МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАРВААЧДАД ЦОЛ ОЛГОЖ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгож, шагайн харвааны шагнал гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын цолны үнэмлэх, тэмдгийг нь гардуулсан юм. Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
40 сумнаас 37 онож түрүүлсэн Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, “Засагт хан” клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Баатарын Дашзэвэгт Монгол Улсын “Мэргэн” цол,
40 сумнаас 35 онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харваач, Монгол Улсын спортын дэд мастер Хорлоогийн Цогбаярт Монгол Улсын “Гарамгай харваач” цол,
40 сумнаас 35 онож гуравдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Монгол Улсын спортын мастер Нармандахын Алтансүхэд Монгол Улсын “Гоц харваач” цол тус тус олголоо.
Үндэсний сурын харваанд эмэгтэй харваачдаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
40 сумнаас 37 онож түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын уугуул, “Алдар ЖЕМ” багийн харваач Монгол Улсын мэргэн Дамирангийн Норжмаад Монгол Улсын “Даян мэргэн” цол олголоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваан төрөлд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн багийн тамирчдад шагнал гардууллаа. Шагайн харвааны тэргүүн байрыг Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн “Болд Төмөр Ерөө” ХХК-ийн баг, тамирчид эзэллээ. Хоёрдугаар байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай “Улаанбаатар төмөр зам”-ын баг, гуравдугаар байрт Монгол Улсын хошой мэргэн Д.Чүлтэм ахлагчтай Баянхонгор аймгийн баг тамирчид шалгарсан юм.