ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНААС 16 ШИНЭ ЦОЛТОН ТӨРӨВ

Энэ жилийн Улсын Их баяр наадмын Үндэсний сурын харваанд 580 харваач цэц мэргэнээ сорьсноос 16 шинэ цолтон төрөв.
Шинэ цолтнуудын нэг нь Говь-Алтай аймгаас Монгол Улсын мэргэн болсон, “Засаг Хан” клубын харваач, спортын мастер Б.Дашзэвэг бол Увс аймгаас Д.Норжмаа Монгол Улсын даян мэргэний цолны болзол хангалаа. Сурын ногоон талбайд тэдэнтэй уулзвал Б.Дашзэвэг, “Би 2012 онд 40 настайдаа анх нум эвшээлгэж сурсан. Анхны багш минь Монгол Улсын хүндэт мэргэн н.Батмөнх. Манай Алтай нутгаас мэргэн төрөөгүй олон жил болсон. Сурын харваанд орсон цагаасаа хойш манай нутгийнхан нэгдэж сурын гал байгуулдаггүй юм байхдаа гэж боддог байлаа. Тэгээд өнгөрсөн жил аймгийнхаа “Засагт хан” клубыг байгуулсан. Олон хүний сэтгэл зүтгэлээр манай аймаг өнөөдөр шинэ мэргэнээ өлгийдөж авлаа. Азтай одтой сайхан наадлаа. Хүмүүсийн оноо тоолох сөхөөгүй л наадлаа” гэсэн бол Их Баяр наадмын Үндэсний эмэгтэй сурын түрүү харваачаар тодорсон Увс аймгийн Тэс сумын харъяат Д.Норжмаа, “20 жил сур харваагаар хичээллэж Монгол Улсын Даян мэргэн цолны болзол хангасандаа баяртай байна. Бороо хуртай өвөрмөц наадам боллоо. Эхний өдөр бороо асгарсан хүндхэн нөхцөлд харваагаа эхлүүлсэн. Цаг агаарын нөхцлийг даван туулж үндэснийхээ их баяр наадмын магнай болсондоо баяртай байна. Миний хувьд олон юм бодож амжсангүй, түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Сумаа зөв тавья, алдаа гаргахгүй байя гэж хичээсний хүчинд санасандаа хүрлээ. Би олон жил үзүүрлэсэн. Таван жил түрүү байрын төлөө товхолсон. Өнгөрөгч хавраас хойш олон уралдаан тэмцээнд оролцож энэ жилийн наадмын бэлтгэлээ чамгүй сайн базаасан” гэв. Тэрээр 2007 онд түрүүлж Мэргэн цолны болзол хангаж байв.
Б.Болд