэн дохиогоор зам хөндлөн гарахдаа би маш их айдаг. Ямар гэрэл асаж байгааг мэдэхгүй шүү дээ. Манай хотод хоёр, гуравхан гарцан дээр л дуут дохиотой. Заримдаа бүр дуут дохиотой газраар гарч явахад хүртэл машин мөргөнө. Манай энэ урд зам дуут дохиотой болсон хэдий ч камер байхгүй учраас машинууд зогсож өгөхгүй. Нэг удаа би дохио дуугарахаар нь зам гарах гээд урагшаа алхтал машин ирээд хөл рүү минь мөргөчихсөн. Тэр хүн намайг дайрчхаад, үг хэлээр доромжилж байгаад л яваад өгсөн. Дээр нь бидэн шиг хүмүүс нийтийн тээврээр үйлчлүүлнэ гэсэн ойлголт бараг л байхгүй. Хаанаас ямар автобус ирж байгааг мэдэхгүй. Дотор нь ороод суухаар хаана буухаа мэддэггүй. Ажилдаа явахдаа би байнга л таксийгаар үйлчлүүлдэг. Таксийгаар үйлчлүүлэх хүртэл маш төвөгтэй. Бид мөнгөний тоо мэдэрч чадахгүй үед илүү мөнгө авах, асуудал байнга л гарч байдаг. ” хэмээн учирлан ярилаа.

-ХӨТӨЧ ЗАМЫН ТОВГОР ХЭСЭГ, ӨНГӨ БҮР ӨӨРӨӨ МЭДЭЭЛЭЛ АГУУЛЖ БАЙДАГ

Ийнхүү тэдэнтэй ярилцсаар МХҮХ-ны байранд хүрлээ. МХҮХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатартай уулзаж мэдээлэл авсан юм.

-Монголд нийт хэдэн харааны бэрхшээлтэй иргэн байдгаас хэд нь танай холбоонд бүртгүүлсэн байдаг вэ?

-ХНХЯ-наас гаргасан 2018 оны статистик тоо судалгаагаар 11 мянга гаруй харааны бэрхшээлтэй иргэн бүртгэгдсэн байна. Үүнээс 9800 орчим нь манай байгууллагад бүртгэлтэй. Эдгээр хүмүүсийн 7000 орчим нь хөдөө, орон нутагт үлдсэн нь Улаанбаатар хотод амьдарч байгаа.

-Эдгээр иргэдийн хэд нь хөдөлмөр эрхэлж байна вэ? Хөдөлмөр эрхлэх нөхцөл нь хангалттай  байж чаддаг уу?

-Харааны бэрхшээлтэй иргэдийн 4 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Эдгээр иргэдийн олонх нь массаж хийх зэрэг хөдөлмөр эрхлэдэг. Хараагүй хүмүүсийг массажийн чиглэлээр ажиллах боломжийг нь манай холбооноос нээж өгсөн. Хамгийн анхны  массажийн төвийг 2007 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “Бэст массаж” нэртэй нээж байсан. Өнөөдрийн байдлаар энэ чиглэлийн 30 орчим төв ажиллаж байна. Массаж болон бусад хөдөлмөр эрхлэлтийн боловсролыг МХҮХ-ны дэргэдэх МСҮТ-ийн төвд бэлтгэн гаргадаг. Энэ төв нийт долоон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн үед манай холбоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэл дээр нэлээд анхаарч ажиллаж байна. Саяхан манай байгууллага Хөдөлмөрийн Биржтэй хамтран ажиллах болсон. Гэхдээ яг харааны бэрхшээлтэй иргэдээс төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа хүн цөөхөн байна.  Энэ нь ажил олгогч болон бусад хүмүүсийн хандлага нөлөөлж байгаа. Нөгөө талаасаа нийгмийн дэд бүтцийн хүртээмжийн асуудал яригдана. Эдгээр хүмүүс бие дааж нийгмийн амьдралд оролцоход боломж нь бүрдээгүй байгаатай холбоотой. Тухайлбал заавал гэр бүлийнхээ хэн нэгэнтэй хараат байдлаар гадагшаа гарах зэрэг асуудлууд тулгардаг.

-Харааны бэрхшээлтэй иргэдэд тулгараад байгаа асуудал эрүүл аюулгүй орчин буюу таны дээр дурдсан дэд бүтцийн асуудал болов уу?

-Сүүлийн үед төр засгаас харааны бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа хийдэг болчихжээ. Тухайлбал эдгээр хүмүүст зориулсан хөтөч замууд хийгдэж байгаа. Гэтэл энэ зам нь  яг стандартад нийцсэн зам болж чадахгүй байна. Хийж байгаа хүмүүс нь ойлголт багатай байгаа нь ажиглагддаг. Хөтөч замын товгор хэсэг, өнгө бүр өөрөө мэдээлэл агуулж байдаг. Жишээлбэл товруу нь шулуун байвал тухайн хүн таягаараа мэдрээд урд ямар нэг саадгүйгээр чөлөөтэй зорчих боломжтой гэсэн мэдээлэлтэй. Харин бөөрөнхий, цэгэн хэлбэртэй товруу нь урд саадтай, эсвэл зам өөр тийшээ салж байгааг илтгэдэг. Харин өнөөдрийн тавьж байгаа зам ихэвчлэн шулуун товруутай. Тэгээд л зам дээр олон саад тавьчихсан байдаг. Энэ асуудлаас болоод бие дааж явах боломжгүй, хэзээ аль уулзвар луу салах вэ? гэдгээ тодорхойлж чаддаггүй. Явж байгаад гэнэт саатай очоод тулчихдаг. Мөн авто машины гэрлэн дохиогоор гарахдаа дуут дохио байхгүйгээс болж гарч чадахгүй үлдэх зэрэг бэрхшээл байдаг. Сүүлд авто замын дуут дохио гарцан дээр хийгдсэн байсан. Энэ ажлаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй нийлээд хийвэл илүү үр дүнтэй байх болов уу гэж боддог.

-Эдгээр асуудалд танай холбооны зүгээс хүсэлт гаргасан уу?

-Бид хотын аль хэсэгт хараагүй хүн хамгийн их зорчиж байна тэр хэсэгт зам тавьж өгөөч гэсэн хүсэлтүүдийг тавьдаг. Жишээлбэл манай байгууллагын энд хараагүй хүмүүс зориулсан 48, 90 айлын орон сууц, сургалтын төвүүд байрлаж байгаа. Энд маш олон хараагүй хүмүүс ирдэг учраас энэ хэсгийн зам талбайг стандартын дагуу болгох хүсэлт гардаг. Гэтэл бас л тодорхой ажил хийгдэхгүй байна. Мөн 116-р сургууль орчим, Төв номын сан орчим зэрэг олноороо зорчиж байгаа газруудад орчныг нь сайжруулах шаардлагатай. Барилга байгууламж барих, зам талбайг ашиглах комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүд орж ажилладаг болсон. Бид барилга хүлээж авах газар дээр нь шууд очиход дэд бүтцийн асуудал нэлээд зөрчилтэй байдаг. Захиалагч, гүйцэтгэж  байгаа байгууллага, зураг төслийг нь баталсан газрууд нь тусгай зам талбайн талаар ойлголт байдаггүй. Өөрөөр хэлбэл тусгай зам талбай гаргалгүй зураг төслөө гаргаад түүгээрээ барилгаа барьчихсан хүртээмж муу байдаг. Бид хуулийн дагуу хүртээмжтэй байх санал гаргадаг ч гүйцэтгэж байгаа хүмүүс нь энгийн иргэд учраас стандартад нийцэхгүй тавьчихдаг тохиолдол их байна. Стандартын дагуу хийх гэхээр орон зай байхгүй. Тэгэхээр энд хот төлөвлөлтийн асуудал ч давхар анхаарах хэрэгтэй байгаа юм.

-Энэ жил явган хүний зам чөлөөлөх ажлын Нийслэлийн Захирагчийн Албанаас хэрэгжүүлж эхэлсэн. Та бүхэнд тус нэмэр болохоор ажил хийгдсэн үү?

-Ер нь нийтийн зам талбайгаар зорчих хэсэгт замд таарах саадууд их байдаг. Тухайлбал Сонгино хайрхан дүүргийн "Драгон" төв хүртэлх төв зам дагуу хөтөч зам хийчихсэн. Гэтэл яг тэр хөтөч замыг хаагаад зам дээр найман нэрийн барааны дэлгүүр барьчихсан байдаг. Баянзүрх дүүргийн 16-р хороолол, 13-р хороолол зэрэг хотын төв хэсгүүдэд маш их ТҮЦ, байна. Тэгж хөтөч замыг хааснаар нөгөө хүн маань явах чиг баримжаагаа алдчихдаг.

Харааны бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөж, ийн хязгаарлагдаж байна.  Саяхан нийслэл хотод нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлөх ажил хийгдэж, зөвшөөрөлгүй барьсан хайс, хашлагыг буулгаж байгаа гээд сүр дуулиантай мэдээлсэн. Зам засварын ажил жил бүр хийгддэг боловч, тодорхой үр дүнд хүрч чадахгүй хэвээр байна. Тухайлбал БЗД-т байрлах ХААЯ-ны замын урд шинээр баригдаж байгаа “Орчлон констракшн” ХХК-ийн барилгын урд хэсгийн хөтөч замыг мод тайруулаад хийчихсэн. Бөхийн өргөөний автобусны буудал дээрх хэсэгт хөтөч зам дээр дараалан барьсан ТҮЦ-нүүдтэй. Хотын төв хэсгийн зам ийм байхад захын хорооллын хэсэгт боломж үүнээс ч хязгаарлагдмал байна.

Энэ асуудлыг тодруулахаар Нийслэлийн Захирагчийн Албанаас тодруулга авсан юм.

Нийслэлийн Захирагчийн алба, тохижилтын дизайны асуудал хариуцсан мэргэжилтэн О.Оджаргал: “Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд байрласан явганаар зорчих хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй зорчих боломж нь хүндхэн байдаг. Нүдээ боогоод таяг бариад явбал налуулаг, хөтөч хавтангууд нь хангалттай эсэх нь учир дутагдалтай. Гэхдээ ирэх долоон сард Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дөрөвдүгээр чуулга уулзалт Улаанбаатар хотод болох гэж байна. Жил бүр энэ асуудал дээр анхаарч ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих хэсгийг нээлттэй стандартын дагуу 12см- 1метрийн уналттай хийх, хөтөч хавтангуудыг стандарт шаардлагын дагуу хийхээр ажиллаж байна. Энэ жилийн явган замыг чөлөөлөх ажил дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтарсан уулзалтыг зохион байгуулж, уулзалт хийж асуудлыг нь хэлэлцсэн. Уулзалтаар бид иргэдийн санал хүсэлтийг авч, хийж хэрэгжүүлж байгаа ажил дээрээ засаж сайжруулах ажлыг хийхээр төлөвлөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих хэсгийг чөлөөтэй нээлттэй байлгахын тулд 2967.5 мкв зам талбайг хийхээр ажиллаж байна. Мөн 2019 оны Нийслэлийн засаг даргын А321, А322 захирамжаар орчны аюулгүй байдлыг хангах, явганаар зорчих хэсгийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг "Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар", "Газар зохион байгуулалтын алба"-наас шат дараатай явуулж байна. Ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 80-90 гарц гаргалгааг гаргуулж, тэргэнцэртэй иргэдийн зорчих хэсгийг нээлттэй болгох, хараагүй иргэдийн хөтөч хавтанг үргэлжилсэн хэлбэрээр шийдэж өгч, гудамжны эхлэл төгсгөл хэсэгт тодорхойлох хавтангуудыг тавьж өгсөн” гэлээ. Мөн тэрбээр барилга барих ажил хийгдэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зам талбайтай барилгыг хүлээж авах хэрэгтэй байгаад тодотгосон. Энэ талаар хэлэхдээ: “Барилга байгууламжийг хүлээж авахдаа хот төлөвлөлтийн албанаас хүн томилдоггүй. Гэтэл гадна тохижилтын ажил нь хангалтгүй байдаг” гэлээ

 

Б.Бадралмаа

Ардчилал.мн


Warning: fopen(/var/www/html/xac/ww.ser.mn/cache/e5a391160f7c870326a1d30189f11e1b.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.ser.mn/cache.php on line 29