У.Хүрэлсүх: Солонгос руу зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар ярилцана

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар энэ сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ.

Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлалын зорилго нь “гуравдагч хөрш” БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна.

Айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн айлчлалын үеэр БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны  асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монгол, Солонгосын Бизнес форумд оролцож, БНСУ-ын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө. Түүнчлэн БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзах аж.